Мүракамагийн зохиолуудын үндсэн цэс гэж хэлж болох далд шаналал, амиа хорлолт,  секс, битлзийн дуунууд, хөгжим, уран зохиол, порнограф, ижил хүйстэн, зүүд, төсөөлөл, ганцаардал цөм байна.

Долоон өөр өгүүллэг боловч  сэдэв агуулга нь хоорондоо холбоотой мета-роман маягийн юм. Үйл явдлыг уран сэтгэмжээр яаж ч зохиож болох тул  сэтгэлзүйн анализ нь сонирхолтой, үнэмшилтэй. Ганцаардлаас сексийн эрх чөлөө аварна. Дүрүүд нь жүжигчин, зохиолч, мэс заслийн эмч, хөгжимд дурлагч, уран зохиолд шимтэгч нар.Товчхондоо уран бүтээлч, урлаг сонирхогч ганцаардмал хүмүүс. 

Харин Мүраками янз бүрийн этгээд үйл явдал зохиож дүрүүдээ туршилтанд оруулжээ. Оюуны эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс сексээс чухам юуг эрэлхийлнэ вэ? Секс нь байгалийн жам, адгуусны зөн юм уу эсвэл хуял тачаалын шуналд автсан хүний цаана далд нууцлаг зан төрх, үл нууц оршиж байна уу?  

Нууц амрагийн харилцаа, дурлалгүй сексүүд гол өгүүлэмж нь. Нууц амрагийн явдлыг утга зохиолд ёс суртахууны алдаа, жигшил зэвүүцэл болгох нь олон. Харин Мүраками нууцлаг харилцааны хөшгийг сөхөж үзэхийг хүсчээ. Хайрын баталгаа нь секс юм уу, сексийн оршил нь хайр юм уу? Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан гарах үр дагаврыг сэтгэлзүйн үүднээс задлан шинжилж байна. Нууц харилцаа задрах аймшиг биш, нууцын цаана нууц орших нь тэсэж тэвчишгүй доромжлол аж. Хүнээс өөр хуял тачаалд дөрлүүлсэн нэг ч адгуус ч байхгүй. Ухамсарт, оюунт хүнийг мансууруулах сексийн шунал нь маханбодийн цэнгэл ч мөн, хайрын оргил хэсэг ч мөн.

Гэхдээ хайр гэдэг үл харагдах үелзлээр дамжиж буй сэтгэлийн холбоос. Секс бол бие махбодийн дур хүсэлд захирагдаж буй таашаалын нэг хэсэг.  Ганцаардлаас жинхэнэ аврагч нь секс бус хайр.  Нэг зохиолчийн гурваас илүү номыг унших хэрэггүй ээ гэдэг байх аа. Харин зохиолч "Эр хүн амьдралдаа хэдэн ч бүсгүйтэй учирлаа гээд тэр дундаас гурав нь л амьдралд утга учир нэмдэг" гэж байна. Явж явж энэ ном нууц амрагийн паян бус, жинхэнэ хайр сэтгэлийн тухай зохиол болж таарлаа. 

Эмсгүй шаналагч эрсийн тайтгарал нь сексээс авах ханамж таашаал. Гэвч хайрыг нөхөж чадахгүй. Тэр орон зай үүрд онгорхой хэвээр үлдэнэ. Тиймээс л хайр үнэ цэнтэй, оршихуйг тодорхойлогч хүч болж байна. Өгүүллэгийн үйл явдлуудын зангилаа тайлагдахгүй хэвээр үлдэж байна. Үйл явдал жинхнээсээ өрнөж байна уу, зүүд төсөөоөл, хийсвэрлэл болж хувирав уу гэдэг нь тодорхойгүй. Хөөрхий баатрын хувь заяа бүрхэг хэвээр. Гэхдээ үйл явдал дундаас сэтгэлзүйг нь нээж, шаналал зовиурыг мэдрүүлж, мэдрэмжийг амтлуулж байгаа болохоор санаа зовних хэрэггүй ч юм шиг. Яг л мэс заслийн эмч, задлангийн шинжээч шиг гярхай байгаа юм шүү.  Мүракамагийн онцлог нь бодит байдал, хийсвэрлэл хоёрыг маш сайн сүлж бичдэг, сэтгэлзүйгээр тоглож чаддаг зохиолч. Үүний тод жишээ нь "Эрэг дээрх Кафка" роман.  Нээх хачирхалтай дүр зураг явсаар нэг тийм ойлгомжгүй байдлаар төгсөх нь олонтаа. Гэвч уншигчид дуралсаар л байдаг. Нууцлаг юманд дуртай хойно.

"Хайрттайгаа сүүлчийн удаа уулзаж 

Хагацлын үгээ хэлэхдээ 

Хайр гэдгийг мэдэлгүй 

Хайнга зүрхтэй явснаа анзаарлаа"... 

Дурлаж дассан амрагаасаа үүрд хагацахдаа л хайрын мөн чанарыг ухаарч буй хүний сүүлчийн өчил. Эхнэрийхээ нууц амрагийг мэдэхгүй гэнэн тэнэг байснаас мэдээд зовж шаналж явсан нь дээр гэж үү?  Бүлэг хүүрнэлийн сүүлчийн "Эмсгүй эрс" өгүүллэгт бүхий л санаагаа зангидаж, дотоод сэтгэлийн зовлон шаналлын дуу хоолойг нэвт үзүүлсэн өчил юм.Эмсгүйгээр орших аргагүй, хайргүйгээр амьдрах аргагүй ганцаардаж мухардсан эрсийн зүрхний дуулал.

Роман урлаачийн уйгагүй чимхлүүр, нүсэр гэмээр дүрслэлүүдийг өгүүллэг бүрээс ажиглаж болно. Түүний зохиолуудын татах хүч нь үйл явдал хаашаа ч эргэж болзошгүй, учир битүүлэг байдагт оршино. Гэнэтийн, тохиолдлын, санамсаргүй мэт санагдах учралуудын цаанаа зүй тогтол буй. Түүний учир шалтгааныг хөөж олохоос илүү сэрэл, мэдрэмжийг уудалж төнхөх нь уншигчид зугаатай. Мянган жилийн өмнө ч хүмүүсийг ээрч зовоож байсан тэр мэдрэмжүүд одоо ч хэвээрээ байна. 

"Тоо чухал биш, тоолох нь бүр утгагүй. Хэзээ, хэдэн насандаа, хэрхэн учрах нь чухал биш, зүгээр л хэн нэгнийг чин зүрхнийхээ угаас хайрлах аваас тэр хүн чиний анхны бас сүүлийн  дахин давтагдашгүй хайр байх болно" 

Эхлэлээс төгсгөл хүртлээ явсан мета-романы үндсэн гол хэлэх гэсэн санаа нь энэ шүү дээ. Тэгэхээр "Эмсгүй эрс"-ийн ганцаардал, шаналалаар мөнгө, секс, дотно харьцаа аль нь ч хайрын үгээр илэрхийлэх аргагүй тэр мэдрэмжийг орлох аргагүй л гэсэн мэт. Жинхэнэ утга учиртай хайраа олоогүй цагт сэтгэл санааг тайтгаруулах ном, хөгжим, хөнгөн зугаа цэнгэл, секс аль нь ч байлаа эр, эмгүй ганцаардаж шаналсаар л байх болно. Хайрыг эр эмийн хооронд л байх ёстой дотно харилцаа, секс, хүүхэд, гэр бүл төдийгөөр хязгаарлаж болохгүй, өнгөт хүмүүсийн хайрыг ч хүлээн зөвшөөрөх ёстой юм байна гэсэн "ухаалаг" бодол төрлөө.