Пифагор “Хүүхдийг боловсролтой болгочихвол хүн шийтгэх шаардлагагүй болно” гэж хэлж байжээ. Энэ нь утгаараа хүүхдийн хүмүүжил болон сэтгэл зүйн эффектүүдтэй холбогдож байгаа юм. 

Бид өдөр тутмын амьдралдаа бусдын үзэл бодол, санааг сонсож өнгөрүүлдэг. Эцэг эх хүүхдийн харилцаа, ажлын байр, найз нөхдийн харилцаанаас үүдэх үр дүнг Голем эффект, Пигмалион эффектээр тайлбарлаж болох юм. 

Голем эффект нь хүнд сөрөг хүлээлт тавихад, сөрөг үр дүн гаргадаг.

Пигмалион эффект нь эерэг хүлээлтээр эерэг үр дүн авахыг хэлнэ. 

Энэ сэтгэл зүйн үзэгдэл нь ажлын байр, хүүхэд хүмүүжил, найз нөхдийн харилцаанд тогтмол явагддаг. Ялангуяа ажлын байранд үзүүлэх нөлөө нь маш өндөр байдаг гэж үздэг. 

Жишээлбэл, удирдлага-ажилтны харилцаа гэж байдаг. Байгууллага бүрт үзүүлэлт муу болон сайн ажилтан бий. 

Удирдлага үзүүлэлт муу ажилтанд сөрөг хүлээлт үүсгэхэд, тэр ажилтан хичнээн хичээж ажилласан ч хүлээлт өөрчлөгддөггүй бөгөөд, удирдлагын хандлагаас болж идэвхгүй, урам зориггүй болдог байна. Эцсийн үр дүн нь ажлаас гарах хүртэл нөлөө үзүүлдэг. 

Голем эффект нь хүүхдээ үргэлж шүүмжлэх, бусадтай харьцуулах, сонирхол хоббиг нь авч хэлэлцэхгүй байх, сонсохгүй байх нь хүүхдийн академик үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлдөг болохыг тайлбарладаг. 

Эцэг эх сөрөг хандах тусам  хүүхдийн бие даах байдал, өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх чадварт нь маш гүнзгий нөлөөлдөг. 

Пигмалион эффект нь эсрэгээрээ эерэг хүлээлт тавьснаар гарах үр дүн, үзүүлэлт нь эерэг болно гэх үзэгдэл юм. 

Пигмалион эцэг эхийг хүүхдийн амжилттай хүн болгож өсөх гол хүчин зүйлийн нэг гэж үздэг. 

Эцэг эхийн хүүхдэдээ өгч буй итгэл үнэмшил нь насан туршид нь сэтгэлгээнд гүн гүнзгий суудаг. Энэ нь хүүхдэд өөрийгөө аливаа зүйлд амжилт гаргах чадвартай гэсэн үнэмшлийг суулгаж өгдөг. Эерэг хүлээлттэй байна гэдэг нь хүүхдийг хий хоосон магтах биш, харин хүүхдэд өгч буй сэтгэл зүйн хандлага юм. Пигмалион эцэг эхчүүд голдуу хүүхдийнхээ давуу талд илүүтэй анхаарал хандуулж, түүнийг нь урамшуулдаг байна.