СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан. Гэвч “Карказ зураг” компанийн алдаанаас болж, гал тогоогүй хийгдсэн байна. Тус эмнэлгээр СХД-ийн 29, 30, 31 дүгээр хорооны иргэд үйлчлүүлэх ёстой. Иймээс дээрх компанийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан, алдааг бүрэн засах хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн. 

Тэрбээр “200 ортой эмнэлэг гал тогоогүй байж болохгүй. Эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагааны стандарт, чанарын дагуу үйл ажиллагаа явуулах ажлын байр зайлшгүй шаардлагатай. Сонгинохайрханчууддаа, ахмадууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээг тэгш үзүүлэх ёстой. Үүнд нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч ажиллана. Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлах, олон улсын түвшний чанар, стандартад нийцсэн, эмнэлгийн үйлчилгээ явуулах тохижилтыг заавал хийх ёстой. Цаашид барилгын салбарт, ялангуяа эмнэлгийн барилга, байгууламжийн ажилд хайнга хандаж байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж зарлах хэрэгтэй. Мөн Баянхошуу дэд төвийг орчин үеийн шийдэл бүхий төв байхын төлөө бодлого гаргаж ажиллаж байгаа. Эмнэлэг үйлчилгээний ажлыг улам эрчимжүүлж орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, компьютерын дэмжлэг үзүүлнэ. Өнөөдрийн хүнд нөхцөл байдлыг үүрч гарч байгаа хүмүүс бол эмч, эмнэлгийн салбарын хүмүүс. Хотын даргын хувьд та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ковидгүй Улаанбаатарын төлөө, ковидгүй зуны төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг уриалж байна” гэлээ.


СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “СХД-ийн Эрүүл мэндийн төвийн барилга нь стандартын бус, зочид буудлын зориулалттай барилга. Тус эмнэлэг СХД-ийн 33 хорооны 330 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 28 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг чиглүүлэхэд хамтарч ажилладаг. Манай байгууллагаар долоо хоногт давхардсан тоогоор 2000 гаруй иргэн үйлчлүүлдэг” гэлээ.    

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар СХД-ийн Эрүүл мэндийн төвд хэдэн тоног төхөөрөмж шинэчлэх шаардлага байгааг нарийвчлан гаргахыг СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханд үүрэг болголоо.