“1000 иргэний эд хөрөнгө, амь нас хамаагүй юу” сурвалжлагын хоёр дахь дугаар            

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв, түүний ойролцоо амьдардаг нийт 1000 орчим иргэн нүүрсний их овоолго, үйлдвэрлэл, тээврийн өтгөн тоос шороо, дуу чимээн дунд 10 дахь жилдээ амьдарч байгааг бид өмнө нь өгүүлсэн. /ЭНД дарж уншина уу/.

Өдгөө Цанхийн нүүрсний овоолго нь тус багийн төвийн 800 метрт, ачаа тээврийн зогсоол нь  хагас км-т ойртоод байна.  

                                          

Ашигт малтмалын тухай хууль болоод ОУ-ын жишиг, хууль дүрмээр уурхайн нөлөөллийн бүсэд орсон иргэд, төв сууринг нүүлгэн шилжүүлэх, түүнтэй холбоотой зардлыг шийдвэрлэх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид бий. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК компани өөрийн уурхайн нөлөөлөлд орсон нутгийн иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар хоёр жилийн өмнө тодруулахад ийм хариу өгч байв.                            


НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЗАРДЛЫГ НУУЦ ГЭЭД МЭДЭЭЛДЭГГҮЙ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Амаржаргалын 2018 онд өгсөн хариу: 

"Ер нь Б.Ганхуяг захирал томилогдсоноос хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймаг, Цогтцэций сумтай анх удаа гурвалсан гэрээг 2018 оны тавдугаар сарын 8-нд  байгуулсан. Үүнээс өмнө нийгмийн хариуцлага тал дээр үнэхээр асуудалтай явж ирсэн юм билээ. Гэрээний хүрээнд нөлөөллийн бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Энэ ондоо нүүлгэн шилжүүлэлтийн үнэлгээг хийж дуусаад, ирэх 2019 онд нүүлгэхээр төлөвлөж байна" гэсэн юм.

Гэвч энэ хариулт ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрэв. Тиймээс ч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэд эрхээ хамгаалахын тулд ТББ байгуулж, түүгээрээ дамжуулан “Эрдэнэс-Тавантолгой” компаниас хэзээ, хэрхэн нүүлгэхийг лавлаж иржээ. Гэсэн ч “судалж байна” гэснээс өөр хариугүй өнөөдрийг хүрчээ.  

“Цагаан-Овоо хөдөлгөөн” ТББ-ийн тэргүүн Ж.АМАРСАНАА: Бид асуудлыг МУ-ын Ерөнхий сайдад ч тавьж байсан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д албан тоотоо 2019, 2020 онд өгсөн. Гэвч  судалж байна, тодорхойгүй байна гэсэн бөөрөнхийлсөн хариу өгдөг. Компанийн шийдвэр гаргадаг хүмүүстэй уулзах гэхээр биднийг хүлээж авдаггүй. Нүүлгэн шилжүүлэх зардлын тооцоо 2019 онд гарч дууссан ч нууцын зэрэглэлтэй гээд бидэнд танилцуулдаггүй.   

“Эрдэнэс Тавантолгой” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийн насаараа амьдарсан, бүтээж босгосон эд хөрөнгийг 2019 онд үнэлүүлсэн гэдэг ч өнөөдрийг хүртэл иргэд нь ямар ч мэдээлэлгүй, үнэлгээ бодитой болсон эсэхэд ч эргэлзсэн хэвээрээ байна. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  Засаг дарга О.БАДАРЧ: Багийн иргэдээс манай эд хөрөнгийг бага үнэлсэн гэдэг яриа гараад эхэлчихсэн байна лээ. Тэр нилээн зөрчилдөнө. Тухайлбал, Дамчаа гэдэг айл асар их ногоон байгууламж, ногооны талбайтай. Гэтэл тэр айл их л гомдолтой юм ярьж байна лээ. Үнэлгээ хийсэн улс иргэдтэйгээ сайхан харьцаж чадсан уу үгүй юу. Ний нуугүй ярихад, хөндлөнгөөс ажиглахад үнэлгээ хийсэн улсуудад сэтгэл дундуур байгаа.  

 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”, "ТАВАН ТОЛГОЙ" КОМПАНИ ХООРОНДОХ ТОХИРОО ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ

1991 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр Таван толгой тосгоныг түшиглэн байгуулагдсан Цагаан-Овоо багийн төвд орон нутгийн өмчит “Таван толгой” компанийн байр, ажиллагсдын орон сууц, цэцэрлэг бий. Тиймээс ч “Таван толгой”, “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн хоёр компанийн тохироо, яриа хэлэлцээ, үл ойлголцол нутгийн иргэдийн эрх зөрчигдөхөд нөлөөлж байгаа юм биш биз гэсэн хардлагыг  эрхгүй төрүүлдэг. Үүний хариултыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Таван толгой” ХК-ийн удирдлагуудаас авч албан ёсоор хүргэх нь асуудлыг сөхөж буй сэтгүүлч миний  үүрэг биз ээ.                       

                                 

“Эрдэнэс-Таван толгой” компани нь өөрсдийнх нь тодотголоор 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан Монголын анхдагч нь. ОУ-ын зах зээлд үнэт цаас гаргаж хөрөнгө татах гэж буй мөн анхны төрийн өмчит компани, 2019 оны “Шилдэг менежмент”-тэй аж ахуй нэгж. 

Тэгвэл нөгөө талд нутгийн мянга шахам иргэний, 100 хол давсан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг энэ их баялаг, цол гуншингийн “эзэд” золиослосоор байгаа нь юутай холбоотой вэ?... Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгөө хамгаалуулах үндсэн эрх нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 60 сая тн нүүрсний тоос тоосонцор, угаар, нүүрс тээвэрлэгч мянга мянган техникийн шороо, дуу чимээнд булагдаж,  гишгэгдэж байгааг төрийн эрхмүүд өмгөөлөх нь байтугай харин ч бие биенээ магтан дуулж, шагнаж суудаг нь ямар учиртай вэ?                   

Хоёр жилийн өмнө “Мартагдсан уу, шоовдорлогдсон уу” цуврал нийтлэлээрээ тавьж байсан асуултаа энд дахин тавъя. /Нэг дэх дугаарыг ЭНД, хоёр дахь дугаарыг ЭНД дарж уншина уу/

                                 

ТАРААЖ ЦАЦАХЫН ЖАРГАЛ РУУ ШУМБАСАН “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-Н  ОДОО ӨГӨХ ХАРИУЛТ СОНИРХОЛТОЙ

Өнгөрсөн жилүүдэд сэтгүүлч миний бие сурвалжилгийн явцдаа хамаарал бүхий нэг биш албан тушаалтнаас  “Ажлаа эхлээд удаагүй, иргэдэд тараасан хувь хишгийн өрийг дарсан, нүүрс үнэгүйдэж, зах зээл хумигдсан, компанийн удирдлага байн байн солигддог”  гэх мэт  өөрсдийгөө өмгөөлсөн хариуг нэг биш удаа сонсоод “эдгээр нь хүний эрхийг зөрчих шалтгаан мөн гэж үү...” гэсэн асуултыг 2018 онд өөртөө, бас хүний эрхийн мэргэжилтнүүдэд тавьж байв

Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК мөнгөгүйн, өр дарахын зовлонгоосоо ангижирч, тарааж цацахын жаргал руу шумбан оров. Тиймээс яг өнөөдөр өгөх хариу хамгаас чухал, бас сонирхолтой байна аа "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг аа... 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдтэй уулзахаар нүүрсний их түйрэн дунд амьдарч, амсаж буй зовлонгоо нулимсаа цийлэгнүүлж, хоолойгоо зангируулан байж тоочдог. Түүнийг сонсоогүй ч Цагаан Овоод хэдхэн цаг саатсан хэн ч бай нүүрсний овоолго, ачилга, тээврийн түйрэнг биеэрээ мэдэрнэ. Тэгээд яагаад нутгийхан асуудлаа тууштай, шаргуу гаргаж, хатуухан тэмцдэггүй юм бол гэж асуух биз та. 

Цагаан-Овоо баг орон нутгийн “Таван толгой” компанийг түшиглэн байгуулагдсан учраас олонх иргэд нь тус компанийн ажлаар хангагдаж, орлогождог. Тиймээс ч ажил, орлогоороо холбогдсон, хатуухандаа “барьцаалагдсан” тэд “Таван толгой” компанийнхаа шийдвэр, үг үйлдлийг хүлээдэг нь тодорхой. Харин “Таван толгой” компанийн тухайд ажлын төв байруудаа тааламжтай үнээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д борлуулчих тохироог хүлээж буй нь нууц биш. Ийм л тойрог дунд МУ-ын 1000 орчим иргэн, тэдний дотор 150 гаруй хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөөрөө цаашид хэр удаан хохирохыг мэдэхгүй.    

Нийтийн төлөө нэг хүний эрх ашгийг ч үл хохироох нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгмийн зарчим. Энэ бол Хүний эрхийн үндсэн зарчим. Дээр нь “хэнийг ч орхигдуулахгүй, тайван амгалан, хангалуун, эрх тэгш амьдрах боломжоор хангах нь өнөөгийн дэлхий нийтийн зорилго” болохыг НҮБ “Тогтвортой хөгжлийн зорилт”-оороо тунхагласан. Тогтвортой хөгжлийн энэхүү үндсэн үзэл баримтлалыг дэлхийн бусад орны адил манай улс ч хөгжлийнхөө бодлого, зарчим болгон мөрдөж буйгаа үйлдлээрээ харуулмаар байна аа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та. 


МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ, ОРЧНЫ БОХИРДОЛ, БАЙГАЛИЙН ТЭНЦЭЛ АЛДАГДАХААС ХАМГААЛУУЛАХ ҮНДСЭН ЭРХТЭЙ. 

Энэ эрхийг хангах, баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг УИХ, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, аймаг сумын ИТХ иргэдийнхээ өмнө хүлээдэг. Мөн төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК Үндсэн хуулийн заалтаар, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үүрэг хүлээх ёстой. 

Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 онд МУИС-ийн багш нарын хийсэн Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг үндэслэл бүрээр тайлбарласан байдаг.  

Хүний эрхийн үндэсний комиссын захиалгаар Бодлогын инновацийн хүрээлэн 2018 онд хийсэн судалгаанынхаа дүнд “Цагаан-Овоо багийн төвийн орчимд тоосжилт, усны, бэлчээрийн хомсдол, хүн машин тэрэгний дуу чимээ зэргээс үүссэн амьсгалын замын өвчин, төрөлтийн хүндрэл, харшил, зүрх судасны өвчин зэрэг нь жил ирэх бүр нэмэгдэж, тэр хэрээр иргэд нь сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсоор байна” гэсэн нь нэг л жишээ.  

 

СУДАЛГААНД СУМЫН ЦАГААН-ОВОО БАГИЙН ИРГЭДИЙН ТУХАЙ

“Цагаан-Овоо багийн иргэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхийн уурхайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Баруун Цанхийн уурхайн Техник, эдийн засгийн үндэслэл, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө зэрэг нэн чухал баримт бичгүүдтэй танилцаж, мэдээлэл авч байгаагүй, энэ талаар компани танилцуулга, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулаагүй байна.”  

“Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”  ХЭҮК. 

 2018 он.


Таван толгойн нүүрсний уурхай орчимд тоосжилт, агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ хамгийн их байгаа нь Цагаан-Овоо багийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлж,  ноцтой эрсдэл учруулж байна. Таван толгойн уурхай орчмын гүний усны түвшин буурч, одоо усны хомстолтой байгаагаас  Цагаан-Овоо багийн төвийн иргэд усны гачигдалд улам орох эрсдэлтэй

                                                 БОАЖЯ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн  “Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлан” 

2019 он.


СУДЛААЧИД ЦАГААН ОВОО БАГИЙН ИРГЭДИЙН ТАЛААР:

“МУ-ын засаг захиргааны анхан шатны нэгжийн нутаг дэвсгэр, түүнд харъяалагдах иргэдийн эрх ашиг нь аж ахуй нэгжийн хүсэл зоригоос дорд үзэгдэж байна. Энэ бол төр хүний эрхийг зөрчдөг сонгодог жишээ” 

                                                          “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Т.Саруул 


“Томоохон компаниуд нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх тохиолдолд амьжиргааг нь хамгаалах бодлого боловсруулж ажилладаг жишиг олон улсад бий.  Харамсалтай нь “Эрдэнэс таван толгой” компанид энэ талаарх ойлголт, эрмэлзэл бага байна. Энэ бол цэвэр тухайн компанийн хариуцлага”

                      Бодлогын инновацийн хүрээлэнгийн зөвлөх, Австралийн Күинсландын Их сургуулийн уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төвийн зочин судлаач Д.Бямбажав

 

“Нутгийн иргэдэд маргааш байшингаа бариад сайхан амьдарна  гэдэг итгэл алга байна. Энд эрүүл мэнд, орлогын асуудал ч гарч ирж байна. Энэ нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох асуудал”

“Хүний эрх хөгжил” төвийн тэргүүн, Г.Уранцоож


“Хойноос ирээд хот минийх” гэдэг нь болж байна. Уул нь орон нутагт стратегийн орд уурхай ажилласнаар нутгийн иргэд хохирох биш бусдаас түрүүнд ашиг хүртэж байх ёстой”

 Монгол Улсын гавьяат хуульч, ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж


Видео нэвтрүүлгийг хүргэж байна.