Таны нууц гэж боддог орон зайг, таны чатыг хэн нэгэн хардаг юм биш биз. Та энэ талаар бодож үзсэн үү.         

Технологийн компаниуд Засгийн Газрын Хяналтын Өөрчлөлт эвслийн гишүүнчлэлээрээ дамжуулан Засгийн газрын хууль бус хяналт хүний эрхэд халдаж байгааг хүлээн зөвшөөрчээ. 

Энэ бол технологи хөгжих хэрээр хувь хүний нууцлал улам бүр ил болж байгаагийн нэг жишээ юм. Ялангуяа цар тахлын тархалтаас сэргийлэх зорилгоор улс орнууд иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг авах болсон. Энэ нь хувийн өгөгдлийг хүссэн бүхэн авах нөхцөл бүрдсэн, үүнээс үүдэн хүний эрхийн ямар ч зөрчил гарч болзошгүй гэдгийг хүний эрхийг хамгаалагчид онцлон хэлж байна. 

Манай улсад хувийн өгөгдлийг ашиглахтай холбоотой хуулийн зохицуулалт байдаггүй. Хэдийгээр хувь хүний нууцын тухай хуультай ч 1995 онд буюу цахим өөрчлөлт өрнөхөөс өмнө батлагдсан учраас төдийлэн шаардлага хангахгүй байгаа ажээ. 

Тиймээс иргэд өөрсдөө цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай юм. 

Орчин үеийн соёлт хүн бүр цахим орчинд бичиг үсэг тайлагдал буюу Digital literacy чадварыг эзэмших шаардлагатай тулж байна.

Digital literacy нь цахим орчинд зохистой бөгөөд аюулгүй байдлаар ашиглах мэдлэг, чадвар, хандлагыг хэлдэг.

Энэ асуудлаар Амгалан дэлхий ТББ-аас “Хувь өгөгдлийн ашиглалт ба мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт цахим уулзалт зохион байгууллаа.


/Монголын Эмнести Интенейшнл ТББ-ын гүйцэтгэх захирал/  Б.АЛТАНТУЯА:

Нийгмийн сүлжээнүүд Засгийн газар нь хувь хувь хүний мэдээллийг өгөөч гэж хүсэлт гаргахад дуртайяа гэрээ хийдэг байх нь



Шифрлэлт гэдэг нь бидний хувийн мэдээллийг хулгайлах цахим гэмт хэргүүдийг таслан зогсоож, бидний харилцаа холбоог хууль бусаар хянах Засгийн газрын үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг чухал зүйл. Иймээс хүний эрхийн байгууллагууд уг асуудалд анхаарал хандуулдаг.

Эмнести Интенейшнл хүний эрх ба шифрлэлттэй холбоотой асуудлаар технологийн 11 компанийг үнэлсэн байдаг. Ингэхдээ WhatsApp, Google, Snapchat зэрэг томоохон платформуудыг таван шалгуур үзүүлэлтийн дагуу жагсаалтыг гаргасан юм.

Дараах таван шалгуур үзүүлэлтийн дагуу технологийн компаниудын жагсаалтыг гаргажээ.

1.Компани нь хэрэглэгчдийн хувийн нууцтай байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг эрсдэлд оруулж буй аливаа халдлагыг эрсдэл гэж тооцон бодлого үйл ажиллагаандаа тусгасан уу? 

2. Компани нь төгсгөл хоорондын шифрлэлтийг автоматаар хэрэгжүүлдэг үү? 

3. Компани нь хувийн нууцлал алдагдах, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө нь халдлагад өртөж болох талаар хэрэглэгчиддээ ойлгуулдаг эсэх?

4. Үүнийг шифрлэлтийн тусламжтай хэрхэн шийдвэрлэдэг вэ? 

5.Компани нь хэрэглэгчдийн мэдээлэл дамжуулах Засгийн газрын шаардлагыг олон нийтэд ил тод болгодог эсэх Ямар хариу арга хэмжээ авдаг вэ? 

Энэхүү шалгуураас үзэхэд бидний хамгийн найдвартай гэж үздэг Viber гэхэд хувь хүний нууцлал 47 хувийн эрсдэлтэй гэж гарсан байна. Гэтэл энэхүү апп-ыг бид улс даяараа хэрэглэж байна шүү дээ. 

“Viber (Вайбер) нь хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахдаа хамгаалалт, шифрлэлтийг хэрэглэн аюулгүй байдлаа хангах бодлого хэрэглэдэг хэдий ч Эмнести хэрэглэгчдийн эрхийг хамгаалах бодлого хэрэгжүүлж байсан гэх нотолгоо олдоогүй юм. 

Үндсэндээ эдгээр платформууд Засгийн газар нь хувь хувь хүний мэдээллийг өгөөч гэж хүсэлт гаргахад дуртайяа гэрээ хийдэг байх нь.

Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Facebook-ийн мэссэнжерийг хамгийн олон буюу 1 тэрбум идэвхитэй хэрэглэгч ашигладаг. 

Фэйсүүк нь өөрийн Глобал Сүлжээний Санаачлага (GNI)-д нэгдсэн хүний хувийн нууц, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахаа мөн “хэрэглэгчдийн хувийн нууцтай байх эрхийг хамгаалахын тулд үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийнхээ эрхийг хамгаалах”-д амласан байдаг. Хувийн мэдээллийг хамгаалах үүднээс шифрлэлт гэх мэт арга хэмжээ авдаг гэж бичсэн ч удаа дараа гарсан явдлууд хувь хүний мэдээллийн нууцлалыг хангалттай хангаж байна гэж үзэхэд хангалтгүй байна.

Бид яах ёстой вэ?

Би хэдийгээр цахим хэрэглээгээрээ тэргүүлдэг ч цахим бичиг үсэг тайлагдалтын үзүүлэлт тун хангалтгүй. Тэгэхээр хүн болгон хувийн мэдээллийн аюулгүй байдлаа сахин хамгаалж, нэгэнт эрсдэлтэй учраас ядахдаа л нийгмийн сүлжээнд хувийн тохиргоогоо зөв хийхээ мэддэг байх ёстой. Төрөөс ч гэсэн иргэдийнхээ цахим боловсролд анхаарал хандуулах цаг нь болчихлоо. Европын холбооны улсууд энэ асуудалд анхаарч хууль гаргачихсан. Манай улс энэ талаар одоо л ярьж байна.


/Хуульч, судлаач/ Л.ГАЛБААТАР: 

Өгөгдлийг хамгаалах хууль батлах, мэдээллийн нууцлалыг бүрэн хангах шийдэл нэвтрүүлэх хэрэгтэй байна


Цар тахлын үед бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалах зорилгоор бидний бүхий л мэдээлэл бүртгэгдэж байна. Гэхдээ үүний ард маш том асуудал байгаа нь "Хувийн өгөгдлийн ашиглалт-эрх зүйн зохицуулалт” юм. Засгийн газраас ковидтой тэмцэх нэрийн дор иргэдийн хувийн өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах гэж буй нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. 

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх систем нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгихийг хориглосон зохицуулалтыг зөрчих үр дагавартай. Энэ мэдээллийг зөвхөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад ашиглаж байна уу аль нэгэн төрийн албан хаагч хэн нэгний мэдээллийг дураараа авч байгаа юм биз гэх мэт асуудал бий. Тийм учраас л өгөгдлийг хамгаалах хууль батлах, мэдээллийн нууцлалыг бүрэн хангах шийдэл нэвтрүүлэх хэрэгтэй байна


Бас нэг яригдах ёстой зүйл бол гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор царай таних камерыг суурилуулж, ашиглах нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчих үр дагавартай.Царай таних камер 80 хувийн магадлалтай ажилладаг. Гэтэл надтай төстэй царайтай хүнийг Галбаатар байна гэж эндүүрч таних магадлалтай. Гэтэл цагдаа камер тухайн хүнийг мөн гэж таньсан учраас байцааж таарна. 

Аргентинд төстэй төрхтэй хүнийг 6 өдөр байцаасан тохиолдол гарсан. Ингэж алдаа гардаг учраас царай таньдаг камерыг 100 хувь баталгаатай гэж үзэж болохгүй. Энэ төрлийн алдаанаас болоод технологийн компаниуд царай таних камеруудаа зарахаа больж эхэлж байна. Зарим улс орнуудад царай таних камерыг хориглож эхэлсэн.