Европ руу үйлдэх тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэхийг шаардлаа

Б.Баясгалан
07 сарын 16, 2020

Европын 10 гаруй улсад гацсан 2500 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлж, ээлж дараалан жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тодруулбал Англи, Ирланд, Унгер, Герман, Франц, Латви, Швед зэрэг орнуудад буй монголчууд жагсаж байна. Эдгээрээс Бүгд Найрамдах Ирланд Улс (БНИУ) дахь жагсаалаас бэлтгэсэн мэдээллийг онцлон хүргэе. 

БНИУ-аас эх орондоо буцах  хүсэлтэй иргэд нэгдэж “Ирландаас ярьж байна” тайван жагсаалыг тус улсын нийслэл Дублин хотын төв талбайд зохион байгууллаа. Сургуулиа төгссөн оюутан залуус болон түр хугацаагаар зочлох визтэй очсон иргэд хил хааснаас хойш нийт таван сарын хугацаанд тус улсад гацаад буй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус улсаас нийт 10 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцжээ. 

Нөхцөл байдал хүнд байгаа учир Ирланд улсаас монгол буцах хүсэлтэй иргэд фэйсбүүк групп байгуулж нэгдсэнээр уг тайван жагсаалыг зохион байгуулав. 

Жагсаалд оролцогчид жагсаалаараа тус улсаас тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн тоо бага байгааг эсэргүүцэж, Европ руу үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх, тусгай үүргийн нислэгийн үнийг хямдруулах болон бусад шаардлагуудыг холбогдох байгууллагуудад хүргэхийг зорьжээ.  

Жагсаалд оролцогч зарим иргэний яриаг товчлон хүргэж байна.

Иргэн Д.Очгэрэл: 

Би нэгдүгээр сарын 9-нд Ирланд улсад түр хугацааны зочлох визтэй ирсэн. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө дансыг хоослоод өрөөлийн данс руу ороод аргацаалж байна. Миний хувьд санхүү болон эрүүл мэндийн асуудалтай, богино хугацааны виз дууссан гээд нутаг буцах хүсэлтээ гаргасан. Тусгай үүргийн нислэгт багтахын тулд холбогдоогүй, хүсэлт гаргаагүй газар гэж үнэндээ алга. Иргэд чинь туйлдаж байна. Монголын төр гадаадад олон сар гацсан иргэдийнхээ санхүүгийн дарамтаас хуваалцахыг шаардаж байна. 


Иргэн Б.Болд-Эрдэнэ: 

Европын 10 гаруй улсад гацсан нийт 2500 гаруй иргэнийг огт анхаарахгүй байна. Хил хааснаас хойшхи дөрвөн сарын хугацаанд 3-хан чартер нислэг ирсэн. 2500 гаруй хүний дунд шүү дээ. Жишээ нь, миний байгаа Ирланд улсаас хил хааснаас хойш 10-хан хүн л Монгол буцсан байна. Сүүлийн нислэгт ганцхан хүн авсан. Гэтэл эндээс 100 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд 5 дахь сартайгаа золгоод хүлээж сууна. Европын бусад орноосс мөн адил дунджаар 1-8 хүн л тусгай нислэгт багтаж байна. Европ руу үйлдэх нислэгээ нэмэгдүүлэхийг бид шаардаж байна. 


Иргэн Б.Ундрах:

Сургалтаар ирсэн. Гуравдугаар сард монгол руу буцах байсан боловч гацчихсан. Үнэхээр бухимдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд төр засгаас авч хэрэгжүүлж байгаа энэ худлаа шийдвэрүүдийг хараад үнэхээр бухимдаж байна. Хэнд нь үйлчлээд, хэнд үйлчилдэггүй дүрэм журам бэ. Монголын төр шударга бус, Улсын онцгой комисс ил тод бус байна. Шударга, ил тод байхыг бид шаардаж байна. Төр нь үндсэн хуулийнхаа дагуу иргэнээ хамгаалдаг, хууль нь ялгаварлалгүй тэгш үйлчилдэг хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдрахыг бид хүсч байна. 


Иргэн Б.Урансайхан: 

Би жирэмсэн. Сургалтаар ирээд дөрөвдүгээр сард буцах байсан. Өдөр ирэх тусам л хэцүүдэж байна. Ирланд их өндөр өртөгтэй улс. Богино хугацааны визтай учир визны хугацаа дууссан. Жирэмсний хяналтад ороогүй, эрүүл мэндийн үйлчилгээ одоо болтол авч чадаагүй байна. Ажил олж хийе гэхээр виз дууссан, мөн энэ улсад 600 мянга гаруй хүн ажилгүй болсон гэж сонссон. Надад ч ажил олдсонгүй. Тусгай үүргийн нислэг бүрт л хүсэлтээ өгсөн. Гэвч одоог хүртэл багтаж чадаагүй л байна. МИАТ компанийг тусгай үүргийн нислэгийн үнээ бууруулж, энгийн үнээр үйлчлэхийг шаардаж байна.


Иргэн Г.Баярцэцэг: 

Би оюутны визтэй. Визний хугацаа өнгөрсөн 5 дугаар сард дууссан. Хоёр үрдээ очих гээд буцах тийзээ гуравдугаар сард авсан байсан.  "Ээжээ онгоц ирээд байна та яагаад ирэхгүй байгаа юм бэ" гэж өдөр бүр асуух үрсээ хараад нулимсаа барьж дийлэхгүй юм. Үнэндээ л энэ төр засгийн харгис шийдвэрт гомдох, зэвүүцэх зэрэгцэж байна. Ирланд улсаас нийтдээ 10-хан хүн нутаг буцсан байна. Ирланд улсаас авах иргэдийнхээ тоог нэмэгдүүлэхийг шаардаж байна.


Иргэн Ч.Уян: 

Би энэ хавар сургуулиа төгссөн. Ирланд улсын Засгийн газраас түр хугацааны визтэй иргэдийн визний хугацааг 2 үе шаттайгаар буюу 3 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 20, 5 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 20-ныг хүртэл автоматаар сунгахаар шийдвэрлэсэн. Харин өчигдрийн шийдвэрээр 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахин сунгахгүй болохоо мэдэгдсэн. Тиймээс бид 7 дугаар сарын 20-ноос хойш хараар буюу бичиг баримтын зөрчилтэй иргэдийн тоонд орохоор болоод байна. Монгол Улс иргэддээ хилээ нээхийг шаардаж байна хэмээн тус улсаас эх орондоо бусах хүсэлтэй иргэд үзэл бодлоо илэрхийллээ.

Ирланд улсын хувьд ковид-19 халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 27-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш Засгийн газраас яаралтай алхмуудыг авч хэрэгжүүлснээр хүндхэн үеэ ардаа орхижээ. 

Энэ талаар  тус улсын Ерөнхий сайд Врадкар “Бид цар тахлын 2 дугаар давалгаанд бэлэн” хэмээн мэдэгдэж, хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар сулруулсан байна. Гэсэн хэдий ч эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн хувьд өдөр хоног өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрсээр байгааг “Ирландаас ярьж байна” тайван жагсаалд оролцогчид хэлж байлаа. 

Мөн Ирландад буй монголчууд Европид гацсан иргэдтэй цахимаар нэгджээ. Тэд хамтарсан шаардлагуудаа албан бичгээр Монгол Улсын Онцгой комисс болон холбогдох бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн байна. Цаашид энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол тухайн оршин суугаа улс орнуудынхаа Гадаад хэргийн яам болон хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандаж, төрийн ордных нь гадна суулт хийхээр төлөвлөжээ.

Цар тахлын үед харьд хаягдсан монголчууд жагсаж байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.