Энэтхэг улс Хятадыг гүйцэж хүн амын тоогоороо тэргүүлж эхэллээ

Л.Дэлгэрмаа
04 сарын 25, 2023

Азийн орнууд сүүлийн 70 гаруй жилийн турш дэлхийн хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна.

Хүн амын тооллогын мэдээлэл, төрөлт, нас баралтын түвшин зэрэг олон талын хүчин зүйлийг харгалзан үздэг НҮБ-ын тооцооллоор Энэтхэг улс түүхэндээ анх удаа дэлхийн хамгийн олон хүн амтай улс болж бүртгэгдлээ. 

Харин 1950 оноос хойш хүн амын тоогоороо тэргүүлж байсан Хятад улсын хүн ам буурч эхэлсэн сонирхолтой статистик гарчээ. Хятадын ЗГ-аас олон хүүхэд төрүүлэхийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байгаа ч хангалттай үр дүн үзүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс тус улсын хүн ам энэ зууны эцэс гэхэд 1 тэрбумаас буурах магадлалтай гэнэ. 

Тэгвэл 30 жилийн дараа Энэтхэгийн хүн ам 1.7 тэрбумд болж дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Энэтхэг улсад өдөрт дунджаар 86,000 хүүхэд төрдөг бол Хятадад ойролцоогоор 49,900 хүүхэд төрдөг байна. 

Сонирхуулахад Энэтхэгт хүн ам зүйн тархан суурьшил харьцангуй жигд биш байгаа бөгөөд тус улсын хойд хэсэгт орших хамгийн ядуу, хөдөө аж ахуй эрхэлдэг Бихар, Уттар Прадеш зэрэг мужууд хүн амын өсөлтөөрөө тэргүүлж байгаа бол өмнөд хэсэгт орших илүү чинээлэг мужуудад хүн амын тоо харьцангуй тогтворжиж буурч эхэлжээ. Хойд болон өмнөд хэсгийн хүн амын өсөлтийн хуваагдал нь улс төрийн үр дагаварын нөлөөллөөс үүдэлтэй гэж үзэж буй.

Энэ оны арваннэгдүгээр сард дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрсэн билээ. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар хүн амын өсөлт 1950 оноос хойших хамгийн удаашралтай үе дээрээ явж байгаа аж.


Эх сурвалж: The Guardian

Холбоотой сэдвүүд

дэлхий хүн ам энэтхэг улс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.