Тааз мэт ойлгогдсон квотын босго

Монгол улсын нийт 3.2 сая иргэний 52 хувь нь эмэгтэйчүүд. Азиас ардчилсан гэх тодотголтой цөөхөн улсын нэг Монголын иргэд сонгуульд өөрийгөө төлөөлөх нэгнийг сонгож, төрийн эрхийг дам барьдаг. 

Төлөөллийн зарчмаар ардчилсан сонгууль хийдэг улсын хувьд хүн амын 52 хувь нь эмэгтэйчүүд бол төрийн дээд байгууллагад, шийдвэр гаргах түвшинд ч мөн 50 хувьд тэд байх ёстой мэт. Гэвч өнөөгийн нөхцөл байдлын хувьд парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийн хувь 17.8 байна.Парламентын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь дэлхийн хэмжээнд 25, Азид 20.5 хувь байгаа бол ардчилсан Монгол улсад 17 хувь буюу дундажаас доогуур байна.

Эндээс улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд хүн амын тал хувийг бүрдүүлэгч эмэгтэй дуу хоолой дутагдаж байгааг харж болно. Үүнийг шийдвэрлэхэд улс орон бүр жендэрийн тэнцвэрийг хангахын тулд өөрсдийн зорилтыг дэвшүүлэн, дагалдах эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, төрийн санхүүжилтийн бодлоготой уях, суудал хадгалах зарчмаар шийдвэрлэж байна. Манай улсын хувьд “Улсын Их Хурлын сонгууль болон Орон нутгийн Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж заасан байдаг” ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байсаар байна. Гэхдээ энэ 20 хувь хамгийн багадаа гэж гаргаж өгсөн хувь болохоос арайхийн 20 хувьд хүргэхэд болно гэсэн үг биш шүү дээ. Улс төрийн намууд энэ хувийг тааз мэт ойлгож буй хандлага, нөгөө талаас квотыг давуулж нэр дэвшүүлсэн ч улс төрийн намд үзүүлэх төрийн дэмжлэг байдаггүй гэх мэт хариуцлагын механизмтай уялдуулж өгөөгүйгээс өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт гарахгүй байсаар ирэв. Үүнийг 1992 оны 5.3 хувийг эзлэх 4 эмэгтэй гишүүн, 2016 оны 17.1 хувийг эзлэх 13 эмэгтэй гишүүний тоо баталгаажуулж байна. 


Тэгш бус гарааны цэг

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн 2020 онд Монгол улсад хийсэн судалгаанд оролцогчдоос сонгуульт албан тушаалд өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн тоо яагаад цөөн байгаа талаар асуухад тэдний 75 хувь нь “Эмэгтэйчүүд ар гэрийн ажил, хүүхдээ асрах ажлуудад дарагдсан байдаг” гэж хариулсан байдаг.


Нөгөө талаас шийдвэр гаргах түвшинд оролцох эрхээ олж авахад хувь хүнээс санхүүгийн хувьд асар их хүчин чармайлтыг шаардаж байдаг. Тухайн намаас нэр дэвшиж буй хүн бүр дэнчингийн мөнгө өгч эрхээ олж авдаг бичигдээгүй дүрэм тогтсоор удлаа. Гэхдээ энэ мөнгийг өгснөөр зардал дуусна гэвэл үгүй. Сонгуулийн үеийн асар өндөр зардал цаана нь бий. Үүнээс гадна сонгогчдод ил гардаггүй зардлууд ч байгаа. УИХ-ын хэд хэдэн сонгуулийг хийсэн томсгосон мажоритар, одоогийн жижиг мажоритар тогтолцоо нь зардал гаргахаас аргагүй байдалд хүргэдэг. 2008 оны сонгуулийг хийсэн холимог сонгууль дээр ч намын жагсаалтад бичигдсэн гишүүд тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс их хэмжээтэй дэнчингийн мөнгийг намдаа өгсөн байдаг. 

2020 оны Сонгуулийн зардалд дүн шинжилгээ хийж үзэхэд сонгогдсон 76 гишүүний зарцуулсан мөнгөн дүн нийт сонгуулийн зардлын 40 хувийг (27.3 тэрбум төгрөг) эзэлж байсан бол үлдсэн 469 нэр дэвшигчийн нийт зардал 60 хувийг бүрдүүлж байна. Үүнээс харахад тоглоомын дүрэм мөнгөөр тогтоогдсоныг харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хэн илүү мөнгө гаргасан нь ялалт байгуулах магадлал өндөр байжээ.

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн орлогын тэгш бус байдал өндөр байдаг манай улсын хувьд дүрмээ мөнгөөр тогтоосон сонгуулиар дамжуулж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоно гэдэг бэрхшээлтэй.  



Эмэгтэйчүүд оролцсоноор төрийн бодлого чанартай болж, иргэндээ хүрдэг

Эмэгтэйчүүдийн оролцоотой баталсан аливаа шийдвэр нь нийгэмд тэгш байдлыг бий болгоход чухал үүрэгтэй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “Хөгжлийг бий болгоход эмэгтэйчүүдийг чадавхжуулахаас илүү үр дүнтэй арга хэрэгсэл үгүй гэдгийг дурдсан байдаг бол олон судалгаанд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд илүү их оролцсоноор төрийн бодлого шийдвэрүүд иргэндээ чиглэдэг гэдгийг онцолсон байдаг. Мэдээж, эрчүүд муу эмэгтэйчүүд сайн гэж байгаа хэрэг биш бөгөөд нийгмийг бүрдүүлэгч талууд тэгш оролцоотой байж гэмээнэ хөгжлийг хурдасгах энгийн логик энд бий.


Ковид-19 цар тахлаас үүдэн олон асуудалтай нүүр тулах шаардлага хүн төрөлхтөнд гарсан. Энэ үед эмэгтэй удирдагчтай улсууд илүү үр дүнтэй алхмууд хийж байсныг Шинэ Зеланд, Герман улсуудын жишээнээс харж болно. Манай улсын хувьд 2012 оноос өмнө буюу эмэгтэйчүүдийн оролцоо бага байх үед төсөв дэд бүтэц, барилгад гол төсвөө зарцуулдаг байсан бол 2016 оноос эхлэн эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнээр төсөв хэлэлцэх үед илүү хүн төвт буюу цэцэрлэг, сургуулийн төсөв нэмэгдэж, хүүхэд хамгаалалд чиглэсэн төсөв 13 тэрбумд хүрсэн олон олон сайн жишээ байгааг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ онцолсон юм. 


Жендэрийн мэдрэмжтэй төрийн санхүүжилт хэрэгтэй


Олон улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх урт хугацааны шийдэл бол Төрийн санхүүжилттэй уясан эмэгтэй нэр дэвшигчдийн болон сонгогдсон нэр дэвшигчдийн хувь юм. Эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэснээр нэмэгдчихдэг хэрэг биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Манай улсын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл хийгдэж буй энэ үед хуулийн төсөлд тусгагдсан 5 дугаар бүлгийн 28.6.1, 28.6.6 заалтууд нь олон улсын жишигт нийцэж буйг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ярилцлагадаа дурдсан юм. Үүнээс гадна эмэгтэйчүүд урт хугацаанд идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхэд хүүхдээ өсгөнгөө улс төрд идэвхтэй оролцох боломжийг хангах (эцэг эх хоёуланд нь хүүхдээ асрах тэгш боломжийг бий болгох) эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь чухал. 

Эмэгтэйчүүдийг оролцох боломжийг нэмэгдүүлж, улс төр дахь дуу хоолойг илүү тэнцвэртэй болгох замаар нийгмийн тогтсон хандлагыг ч өөрчлөх боломжтой юм. 

Эмэгтэйчүүд олон байх нь, олон удаа сонгогдох нь ганц сонгогдох эрхийн асуудлаас гадна төрийн бодлогын чанарыг өөрчлөн сайжруулах цаашлаад олон олон залуу эмэгтэйчүүдийг үлгэрлэн дууриалах урт замын эхлэл болох юм. Олон арван жилээр, үе үеэр эмэгтэйчүүд сонгогдож, нэг биш хэдэнтээ сонгогдож байж туршлагажих болохоос парламентад гурав, дөрөв сонгогдож, хэдэн Засаг сэлгэж сайдын алба хашсан эрчүүдтэй ажлын туршлага, улстөрчийн замналаар нь харьцуулах боломжгүй. Дор хаяж, тэдэнд удирдан чиглүүлэх боломж, шийдвэр гаргах шийдлүүд байж гэмээнэ ковидын үед эмэгтэй улстөрчдийн шийдвэр эрчүүдийнхээс илүү ухаалаг байсныг ярих судлагдахуунтай болно шүү дээ. 

Тиймээс эхлээд нэр дэвшигчдийн дор хаяж 20 хувь нь нэг хүйснийх байх тухай ойлголтыг эмэгтэй нэр дэвшигчдийг 20 хувьд хүргэчихсэн боллоо гэх байдлаа больж, улс төрийн намуудад чин эрмэлзэл төрөхийг хүлээхээсээ хариуцлага, санхүүтэй нь уяж, мөнгөний сонгуулиас орлогын тэгш бус хуваарилалтыг хүртдэг эмэгтэйчүүд гарч ирэх магадлал бага байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн тэдэнд дахин дахин сонгогдож, туршлагажих боломж гардаг шүү гэдгийг дахин сануулмаар байна. Хөгжлийг бий болгохын тулд тэдний оролцоо хэрэгтэй, оролцоог нэмэгдүүлэхийн тулд дээрх бүгдийг бид хамтдаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.