ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт коронавирусын 18 тохиолдол батлагдсанаас 17 нь ойрын хавьтал, нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Ингэснээр монгол улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1.832 боллоо.

 Мөн 13 хүн эдгэрч гэртээ гарсанаар нийт эдгэрсэн 1.384, эмчлэгдэж байгаа 448, нас барсан 4 тохиолдол байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Долоо хоног бүр 500 гаруй ойрын хавьтлууд тогтоогдож байгаа нь хүн амын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой. Өмнө нь бид батлагдсан тохиолдлуудаа маш түргэн хугацаанд олж, тусгаарлаж байсан ч сүүлийн хоногуудад маш их тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор эерэг үзүүлэлтийн түвшинүүд нэмэгдэж байна" хэмээлээ. 

Мөн "Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэгдэх зөвшөөрөл авсан гурван вакцин байгаа. 

1. BioNTech-Pfizer

2. Moderna

3. Oxford/AstraZeneca юм. 

Эдгээр нь бүгд 2 тун хийж байж дархлаа тогтдог вакцинууд юм. Сүүлийн тунг хийлгэснээс хойш дор хаяж гурван долоо хоногийн дараа бүрэн дархлаа тогтдог” хэмээв.