УИХ-ын нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн.

Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд Засгийн газрыг огцруулах шаардлагагүй, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналд олонх нь нэгдсэн юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар хуралдаж Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Засгийн газар огцрох уу үлдэх үү гэдгийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх байсан ч чуулган хуралдаагүй. Учир нь чуулганы өмнө Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮ-тэй холбогдсон сайд нарыг чуулганы хуралдаанд оруулах, санал өгөх эсэхийг хэлэлцэнэ хэмээн завсарлага авсан. Гэвч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар Ёс зүйн дэд хороо, цаашлаад чуулган ч хуралдаагүй.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой. Хуулийн хүрээнд Засгийн газрыг огцруулах эсэхийг эцэслэн шийдэх сүүлийн өдөр нь ӨНӨӨДӨР юм.