П.Мөнгөнсор
09 сарын 05, 2024
Хүүхдүүдийг баяр жаргалтай сургахыг эрхэм зорилгоо болгосон “СИСҮ Улаанбаатар” сургууль энэ хичээлийн жилээс үйл ажиллагааг өргөжүүлж, дунд ангийн сурагчдаа хүлээн авчээ.
Энэ утгаараа дэлхийн өнцөг булан бүрээс туршлагатай багш нарыг урьж, сурагчдадаа соёлын олон талт байдлыг танин мэдүүлэхийг зорьж байгаа аж. Энэ талаар тус сургуулийн дэд захирал Г.Гандолгор, англи хэлний багш Жакоб нартай ярилцлаа.
Г.Гандолгор: Манай сургууль СИСҮ гэсэн онцгой хөтөлбөртэй
-“СИСҮ Улаанбаатар” сургууль байгуулагдаад жилийн хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд гарсан амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн жил анхны элсэлтээ авч байхад эцэг эхчүүд Финландын боловсролын системийн онцлогийг сайн мэддэггүй байлаа. Хичээлийн агуулга, заах арга барилаас эхлээд уламжлалт системээс ялгаатай зүйл олон бий. Тиймдээ ч манай хамт олон дэлхийн боловсролын салбарт жишиг болж буй Финланд сургалтын арга зүйг Монголд нутагшуулахаар хичээн ажиллаж, амжилттай нэг жилийг үдлээ хэмээн дүгнэж сууна.
-Финланд арга барил монгол сурагчдад хэр тохирч байна вэ?
-Финланд сургуулиуд сурагчдаа маш чөлөөтэй байлгаж, гүйлгэж, тоглуулах замаар сургадаг. Харин монгол хүүхдүүдийн хувьд энэ төрлийн аргад суралцаагүй байдаг учир хэт дураараа аашлах гээд байдаг талтай. Тиймээс бид анхлан суралцан буй хүүхдүүдийг орчиндоо дасах, зөв тоглож сурахад нь бүхий л талаар дэмжин тусалдаг.
Өнгөрсөн жилийн хувьд хамгийн үр дүнтэй суралцсан нь нэгдүгээр ангийн бяцханууд. Англи хэлний ганц ч үсэг мэдэхгүй хүүхэд орж ирээд багш нартайгаа чөлөөтэй харилцдаг, хичээлээ ойлгодог болоод төгсөж байна.
-Дунд ангийн сурагчдад ямар арга барилаар хичээл заадаг вэ?
-Манай сургуулийг зөвхөн Финландын үндэсний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг гэж эндүүрдэг хүмүүс бий. Бид СИСҮ гэсэн онцгой хөтөлбөрөөр хичээллэдэг. Финланд Америк хосолсон хөтөлбөртэй гэсэн үг.
Бага ангийн хичээлийн 70-80 хувийг Финланд сургалтын арга барилаар заадаг бол дунд ангиас Америк болж өөрчлөгддөг. Тоглоомын арга зүйгээс илүү академик агуулга руу шилжиж байна гэж ойлгож болох юм.
Ирэх жил “СИСҮ Улаанбаатар” сургууль ахлах ангидаа элсэлтээ авна. Мөн л сурагчдынхаа нас сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар хөтөлбөрөө баяжуулж, ирээдүйд үнэ цэнтэй ур чадваруудыг заахаар төлөвлөж байна.
Жакоб: Их дээд сургуулийн академик орчинд суралцах суурь дунд ангид нь тавигддаг
Би боловсролын байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлагатай. Өмнө нь Америк, Япон, Хятад зэрэг орнуудад англи хэл зааж байлаа. Энэ жилээс “СИСҮ Улаанбаатар” сургуульд 6 дугаар анги даасан багшаар ажиллах гэж байна.
“СИСҮ Улаанбаатар” сургуулийн хичээлийн хөтөлбөрийн нэг онцлог нь хүүхдийг сэтгэн бодох, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ, анализ хийх чадвартай болгоход оршиж буй.
Ингэснээр хүүхдийн шүүн тунгаах сэтгэлгээ хөгжиж, ирээдүйд ирэх олон боломж, сорилтод бэлтгэлтэй байхад туслах билээ.
Дунд ангийн сурагчдын хувьд илүү академик түвшинд анхаарч, ирээдүйд их сургууль, коллежид ороход нь бэлтгэж эхэлдэг. Унших, бичих чадвар, математикийн хичээлийн агуулгаас эхлээд гүнзгийрч, илүү ахисан түвшинд хичээлүүдээ судалдаг. Мэдээж үүний хажуугаар багаар хамтран ажиллах, сахилга батыг төлөвшүүлэх зэргээр хүүхдийг бие хүн талаас нь хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.