Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэлд МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Баясгалан
12 сарын 01, 2018

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан С.Пүрэвсүрэнтэй холбоотой, мөн түүний шалгагдаж буй залилангийн гэх хэргийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбогдуулан зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж байгаа тул дараах хэвлэлийн мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр Орон тооны бус зөвлөхүүдийг томилох тухай захирамж гаргаж, Самбуудоржийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилсон.

Мөн 2018 оны есдүгээр сард 21 дугаартай захирамж гаргаж Самбуудоржийн Пүрэвсүрэнг 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөлсөн болно.

Зарлигийн дагуу тухайн өдрөөс эхлэн Самбуудоржийн Пүрэвсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээнд оролцоогүй болно.

Иймд иргэн С.Пүрэвсүрэнтэй холбоотой аливаа үйлдэл, мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай ямар нэг холбоогүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.