Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээг Жендэрийн хорооноос хийжээ.

Өмчлөлөө баримтжуулсан байдал нь эрэгтэйчүүдийнх 55 хувь байна

Монголын айл өрхүүдийн хувьд өнөөдөр хамгийн ач холбогдолтой байгаа үндсэн сууцны эзэмшлийг авч үзвэл нийт эрэгтэйчүүдийн 60 хувь, эмэгтэйчүүдийн 33 хувь нь сууцаа өөрсдөө өмчилдөг аж.

Харин өмчлөлөө баримтжуулсан байдал нь эрэгтэйчүүдийнх 55 хувь, эмэгтэйчүүдийнх 27 хувь байна.

Судалгаагаар сууц өмчлөлөө баримтжуулсан эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хотод 1.5 дахин, хөдөөд 3 дахин олон гарчээ 

Өмч хөрөнгө эзэмшил дэх жендэрийн ялгаа нь бизнес эрхлэх шийдвэр гаргах, санхүүгийн үйлчилгээ авахад ялгаатай байдлыг үүсгэж байна.


Гэр бүл ба жендэр

Гэрлэлт: 2005 оноос 2018 онд нэг жил дэх гэрлэлтийн тоо улсын хэмжээнд 1.4 дахин, харин цуцлалтын тоо 2.6 дахин нэмэгджээ. Дээрх хугацаанд гэрлэлтийн тоо Улаанбаатар хотод илүү нэмэгдэж, хангайн, төвийн болон зүүн бүсүүдэд гэрлэлтийн тоо буурч байгаа нь хөдөө орон нутаг эзгүйрэх чиг хандлагыг харуулж байна.

Гэрлээгүй малчдын хүйсийн харьцаа 2011 ба 2017 онд

   

Гэрлэлт цуцлалт: 2018 оны судалгаагаар 55 гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан хосууд аж. Үүнийг гэр бүлийн тогтвортой байдал алдагдсаны илрэл гэж судлаачид дүгнэж байна. 

2005 оны үед гэр бүл дэх зөрчлийн шалтгааны дунд архидалт давамгайлж, мөнгө санхүүгийн асуудал удаалж байсан бол 2012 оны судалгаагаар мөнгө санхүү зонхилох шалтгаан болжээ.

Гэр бүлийн байдал ийнхүү тогтворгүй болоход гадаадад ажиллах зэрэг амьдралын шинэ хэв маяг нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал гадаадад ажиллагчдын дундаж нас 31.3 бөгөөд олонхи нь залуу эрэгтэйчүүд байна. Гэтэл гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн өчүүхэн хэсэг нь (2012 оны судалгаагаар 1.8 хувь) гэр бүлээрээ, хүүхэд, садан төрлийн хамт амьдарч байгаа.

Жендэрийн зөрүү нь ихэссээр байна

Эрүүл мэндийн хүрээнд жендэрийн хувьд хамгийн анхаарал татсан асуудал бол эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү юм. 

Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 4.3 жилээр илүү насалж байгаа бол 2018 оны байдлаар Монгол Улсад 9.67 жил байна. Эмэгтэй эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1992 онд 4.19 байжээ. Гэвч 1995 -1998 онуудад эрэгтэйчүүдийн дундаж наслалт огцом буурсан нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс үүдсэн сөрөг үр дагаварын нөлөө байна. Харин 2000 оноос хойш дундаж наслалт тууштай нэмэгдэж байгаа ч жендэрийн зөрүү нь ихэссээр байна.

Дундаж наслалт 1992-2018 онд, хүйсээр

Эх сурвалж: Жендэрийн хороо