Нэгэн нэрд гарч амжаагүй байгаа агуу уран бүтээлчийн хэлсэн “Минимализм бол орчин цагийн гэгээрэл юм” гэсэн үгтэй бараг л санал нийлээд хоёр сар болов. Тэгээд тэр гэгээрэлд хөл нийлүүлэхээр сэтгэл шулуудав. 

Азаар нэг өдөр том хар цүнхээ хулгайчид зүсүүлсэн тэр өдрийн маргаашнаас нэгэн асуулт тавигдсанаар энэ бүхэн эхлэв. Юу ч хамаагүй чихдэг, юу ч хамаагүй багтдаг том хар цүнх минь. Түүнгүйгээр би өөрийнхөө амьдралыг яаж төсөөлөх билээ…

Дэвтэр, бал, шил, гоо сайхны хэрэглэл, доод тал нь хоёр ном, 2–3 ширхэг дэвтэр, зарим нэг жижиг хэмжээтэй ороолт хувцас, утас, түрийвч, хэрэг болж магадгүй бүх зүйлийг түүндээ багтаадаг байлаа… Яг л шидэт хайрцаг мэт.

Гэхдээ сул тал нь хэтэрхий хүнд. Ийш тийш чирч явахад мөр их өвдөнө. Харин нөхөртэйгээ хамт явж байгаа тохиолдолд бариулчихдаг болохоор тэр зовлонг их цөөхөн мэдэрдэг байж. Үнэндээ бол тэр дотор байгаа зүйлээс их цөөхнийг нь хэрэглэдэг байснаа сүүлд анзаарсан юм. Аль нэг нь байхгүй бол их хоосон мэдрэмж төрдөг тул хэрэг болж магадгүй гэж бодсон бүхнээ байлгахыг хүснэ.

Тэгээд хулгайд зүсүүлсэний маргааш нь орлох өөр том цүнх байгаагүй тул байсан жижиг хар цүнхэндээ яаж энэ бүгдийг багтаах вэ? гэсэн асуулт байлаа…

Хамгийн зөв шийдэл нь мэдээж хамгийн их хэрэг болох зүйлсүүдээ авч үлдээд бусдыг нь үлдээх явдал байлаа. Ийм байдалтай эхний сар өнгөрөхөд үнэхээр хэцүү байлаа. Хурдхан том цүнх олж авах минь…

Харин 2 дахь сараас анзаарсан зүйлс: Энэ жижиг хар цүнх надад үнэхээр таалагдаж эхэлж байв. Хөнгөхөн, авсаархан, яг хэрэгтэй зүйлс бүгд багтана. Байгаа зүйлээсээ таашаал авна гэдэг энэ үү? эсвэл яг үнэндээ хэрэглэгдэхгүй илүү ачаанаасаа хөнгөрч, түүнийгээ дагаад сэтгэл цэгцэрсэн үү… бүү мэд.

Иймэрхүү мэдрэмжтэй байх тэр үедээ Минимализм, минималист амьдралын талаар санамсаргүй TEDx ийн нэг бичлэг олж үзээд үнэхээр таалагдав.  Ингэж би санамсаргүйгээр минималист хэв маяг руу орсон байв.

Минималист байна гэдэг өөрт хэрэггүй зүйлсээсээ салж, хэрэгтэй бүхнээ үлдээж, илүү цөөхөн зүйлтэй илүү утга учиртай амьдрахыг хэлэх юм байна.

Яг үнэндээ таны хэрэг болж магадгүй гэж хадгаладаг тэдгээр зүйлс ихэнхидээ хэзээ ч хэрэг болдоггүй байна.

Ингээд дараа нь үнэхээр овоорсон их ном дэвтэр, бичиг цаас, хог новш овоорсон ширээгээ цэгцэлж янзлахаас эхлэв.

Тайлбар: Энэ зураг өөр зориулалтаар авагдсан. (Тэр цаана овоорсон ном гэхэд 3 эгнээ, хажууд нь хавтастай бичиг цаас бла бла зөндөө юм байв. Цэцэгний ард 2 ч шаазан баримал байлаа. )

Дараа нь ширээн дээрх зүйлсээ улам бүр багасгасаар байв.

Бүх зүйл хэрэг болчих юм шиг санагдаад, үнэхээр хаяж чадахгүй явсаар энэ ажил хоёр сар гаран үргэлжлэв. Харин өчигдөр л нэг Минималист киног үзэж, үнэхээр том цэвэрлэгээ хийлээ. Доторх шүүгээгээ цэвэрлэж нэг тор хог гаргаж хаяв.

Бас Youth Avenue ротаракт клубээсээ Gift Day өдөрлөгийг санаачлаж, хүмүүсийн өмсдөггүй хэрэггүй хувцаснуудыг цуглуулан, хэрэгтэй хүмүүст нь хүргэх ажиллагаанд оролцов. Энд огт өмсдөггүй ч өлгүүрт зай эзлэдэг 3 тор хувцас гарав.

Зүгээр л өөртөө байгаа бүхнээ яагаад байгааг, үнэхээр хэрэглэдэг билүү гэж асуу? Тийм гэсэн зүйлсээ авч үлдээд бусдыг нь бүгдийг нь хая, эсвэл хэрэг болох хүнд нь өг, бэлэглэ, зар. Дэлгүүр хэсэхдээ, худалдан авалт хийхээсээ өмнө энэ үнэхээр надад хэрэгтэй билүү? гэж асуу?

Хэт их материалист хэрэгцээг шүтэж, утга учиргүй худалдан авалт бүү хийгтүн. Энэ нь зүгээр л донтолт байх магадлалтай бөгөөд нөгөө талаас дотор байгаа хоосон орон зайгаа дүүргэх гэсэн ухамсаргүй үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

Минимализм бол эрх чөлөөний хязгаарлалт биш илүүдэл зүйлийн таналт юм.

Миний хувьд дөнгөж минималист болж эхэлж байна, учир нь би үүнийг зөв гэж боддог. Уучлаарай, 100 хувь минималист болчихоод энэ талаар бичнэ гэвэл дэндүү оройтох байх. Тиймээс хамтдаа минималист болох хүсэлтэй хүмүүст уриалга гарган ийн бичив. Зарим хүмүүс хоёр жилийн турш энэ амьдрал руу тэмүүлж, тэмцэж, илүүдэл өөрт хэрэггүй зүйлсээ танасаар л байна. Харин би дөнгөж гурав дахь сар дээрээ явж байна… Гэхдээ амьдралд минь байх ёстой зүйлс байж, байх ёсгүй зүйлс нь явж байгаад туйлын баяртай байна.

Илүү утга учиртай, илүү аз жаргалтай амьдарцгаая.

Х.Золзаяа