Өчигдөр Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүлэн оруулсан байна. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэг, асуумж, халууныг нь хэмжиж үзсэн гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Термокамер болон эрүүл мэндийн асуумжаар 104 иргэнээс нэг зорчигч халуунтай байсан тул тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ тандалтыг нарийвчлан хийхээр болжээ. Халуурсан иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори луу илгээсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд сум бэлтгэл ажлыг хангах үүднээс гурван том зочид буудлыг чөлөөлж, зорчигчдыг ажиглалтад 14 хоног авахаар бэлтгэл ажлыг хангасан байсан гэв. Үлдсэн 103 иргэн эмчийн хяналтад, нэг иргэн тусгаарлалтад байна” гэлээ.

Сүүлийн үед Замын-Үүд болон бусад хилийн боомтуудаар хил нэвтрэх монголчуудын тоо нэмэгдсэн байна. Эх орондоо хил нэвтэрч буй иргэдийн хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөөгүй, мал амьтны захаар явсан, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг нь сэжигтэй тохиолдлуудыг тоог нэмж байна гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа. Иймд ЭМЯ болон ДЭМБ-аас гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэдэд уриаллаа.