Б.Баясгалан
07 сарын 05, 2018
Мексик улс энэ онд 41 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа тухай тус улсын аялал жуулчлалын сайд Энрике де ла Мадрид лхагва гарагт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Энэ онд түүхэнд байгаагүй хамгийн олон тооны жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа ба энэ нь эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Өнгөрсөн онд гадаадын 39.3 сая жуулчин манай улсад ирсэн нь хамгийн олон жуулчин татсан дэлхийн зургаа дахь улс болох боломж бүрдүүлсэн билээ” гэж тус улсын аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд тус улсыг сонгон аялах жуулчдын тоо огцом өссөн бөгөөд энэ онд төлөвлөөд буй жуулчдын тоо нь 2012 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна. Уг үзүүлэлт нь тогтмол өссөөр байвал хэдхэн жилийн дараа Мексикийн аялал жуулчлалын салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг эзлэх төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд тус улсын аялал жуулчлалын сайд Энрике де ла Мадрид “Манай улс энэ онд хамгийн олон жуулчин татсан дэлхийн тав дахь улс болно хэмээн найдаж байна” хэмээн тэмдэглээд Мексик орноор аялсан гадаадын жуулчдад талархал илэрхийлж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.