Б.Анхилам
05 сарын 15, 2021
Судлаачид өнгөрөгч эринд амьдарч асан өвөг дээдсүүдийнхээ хоолны дэглэм, тэдний хоол боловсруулах системийн үр дүнд бий болсон “эртний” ялгадас дахь микробууд болоод тэдгээрийн архаг хууч өвчинд үзүүлэх нөлөөллийн холбоо хамаарлыг судалж эхэлжээ.
Энэ төрлийн судалгааны нь нэлээн ярвигтай бөгөөд байсхийгээд л ямар нэг бэрхшээлтэй тулгарах нь ердийн үзэгдэл. Учир нь хүний ялгадас олон жилийн настай олдох нь маш ховор юм. Гэвч судлаачид Мексик болоод АНУ-ын баруун өмнөд хэсгийн хуурай уур амьсгал бүхий газраас маш сайн хадгалагдсан 8 сорьц олсон байна. Тэдгээр сорьц нь 1000-2000 жилийн настай гэнэ.
Натур сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн судалгааны явцаас үзвэл, Бостон дахь Жослин Чихрийн шижин өвчин судлалын төвийн эрдэмтэд аж үйлдвэрлэлээс өмнө үеийн хүний ялгадас нь өнөөгийн хүний ялгадаснаас ялгаатай болохыг олж мэджээ.
Хүний ялгадаснаас олдох бактери, мөөгөнцөр, протоз болоод вирус нь бидний хоол боловсруулах эрхтний тогтолцоо, өвчинтэй хэрхэн тэмцэж, дархлалын систем хэрхэн ажилладаг болохыг илтгэж байдаг ажээ.
Харин тус эрдэмтэд эртний ялгадасны олон зуун микроб геномуудыг нийлүүлсний эцэст тэдгээр нь өнөөгийн хүмүүстэй харьцуулахад цардуулыг илүү сайн боловсруулж байгааг илрүүлсэн бөгөөд чихрийн шижин, жингийн илүүдэл, дархлалын системд үүсэж болох өвчлөл зэрэг архаг хууч өвчнийг эмчилж чадаж магадгүй юм гэж үзсэн байна.
Судлаачдын хэлж байгаагаар тухайн үеийн хүмүүс үйлдвэрийн аргаар боловсруулаагүй, өөрсдийн гараар бэлтгэсэн хүнсийг ихээр хэрэглэж, антибиотоик бүхий эмийн хэрэглээ багатай бас илүү хөдөлгөөнтэй амьдардаг байсан хэмээжээ.
Тус судалгааны зааварлагчдын нэг Александр Костичын хэлж байгаагаар, “Хэрэв микробууд үгүй бол бид эрт үед амьдарч байсан хүн төрөлхтний талаар мянга судлаад ч гүйцэд судалсан болохгүй. Харин одоо бид эдгээр микробуудаар хүний хоол боловсруулах тогтолцоог дахин загварчилж чадах юм” гэжээ.
Хэдийгээр судалгааны үр дүн эцэслэгдээгүй, одоо ч маш их зүйл судлах, шинжлэх шаардлагатай байгаа ч судалгааны багийн зүгээс АНУ-ын хүнс болоод эмийн албанаас тухайн микроб суулгах үйл явцыг зөвшөөрнө гэсэн найдлага тун өндөр байгаа гэнэ.
Одоогийн байдлаар эрдэмтдийн зүгээс хүний бие дэх микробыг эртний микробоор орлуулж байсан туршилт үгүй боловч Костичын мэдэгдсэнээр тэдний баг ямар төрлийн микробуудыг хүний биед оруулж болох талаар судлахаа мэдэгджээ.
Эх сурвалж: UNILAD
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.