Х.Оргил
07 сарын 06, 2023
“Харилцааны асуудалтай байх тусам траума ихтэй байгаагийн шинж юм” гэж манай багш хэлдэг. Энэ киноны оргил цэг нь энэ байна. Траума эдгэрэл ингэж эхэлдэг. Өнгөрсний шархаа бодож сэдрээнэ, тэгээд өвдөлтөө эргэн мэдэрнэ. Эцэс нь энэ бүхэнд чи ямар ч буруугүй гэдгээ ойлгож, уучилна. Нулимс асгарна.
Өөрийгөө эхлээд уучилна. Дараа нь бусдыг. Өөрийгөө уучлахгүйгээр, өөрийгөө хайрлахгүйгээр шууд л бусдыг уучилна, бусдыг хайрлана гэдэг зүйл байдаггүй. Угаас тийм боломжгүй. Эхэндээ ойлгодоггүй байсан, сүүлдээ ойлгосон. Зарим зүйлийг уншиж биш, мэдэрч байж л ойлгодог юм билээ.
Заримдаа бидэнд бусдын дэмжлэг хэрэгтэй байдаг. Найз, багш, ментор, биднээс илүү оймс элээсэн амьдрал үзэж алдаж зовсон хүн, сэтгэл засалч гэх мэт.
Өнөөдөр та өөрийгөө жоохон онцгүйгээр мэдэрдэг байж болно. Хэн нэгэнтэй харилцааны асуудалтай санагдаж магадгүй.
Таны хүсээгүй дүр таны дотор байдаг. Та түүнээсээ болж өөрөө зовдог, бусдыг зовоодог байж болноо. Яагаад гэдгээ та өөрөө ч мэдэхгүй. Гэвч энэ бүхэн ихэвчлэн таны буруу биш байдаг гэдгийг та ойлгох ёстой… Одоо өөрийгөө уучла.
Өөрийгөө уучлах хамгийн хэцүү гэвч хийж байж чөлөөлөлт явагдаж, эдгэрч эхэлдэг.
Яг л энэ киноны энэ хэсэг шиг…
Бидний хүсээгүй буруу, онцгүй зан үйлдлүүд бидний далд ухамсраар хийгддэг ухамсаргүй үйлдлүүдийн үр дүн байдаг. Харин далд ухамсарт юу байдаг вэ гэвэл бидний хүүхэд насандаа авсан траума, сэтгэлийн гэмтэл нуугдсан байдаг. Бидний амьдрал түүгээр л удирдагддаг бөгөөд бидний харилцааны алдаа давтагдсаар байдаг.
Энэ нь биднийг зүгээр л өнгөрсний гацаанд орсон хүмүүс гэдгийг батлаж байгаа юм.
Бидний дотор ямар нэгэн юм, ямар нэг муухай хүнд зүйлс хуралдаж, хураагдсан байдаг. Түүний гадаад илрэл нь харилцааны зөрчил байдаг юм. Түүнийг тавьж явуулаагүй учраас зөрчил оршсоор байдаг.
“Харилцааны асуудалтай байх тусам траума ихтэй байгаагийн шинж юм” гэж сэтгэл заслийн багш Тархины фитнесс Болормаа көүч хэлснийг энэ мөчид санаж байна…
Тиймээ, зарим хүн бидний траумаг өдөөж, сэдрээж байдаг учраас тэдгээр хэсэг бүлэг хүмүүстэй бид харилцааны асуудалд ордог. Асуудал хүндрэх үед би харилцааг таслах эсвэл зугтаах хоёр л сонголттой нүүр тулж байсан. Хэрвээ бид өөрсдийн траумагаараа өдөөгдөж шийдвэр гаргаж байгаа бол ингэхээс өөр сайн арга байхгүй мэт санагддаг.
Энэ бол эго. Эго биднийг шудрага ёс эсвэл өшөө авалт гэсэн сонголт руу түлхдэг.
Дээрх бүх нөхцөл байдлын, миний мэдэх нэг шийдэл нь “УУЧЛАЛ” байдаг юм. Уучлал аливаа асуудлыг өөрийн эгогоор бус харин нөхцөл байдал өөрийнхөөрөө өрнөхийг хүлээн зөвшөөрч чаддаг болно.
“Уучлал бол ИТГЭЛ болон ЭНЭРЭНГҮЙ зоригтой байгаагийн үйлдэл юм.” — Опра хэлсэн байдаг бол Мартин Лютер Кинг "Уучлал бол хааяа л хийгддэг зүйл биш харин байнгын төлөв, хандлага юм" гэсэн байдаг.
Бас нэг арга нь “ХАЙР” юм. Нөхцөл болзолгүйгээр хайрлах хайр. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хайр.
Хэцүү хэцүү, уучлалыг өөртөө эхлээд хийх, хайрыг өөртөө эхлээд өгөх тийм ч амар биш… Уйлаан майлаан болно оо, болно. Гол нь эдгэрэх өөр сонголт байхгүй юм шиг санагддаг. Мэдрэмжийг гадагшлуулж байж эдгэрэл явагддаг. Бичээд, бусдад хуваалцаад, уйлаад гэх мэт… нэрээ нууцлаад ч болтугай хуваалцах хэрэгтэй.blindcare түүний төлөө бүтээгдсэн.
Netflix дээрээс trauma-тай холбоотой Homunculus гэдэг кино олж үзээрэй. Хүн хэрхэн эдгэрч, уучлал хэрхэн явагддагийг, траума хэрхэн эдгэрдгийг харж болно.
Уйлж байгаа хүнийг хараад битгийн уйланхай гэж хэлж байгаарай. Тэр хүмүүс уйлж чадахгүй бол сэтгэл хийгээд бие нь өвдөх болно. Нулимсаараа эдгэрч байдаг юм шүү. Огт уйлдаггүй гэдэг нь харин зоригтой чанга, хатуу гэсэн үг биш, түүний дотор сул дорой бяцхан охин, хүү айн чичирч байдаг гэдгийг дээрх киноноос үзэж болно. Би огт уйлж чаддаггүй хүн байсан. Уйлахгүй хатуу байхын тулд өөрийнхөө арьсыг хөхөртөл чимхдэг байсан санаанд оров. Харин одоо л уйлж сурч байна. Одоо л зөөлөрч байна. Одоо л хайрлаж сурч байна, одоо л эдгэрч эхэлж байна.
Л.Золзаяа
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.