Баттулгын Сайнжаргал
03 сарын 24, 2021
Бага насны хүүхдийн оюун ухаан гайхалтай хурдан хөгждөг. Хүний амьдралын бүхий л хугацаанд тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе нь гурван нас хүртэл явагддаг аж. Найман нас хүртлээ харж, сонссон, сурсан зүйл нь мэргэжлээ тодорхойлох болон ирээдүйд амжилт гаргах эсэхийг тодорхойлдог байна.
Яагаад охид л барби, хөвгүүд машин гэж...
Машин, буу, гал тогооны хэрэгсэл гээд хүүхэд бүрт тоглох дуртай тоглоом бий. Эдгээр тоглоомыг тоглосноор хүүхэд барилгын ажилчин, жолооч эсвэл зөөгч болно гэсэн үг биш. Энэ нь зөвхөн тэдэнд хорвоо ертөнцтэй танилцах, амьдарч буй орчноо судлах зэрэг танин мэдэхүйн хүмүүжлийг суулгадаг. Гэсэн ч жендэрийн онцлогоос шалтгаалсан хэвшмэл ойлголтоос татгалзаж хүүхдэд ижил тэгш тоглоомын орчин бүрдүүлж өгөх нь зүйтэй тухай мэргэжилтнүүд сануулж эхэллээ. Тухайлбал Английн боловсролын сайд асан Элизабет Трусс “Тоглоом хүүхдийн ирээдүйн карьерт нөлөөлж болзошгүй. Жендэрийн онцлог бүхий тоглоомууд нь охидыг шинжлэх ухаан ч, математик сэтгэлгээнээс холдуулах эрсдэлтэй байна. Иймээс эцэг эхчүүд охидод ч гэсэн лего худалдаж авахыг сануулжээ.
Мөн энэ сэдвийн хүрээнд Роэхэмптоны их сургуулийн боловсролын профессор Бекки Фрэнсис “Тоглоом нь хүүхдэд юу хийх нь тохиромжтойг зааж мөн өөр өөр сэтгэлгээг суулгаж байдаг тухай тайлбарласан байна. Энэ нь цаашлаад тухайн хүүхдийн карьер, ажил мэргэжлийн сонголтод ч нөлөөлж болох тухай дурджээ.
Нийгэмд эзлэх байх суурь, цалингийн хувьд өндөр шинжлэх ухаан, инженер, технологийн салбарын мэргэжилтнүүдийн 80 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж байна гэсэн ОNS байгууллагын судалгаа гарсан. Үүнээс харахад дийлэнх эцэг эхчүүд охидод барби, хөвгүүдэд машин авч өгдөг буруу ойлголтоосоо салах цаг хэдийн болжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тоглоом сонгохдоо зөвхөн өнгө, үзэмжийг нь харах бус хүүхдийн тархины өсөлтөд эерэгээр нөлөөлж чадах эдгээр тоглоомоос сонголтоо хийгээрэй гэж зөвлөе.
Яагаад EQ чадвар чухал вэ?
Дийлэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ IQ буюу оюун ухааны чадварт түлхүү анхаардаг. Тэгвэл мөн EQ буюу сэтгэл хөдлөлийн чадварыг ч давхар хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
EQ буюу сэтгэл хөдлөлийн чадвар гэдгийг өөрийгөө мэдрэх, удирдах, хурцлах, бусдыг ойлгох, бусадтай харилцах гэсэн таван шинжээр тайлбарладаг. EQ чадвар сайтай хүүхэд хүсэл эрмэлзэлтэй болж, зорилгоо зөв тодорхойлж, бусдыг өрөвдөх, энэрэх сэтгэл нь жирийн хүнээс илт давуу болон төлөвшдөг байна.
Нялх хүүхдэд зориулсан тоглоом (0-2 нас)
Эхний жил бол хүүхдийн хувьд ямар нэгэн зүйлийн хайгуулд гарсантай адил юм. Гадаад орчноос маш олон мэдээллийг таван мэдрэхүйн тусламжтайгаар хүлээн авдаг.
Нялх хүүхэд тод өнгийн, аливаа амьтан эсвэл хүний гадаад төрхийг харуулж өгсөн мөн аялгуут тоглоомд илүү татагддаг. Жишээ дурдахад хүүхдэдээ хар бараан тоглоом түлхүү авч өгвөл хүүхдийг ганцаардмал, оюун санааны хувьд хойрго нэгэн болох зэрэг сөрөг нөлөөтэй. Иймээс жижиг зүйлсэд ч ач холбогдол өгөн сонголтоо хийх нь зүйтэй юм.
Энэ насны хүүхдэд тохирох хамгийн сайн тоглоом бол шажигнуур, чихмэл, жижиг хүүхэлдэй, хариу үйлдэлт тоглоом юм.
Балчир хүүхдэд зориулсан тоглоом (2-4 нас)
Балчир насанд хүүхэд хэлний мэдлэгийг хурдацтай сурч, гаднаас ирэх аюул ослын тухай тодорхой ойлголттой болдог байна. Мөн аливаа юмс, объектын байрлал, үйл ажиллагааг мэдэж эхэлдэг.
Энэ насны хүүхдэд тоглоом сонгохдоо хүүхдэд суралцах, сонголт хийх, асуудлыг шийдвэрлэх, өнгө ялгахад нь туслах сонголтыг хийгээрэй.
2-4 насны хүүхдэд хамгийн тохиромжтой тоглоом бол сэтгэл хөдлөлийг нь гаргаж өгсөн, ой тогтоолтын, зөөлөн, хүүхэлдэй зэрэг юм.
Цэцэрлэгийн насны хүүхдийн тоглоом (4-6 нас)
Цэцэрлэгийн насны хүүхдийн анхаарлын төвшин бага багаар хөгжиж эхэлдэг. Тэдэнд бүх юмс сонирхолтой сангдан эцэг эхдээ үргэлж элдэв асуулт тавьсаар байдаг. Мөн эргэн тойрны объектуудад туршилт хийж эхэлдэг тул тэдний бүтээлч байдал, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн тоглоом сонгох нь зүйтэй.
4-6 насны хүүхдэд хамгийн тохиромжтой тоглоом бол багийн ажиллагаа шаардсан, гал тогооны иж бүрдэл тоглоом, тааварт тоглоом, үгсийн сан нэмэх тоглоом, DIY буюу өөрөө угсарч, эвлүүлж хийдэг тоглоом багтана. Эдгээр бүх тоглоом нь тэдний уран сэтгэмжийг сайжруулахад чиглэсэн байх хэрэгтэй.
Сургуулийн насны хүүхдэд зориулсан тоглоом (6+ нас)
Сургуулийн насны хүүхэд хүрээлэн буй орчны талаар илүү их ойлголттой болж, янз бүрийн сэтгэл хөдлөлийн ялгааг ойлгож эхэлдэг.
Энэ насанд хүүхдийн сонирхол, авьяас , ургуулан бодох чадвар эрчимтэй хөгжиж эхэлдэг. Мөн уур бухимдал, баяр хөөр, уйтгар гуниг, өрөвдөх зэрэг сэтгэл хөдлөлийн олон шинжийг даван туулах шаардлагатай болдог. Иймээс эдгээр механизмыг зөв суурьтай суулгаж, зааж сургах төгс үе юм.
6-аас дээш насны хүүхдэд тоглоом сонгохдоо EQ ба IQ чадварыг нь хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, даалгаварт тоглоом, паззл зэргийг авч өгвөл тохиромжтой.
Хүүхдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, хамгийн дуртай зүйлээр нь дамжуулан нийгэмд бэлтгэх шалгарсан арга бол тоглоом. Мөн тоглоом хүүхдийг төлөвшүүлж, шинжлэх ухаанч сэтгэлгээ суулгаж, ирээдүйд гарч болох аливаа сорилтод сэтгэл зүйн хувьд бэлэн байхад тусалдаг багш юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.