Эрчүүдэд илрэх сэтгэл гутралын шинж тэмдгүүд

Б.Анхилам
04 сарын 12, 2021

Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүйс, бэлгийн чиг хандлагатай байхаас үл хамааран хүмүүс амьдралынхаа аль нэг цаг үед сэтгэл гутрах өвчинтэй нүүр тулж үзсэн байдаг. 

АНУ-ын Өвчин хяналт, сэргийлэлтийн төвөөс гаргасан мэдээгээр эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь эрчүүдээс илүү өндөр үзүүлэлттэй байсан ч тус тоо бодит эсэх нь эргэлзээтэй юм. 

Учир нь нийгмийн болоод биологийн хүчин зүйлүүд эрчүүдийн сэтгэл гутралыг оношлоход хүндрэл учруулж байдаг. Мөн тэднийг өөрсдийн сэтгэл хөдлөлийг далдалснаар илүү эршүүд аяглаж байна гэж үзэх нь ч бий. 

Үүнээс улбаалан сэтгэл гутралын өвчний эрчүүдэд илрэх шинж тэмдгүүд эмэгтэйчүүдийнхээс өөр байдаг ба оношлоход арай хүнд байдаг гэнэ. 

Хэрэв та таны ойр дотнын хэн нэгэн сэтгэл гутрал өвчнөөр шаналж байж болох юм гэж бодож байвал дараах нийтлэлийг уншаад ямар шинж тэмдгүүд илэрдгийг нь мэдэж, ямар арга хэмжээ авч болох талаар уншиж танилцаарай.


Сэтгэл гутралын физиологийн шинж тэмдгүүд

Сэтгэл гутрал өвчнөөр өвчилсөн тохиолдолд эрчүүд нэн түрүүнд физиологийн зовиур мэдэрдэг. Хэдий энэ өвчин нь сэтгэцийн өвчин боловч даамжирваас биеийг зовиурлуулж өвтгөх нь бий. 

Мөн эрчүүд эмнэлэгт сэтгэцийн өвчлөлөөс болж бус физиологийн өвчлөлөөс шалтгаалан хандах нь элбэг.

Нийтлэг шинж тэмдгүүд:
- цээж хөндүүрлэх
- хоол боловсруулалтын асуудлууд (гэдэс дүүрэх, суулгах, гүйлгэх)
- бэлгийн сулрал болон бусад бэлгийн асуудлууд
- толгой өвдөх
- дааврын асуудлууд буюу тестостероний дутагдал
- зүрхний хэм түргэсэх, дэлсэх
- шалтгаангүй жин нэмэх эсхүл хасах


Сэтгэл гутралын сэтгэцийн шинж тэмдгүүд

Эрчүүдийн сэтгэцэд илрэх сэтгэл гутралын шинж тэмдгүүд эмэгтэйчүүдийнхээс ялгаатай байх бөгөөд энэ нь сэтгэл гутрал өвчнөөр оношлох явцыг хүндрүүлж байдаг. 

Гэсэн ч нийтлэг шинж тэмдгүүдийг авч үзвэл тэдгээр нь хүний сэтгэн бодох, мэдээлэл хүлээн авч, боловсруулах үйл явцад нөлөөлж, зан авир болоод сэтгэл хөдлөлд нь сөргөөр нөлөөлдөг байна.

Нийтлэг шинж тэмдгүүд:
- анхаарал төвлөрөлт сулрах, төвлөрч чадахгүйд хүрэх
- ой санамж муудах
- бодолд дарагдах
- нойрны асуудалтай болох, нойргүйдэлд орох
- амиа хорлох бодлууд төрөх


Сэтгэл гутралын сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд

Сэтгэл гутрал гэхээр хүмүүс ихэвчлэн маш их гунигтай хүнээр төсөөлдөг. Гэсэн ч гуниглах нь сэтгэл гутралаас улбаатай олон арван сэтгэл хөдлөлийн ердөө нэг нь юм.

Нийтлэг шинж тэмдгүүд:
- сандрал
- уур бухимдал
- түрэмгийлэл
- найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсдаасаа өөрийгөө тусгаарлах
- ямар ч найдах зүйл үгүй мэт санагдах
- гэр бүл, хүрээлэл, сонирхол болоод ажилдаа дургүйлхэх
- бэлгийн дур хүсэлгүй болох
- ядрах


Сэтгэл гутралын зан авирын шинж тэмдгүүд

Дээр дурдсан бүгд хувь хүний зан авирт шууд нөлөөлдөг. Ингэснээр таны дотнын хүн өөрийн сэтгэл зовнил, гутралын талаар ярихгүй байсан ч зан авирт нь гарч буй өөрчлөлт анзаарагдахуйц байж болно. 

Нийтлэг шинж тэмдгүүд:
- ажил хөдөлмөр, гэр бүл болоод бусад хувийн харилцаандаа үүрэг хүлээхээс төвөгшөөх
- эмийн зохисгүй хэрэглээ
- согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх
- эрсдэлтэй үйлдэл хийх, анхаарал болгоомжгүй жолоо барих, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
- нийгмээс тусгаарлагдах
- амиа хорлох оролдлого хийх


Яагаад эрчүүдийн хувьд сэтгэл гутрал өвчин оношлогддоггүй вэ?

Нийгмийн зүгээс эрчүүдийг багаас нь өөрсдийн сэтгэл хөдлөлөө нуун далдалж байхад сургадаг. Тиймээс нийгмийн тогтмол хэв маягийг биелүүлэхийг оролдохдоо ихэнх эрчүүд өөрсдийн сэтгэл хөдлөл, биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндээ золиосолдог байна.

Түүнчлэн эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, мэдлэг хомс байдал нь шинж тэмдгүүдээ анхаарахгүй өнгөрөхөд хүргэдэг гэнэ.

Сэтгэл гутрах өвчинтэй ч гэсэн шинж тэмдгийг нь анзаараагүйгээсээ болоод тусламж хайх гэж ч оролдож байгаагүй залуус байдаг бол нөгөөтээгүүр өөрсдийн шинж тэмдгийг таньсан ч бусдаас ирж болох шүүмжлэлээс эмээн өөрсдийн юу туулж байгаагаа ярихгүй байх нь бий ажээ.

Үр дүнд нь тэд өөрсдийгөө завгүй байлгахыг хичээж, анхаарлаа өөр зүйлст төвлөрүүлэхийг оролддог байна.

Сэтгэл гутрах өвчний шинж тэмдгийг эртхэн таньж, оношлуулснаар олон хүний амийг аврах боломжтой юм. Анхаарууштай нь эрчүүд ердөө нэг амиа хорлох оролдлого бус амиа хорлолт үйлдэх нь эмэгтэйчүүдтэй харьцуулбал гурваас дөрөв дахин их байдаг ба дэлхий дахинаа эрчүүдийн амиа хорлолт маш өндөр үзүүлэлттэй байдаг.


Сэтгэл гутралыг хэрхэн эмчилдэг вэ?

Сэтгэл гутралын өвчнийг ихэвчлэн ярилцлага болоод эм эмчилгээгээр эмчилдэг бөгөөд зарим тохиолдолд уг хоёр эмчилгээг хавсрах нь ч бий. Сэтгэцийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд хүн тус бүрчлэн өөр өөр эмчилгээ бичиж өгдөг. 

Сэтгэл гутрал нь хүнд шатанд ороогүй байгаа тохиолдолд ихэнх эрчүүд сэтгэл зүйчтэй цаг товлож, ярилцлага эмчилгээнд хамрагдахыг илүүд үздэг. Тус эмчилгээнд:
- танин мэдэхүйн зан авирын эмчилгээ
- хүн хоорондын харилцааны эмчилгээ
- асуудал шийдвэрлэх аргын эмчилгээ
- психодинамик эмчилгээ багтдаг. 
Тийнхүү эмийн эмчилгээ шаардлагатай бол хавсарч болно. 
Холбоотой сэдвүүд

сэтгэл гутрал депрэсс

Сэтгэгдэл бичих (4)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.