МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас 3 дахь жилдээ зохион байгуулсан Гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалт шинэ үеийн бизнесийн ёс зүй, түүний чиг хандлага, компанийн хариуцлага, засаглал, менежмент, хамтын манлайлал, өөрчлөлт зэрэг тодорхой сэдвүүдийг энэ удаа онцлон хэлэлцлээ. Үүн дотроос хамтын манлайлал, ёс зүй энэ жилийн гол сэдэв төдийгүй дэвшилт санаачилга байлаа. Цаг үеийн "захиалга" ч энэ байсан гэж хэлж болохоор.

Амаргүй цаг үеийг ажил олгогчид, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалан туулж байна. Эдийн засаг сэргэх хүртэл тэд юу үзэж, туулахыг үнэндээ таашгүй. Хямрал зардлаа улам танахыг тэднээс шаардана. Урьдчилан хэлэхэд бэрх "уур амьсгал" ноёлно. Цар тахлын хязгаарлалтаас салсан ч дайны сүүдэр нөлөөлсөн хэвээр. 

Компанийн ашигт ажиллагаа, нийгмийн хариуцлага, хүний нөөц, хөрөнгө оруулалт нэн тэргүүнд чухалчлан үзэх асуудал мөн. Хэдий тийм боловч хүний эрхийн мэдрэмжтэй, байгаль орчинд ээлтэй, биет болон биет бус өв соёлд хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг чанар бизнесийн ээлжит хэмжүүр болж байна. Товчоор, ёс зүйтэй манлайлал гэвэл онох.

Ёс зүй, түүний үнэ цэнэ цар тахлын дараах бизнесийн төсөөллийг бүрэн эвдэж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдын эхний асуулт та хэр ёс зүйтэй бизнес эрхлэгч вэ. Тэд үүнийг л лавлахыг хүснэ. Ёс зүйтэй манлайлал бизнесийн ертөнцийг цаашид тодорхойлохоор байна. 

“EXECUTIVE SUMMIT 2023” нь “ӨӨРЧЛӨЛТӨӨР МАНЛАЙЛЪЯ” уриан дор бүтэн өдрийн турш болсон юм. Бизнесийн салбарын хүрээнд шийдвэр гаргаж, бодлого тодорхойлох эрхмүүд тус арга хэмжээний гол оролцогч. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээний үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн бол удаах нь "Сорилт& Өөрчлөлт" байлаа. Энэхүү сэдвээр Пенсильвани их сургууль, Вартон сургууль " -ийн профессор Кэти Милкмэн цахимаар ярилаа. Ганцаараа бус хамтдаа манлайлах, түүний чанар хэчнээн чухал, ач холбогдол өндөр болохыг  "Харвард Бизнес Сургууль, Паблишинг"-ийн Бүсийн захирал Пердийп Кумар энэ өдөр хэлэлцүүлсэн юм.

Арга хэмжээний эхний панел хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийн дарга Ж.Сүнжидмаа чиглүүлсэн юм. Түүний удирдсан энэхүү хэлэлцүүлэгт ТЭСО компанийн гүйцэтгэх захирал С.Болор, Худалдаа хөгжлийн банкны Олон улсын банкны газрын захирал Д.Бадруун, "Терра эксперсс" компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтанбагана, ХААН банкны Тогтвортой хөгжлийн захирал М.Мандахмягмар нар зочноор оролцож, "Бизнес моделын инноваци ба Тогтвортой хөгжил" сэдвээр өөрсдийн компанийн бодлого, байр сууриа хуваалцсан юм.

Хоёр дахь хэлэлцүүлэг "Хариуцлагатай бизнес эрхлэх нь: Зөв болон ухаалаг зүйл хийх нь" гэсэн нэртэй байв. Энэ хэсгийг "Тахь Ресурс" компанийн дэд захирал Н.Гансүх хөтөлж, "Lhamor" компанийн үүсгэн байгуулагч Д.Хулан, М-Си-Эс Холдинг компанийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр нар дээрх сэдвээр хэлэлцүүлгээ өрнүүллээ.

Үүнийг бататгаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн Олон улсын зөвлөх Ливио Сарандреа ээлжит илтгэлийг сонордуулсан юм.

Компанийн засаглал мөнхийн сэдэв. Хувийн хэвшил нь 30 гаруйхан жилийн түүхтэй, ганзагын наймаанаас дийлэнх нь эхэлсэн, хөл дээрээ боссон бизнест үе солигдож, гүйцэтгэх удирдлагууд улам залуужиж, шинэчлэгдэж байна. 

Тэдний мэдлэгт "хөрөнгө оруулалт" болох үүднээс Английн "Институт Директор "-ийн Бодлого & Компанийн засаглал хариуцсан захирал Рожер Баркер цахимаар оролцсон юм. 

Бизнесийн өнөөгийн ертөнцийн хурдтай өөрчлөлтөд дасан зохицох, ирж буй өөрчлөлтийг хэрхэн удирдах, хамтын манлайллыг бий болгох нь сорилт төдийгүй тодорхойгүй байдлыг үүсгээд байгаа. Олон улсын зөвлөх байгууллага Deloitte-ийн 2022 онд Топ компаниудын гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгаагаар, Тодорхойгүй байдал, Инфляц, Хамтын манлайлал, Талент менежмент нь тэдний өмнө тулгамдаж байгаа томоохон сорилтууд гэж үзсэн. 

"EXECUTIVE SUMMIT 2023” уулзалтын ээлжит хэлэлцүүлэг "Өөрчлөлтийг талентууд удирдах уу, удирдагчид манлайлах уу" сэдвээр үргэлжилсэн юм.