Финланд улс боловсролын чанараар дэлхийд өндөрт үнэлэгдэж, сурагчид нь олон улсын зэрэглэл тогтоох шалгалтад үргэлж эхний байруудад орсоор ирсэн билээ. 5.5 сая гаруй хүн амтай тус улсын боловсролын системийн онцлогийг танилцуулж байна.   

ӨРСӨЛДӨӨН БИШ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЧУХАЛЧИЛДАГ

Финланд улс боловсролын салбартаа шинэчлэл хийгээд 50-аад жил өнгөрч байна. Тус улсын эрх баригчид хэт төвлөрсөн системийг халж, сургуулиудад эрх мэдлийг шилжүүлсэн юм.

Тэд нэгдсэн улсын шалгалтын тоог эрс багасгаж ганцхан удаа ерөнхий жишиг шалгалтыг авдаг болсон байна. Тодруулбал, сурагчид ахлах сургуулиа төгсөхдөө “National Matriculation Examination”, гэх ганц шалгалтыг өгдөг юм.

Финландад багш нар нь сурагчдаа үнэлдэг. Өөрөөр хэлбэл, багш нар өөрсдөө хүүхдүүдийнхээ онцлогт тохирсон шалгалтыг боловсруулж авдаг. Ингэснээр сургуулиуд болон сурагчдын дунд харьцуулах, өрсөлдүүлэх явдал байхгүй болсон байна. 

Боловсролын салбарт нарийн мэргэшсэн профессор Паси Сахлберг хэлэхдээ тус шалгалт нь маргаантай, төвөгтэй сэдвүүдээс аль болох зайлсхийдэг гэжээ. 

Тухайлбал,

“Аз жаргал, сайн сайхан амьдралын талаарх чиний ойлголт юу вэ”“Карл Маркс, Фридрих Энгельс нар социалист хувьсгал эхлээд Их Британи шиг орнуудад болно гэж таамаглаж байсан. Маркс болон Энгельс нарыг ингэж бодоход юу хүргэсэн бэ? Яагаад социалист хөдөлгөөн Орост болсон бэ” зэрэг асуултуудыг шалгалтад оруулдаг гэнэ.

Сахлберг “Washington Post”-д өгсөн ярилцлагадаа “Сурагчид түүх, улс орнуудын хувьсгал, хөгжил, улс төрийн асуудал, зөв хооллолт, спортын ёс зүй, дайн, хүчирхийлэл, бэлгийн харилцаа, хөгжим зэрэг өргөн сэдвүүдийн хүрээнд тулгардаг асуудалтай хэрхэн зохицох талаарх асуултуудад хариулдаг” гэсэн юм.       

СУРАГЧДЫГ ЭХНИЙ ЗУРГААН ЖИЛ ДҮГНЭДЭГГҮЙ

Финланд хүүхдүүд 7 настайгаасаа сургуульд явж эхэлдэг бөгөөд нэг анги дунджаар 19 хүүхэдтэй. Сурагчид өсвөр нас хүртлээ маш бага цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг. Сургуульд элсэн орсон бага ангийн хүүхдүүдийн эхний зургаан жилийг дүгнэдэггүй.

Тус улсын хуулинд багш нар 45 минут хичээл заасан бол хүүхдүүдийг 15 минут амраах ёстой талаар заасан байдаг. Сурагчид 15 минутын завсарлага авснаар хичээлээ илүү сайн хийж, бүтээмж нь сайжирдаг гэнэ.

Тэд сурагчдаас олон төрлийн шалгалт авч, юм цээжлүүлж, гэрийн даалгавраар дарах бус аль болох удаан хугацаанд хүүхэд хэвээр нь аз жаргалтай байлгахыг хүсдэг. Хүүхдүүдийн гадаа тоглох цаг нь суралцах цагаас их байдаг. Учир нь тэдний гэртээ өнгөрүүлэх хугацаа нь зөвхөн гэр бүлтэйгээ байхад зориулагдсан цаг гэж үздэг аж.

Финландын боловсролын системийн гол тулгуур нь багш, сурагч, эцэг эхийн харилцан ойлголцол дээр тогтдог. Тийм ч учраас тус улсад хамгийн сул болон хамгийн сайн сурлагатай хүүхдүүдийн үнэлгээний зөрүү дэлхий дээр хамгийн багад тооцогддог.


БАГШЛАХ НЬ ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ МЭРГЭЖЛҮҮДИЙН НЭГ

Финландад багш нар эмч, хуульчидтай адил өндөр түвшинд үнэлэгддэг. Тус улсад багш болохын тулд мэргэжилтнүүд заавал магистрийн зэрэг хамгаалах хэрэгтэй бөгөөд АНУ-ын анагаах ухааны резидент хөтөлбөртэй адил хэмжээний хөтөлбөрийг дүүргэсэн байх шаардлагатай.

Багш нарыг дээд сургууль төгссөн шилдэг төгсөгчдөөс сонгон шалгаруулж авдаг гэнэ. Мөн багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахын тулд байнга төрөөс дэмждэг.

Финландад багш нар өдөрт бага цагаар хичээл заадаг ч, хичээлийн төлөвлөгөө боловсруулж, өөрийгөө хөгжүүлэхэд ихэнх цагаа зарцуулдаг байна. 

Паси Сахлберг Колумбиа их сургуулийн багш нарын коллежийн уулзалтад оролцохдоо “Финландад хариуцлага гэсэн ойлголт байхгүй. Учир нь багш нар ямар ч өрсөлдөөнгүйгээр бүхнийг сайн хийнэ гэдэгт итгэлтэй байж болно” гэжээ.


СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ ГЭСЭН ДАРАМТ БАЙХГҮЙ

Финландад бүх шатны сургуулиуд үнэ төлбөргүй байдаг бөгөөд улсын төсвөөс санхүүждэг. Тус улсад хувийн сургууль байдаггүй. Зөвхөн бакалавр бус магистр, докторын хөтөлбөрт ч мөн адил улсаас бүх төлбөрийг даадаг.

Ингэснээр сурагчид төлбөрөө хэрхэн төлөх вэ гэдэг дарамтаас салдаг. Финландын иргэд бүгд тэгш боловсрол эзэмших боломжтой гэсэн үг.

Сахлберг "Дээд боловсрол эзэмших нь нэг талаараа хүний эрх. Энэхүү эрхийг хангаснаар нийгмийг тэнцвэржүүлж өгдөг" гэжээ.


ФИНЛАНДАД СУДЛААЧДЫН ҮГ ҮНЭ ЦЭНЭТЭЙ

Финландад судлаачдын хийсэн судалгаа улс төрөөс ангид байдаг. Хэрвээ тус судалгаа үнэхээр боловсролын салбарт хөгжил дэвшил авчрах тохиолдолд засгийн газар хэрэгжүүлдэг.

Хамгийн гол нь судлаачдыг сонссоноор шийдвэр гаргагч нар нь гадны хүч буюу мөнгө төгрөг, улс төрийн нөлөөнд ордоггүй. Финландад багш нар өөрсдийн жижиг лабораторийг ажиллуулж судалгаа явуулдаг байна.

Эх сурвалж: Independent.co, Weforum, Business inside