ЭЛИТ БА МАСС

“Ард түмнийг басах хэрэггүй, тэдэн шиг ухаантай хүмүүс орчлонд үгүй”, “Хүсвэл хэн ч дэлхийг, тивийг, улс орныг, компанийг удирдаж чадна”, “Хүн төрөлхөөсөө мундаг байдаггүй, хөдөлмөрлөвөл юуны ч оройд гарна”, “Олонхиороо хүчтэй орших нийгмийг бүтээх нь тийм хэцүү асуудал биш” гэсэн агуулгатай үгсийг хүн төрөлхтөн хэдэн мянганы турш хэлж ярьсаар, итгэж найдсаар өнөөг хүрсэн. Нийтээрээ тэгш эрх, ижил боломжтой амьдрах тухай уран гоё ишлэлүүдийг олон ухаантан бичиж үлдээсэн ч амьдрал дээр батлагдсан нотлогдсон жишээ байдаггүй. Тийм нийгмийг бүтээх гээд бүтэлгүйтсэн, ухарсан жишээ бол өчнөөн л дөө. Аль Платоны үеэс цаг цагийн суутнуудын өнөөдрийг хүртэл давтан нотолсоор байгаа нэг л үнэн бий. Тэр нь нийгэм элит ба масс гэсэн хоёр хэсгээс тогтдог гэсэн үзэл баримтлал. Элитүүд бол удирдагчид, улс орон, дэлхий ертөнц. Харин масс бол идэж унтах гэх мэт биологийн хэрэгцээнээсээ давж чаддаггүй, угаасаа удирдуулах заяатай, тэр улс орон төчнөөн мал, төдий хэмжээний тариалангийн талбайтай гэдэг шиг эгэл даруухан тодотгол. Сонсоход хатуу ч үндэслэл нотолгоогоор дүүрэн ном судруудад элит ба массын ялгааг ингээд зааглачихаж. 

"Метро Девелопмент Групп" -ын ерөнхийлөгч 

Бадарчийн Одсүрэнгийн элит, массын тухай 

суурь ойлголтуудыг багтаасан судалгааны ажлаас 

тоймлон хүргэж байна. 


ЭЛИТ

Элит ба массын онол нь орчин үеийн социологийн ухааныг үндэслэгчийн нэг Вильфредо Парето (Vilfredo Pareto)-ийн дэвшүүлсэн ардчиллын онолын үндсэн суурь ойлголт юм. Аливаа нийгмийг элитүүд ээлжлэн удирддаг гэсэн гол үзэл санааг түгээгч Италийн социологич В.Парето энэ онолоо Вальрасын тэнцвэрт байдлын зарчим дээр үндэслэн марксист үзлийн эсрэг дэвшүүлэн гаргаж ирсэн нэгэн.

Маркс түүхэн хөгжлийн гол хөшүүрэг нь анги хоорондын зөрчилдөөн гэж үзсэн бол Вальрас эдийн засгийн тогтолцооны хөгжил гэж үгүй, аливаа тогтолцоо тэнцвэрт байдал руу тэмүүлдэг гэсэн эсрэг байр суурь барьсан юм. 

Гаэтано Моска, Роберт Михельс, Вильфредо Парето нар Вальрасын энэ үзлийг үргэлжлүүлэн хөгжүүлж нийгэм бол элитүүдийн ээлжлэн солигдох мөчлөг гэдэг социологийн үзлийг боловсруулжээ. Ардчилсан, монарх, феодал, орчин үеийн, нээлттэй, хаалттай харгис гэх мэт нийгэм бүр тогтвортой тогтолцоо руу тэмүүлдэг гэсэн санаа эндээс улбаатай

В.Парето “Нийгэм бүр ижил бүтэцтэй. Нийгмийн бүтэц нь тун энгийн. Товчхондоо засаглалыг гартаа атгадаг цөөнх буюу элитүүд, удирдуулагч олонхи буюу массаас бүрддэг. Элитүүд нийгэм бүрд бий. Тодруулж хэлбэл тэд тухайн нийгмийнхээ хөдөлгөгч гол хүч нь болдог. Элитүүдийн чанар, бүтэц л өөрчлөгдөнө үү гэхээс биш огт элитгүй нийгэм гэж хэтээсээ байхгүй. Элит ба масс үргэлж байна. Иймд нийгмийн тэгш бус байдал нийгэм бүрт байх зүй ёсны суурь нь юм” хэмээн үзэж байж. Энэ үзэл санааныхаа төлөө Муссолинигийн үеийн фашист Италийн хүндэт сенатороор өргөмжлөгдөж байсан юм. Удирдагч Муссолинид Паретогийн үзэл санаа таалагддаг байв.

Нийгэм бүрт иерархи (шатлан захирах ёс) байдаг. Элитүүд үргэлж ард түмнийг захирна. Ямар нийгэмд, иерархи хэрхэн, яаж бүрэлдэж бий болсон нь хамаагүй элит ба масс гэсэн хоёр ухагдахуун үргэлж оршин тогтноно. Паретогийн үзлээр бол элитүүд нь нийгмийн илүү идэвхтэй бүлэг хүмүүс.


ГУРВАН ТӨРЛИЙН ЭЛИТ

Элит гэсэн ухагдахуун дотроо элит, контрэлит, антиэлит гэсэн гурван ангилалтай. 

“Элит”: Нийгмийг удирдагч жинхэнэ элит бүлэг

“Контрэлит”: Ямар нэгэн эрх мэдэлгүй элитийн төрлийн бүлэг. Энэ бүлэгт удирдан захирах хүсэлтэй ч бололцоо байхгүй бүлэг хүмүүсийг хамруулдаг. Тэд ухаантай, идэвхтэй, амбицтай ч эрх мэдэлгүй.

“Антиэлит”: Элитүүдийн эсрэг тал, удирдан захирах чадваргүй бүлэг. Жишээ нь гэмт хэргийн бүлгүүд эсвэл урлагийн сэхээтнүүд. Энэ хүмүүст эрх мэдлийг өгсөн ч тэд удирдаж чаддаггүй эсвэл шууд л татгалздаг.


ЭЛИТҮҮД ЭНГИЙН ОЛОНД ЗҮГЭЭР Л ЖҮЖИГ ТАВЬДАГ 

Контрэлит бүлгийн хүмүүс эрх мэдлийг авч чадвал ухаалгаар удирдах чадвартай. Гэхдээ тэдэнд эрх мэдэл байхгүй тул Паретогийн дэвшүүлсэн онолоор аливаа нийгэм гэдэг нь элит болон контрэлит бүлгийн тэмцэл ажээ. Нийгмийн оройг элитүүд эзэлдэг бол контрэлитүүд доохон хэсэгт нь орон зайгаа эзлэн оршдог. Контрэлит бүлэг элитийн эсрэг зогсохдоо антиэлит бүлгийг түшиглэнэ. Харин массд тэр тэмцлийн талаар ямар ч ойлголт байхгүй.Тэд идэж, унтаад л аж төрдөг. Үнэндээ элитүүд ард түмэнд зүгээр л жүжиг тавьж, үзүүштэй зүйлсийг харуулна, хааяа чангалж, хааяа магтан сайшаана.

Гегелийн үзэж буйгаар хүмүүс боол, ноён гэсэн хоёр төрлийн нийгмийн ба философийн бүлэгт хуваагддаг. Ноён үхлийн нүд рүү эгц хардаг бол боол үхэл рүү нуруугаа харуулна. Иймд, ноён үхлийг ялан дийлж чаддаггүй учир боолыг ашиглана. Боол үхлээс айдаг тул мөн л мөнх амьдралыг олж чадахгүй. Гэхдээ эзэнтэй болно. Тэгэхээр ноён ба боол нь нийгмийн хоёр туйл юм.


ХОЁР ТӨРЛИЙН ХУДАЛ, ХОЁР ТӨРЛИЙН ЗУСАР

Гегелийн үзлээр хоёр төрлийн худал, хоёр төрлийн зусар байдаг аж. Зусар нь ноёдод зориулсан, массд зориулсан гэсэн ялгаатай. Ард түмэн удирдагчдаа “Та минь агуу удирдагч, сайн хүн шүү” хэмээн бялдуучлахад хэчнээн тааруу удирдагчбайлаа ч үгэнд нь итгэж илүү сайн руу тэмүүлж, араасаа нийгмээ дагуулдаг.

Хоёр дахь төрлийн зусар нь масс, боолуудад зориулагдсан зусар. Тэдэнд “Та нар боол биш, та бүхэн эрх чөлөөт, хувь хүмүүс, та бүхний эрх хамгаалагдаж байгаа, та бүгдийн нийгмийн баталгаа бүрэн хангагдсан. Ард түмнийг давсан мундаг гэж хаана байхав. Бид бид та нар л энэ улс орныг удирдаж байна” гэж хэлдэг. “Ардчилал” гэх нэртэй энэхүү зусар бол жигшмээр муухай гэж Гегель үзжээ. 

Энэ төрлийн зусар хаан ноёноо худлаа магтдагтай ижил худал зүйл бөгөөд нийгмийг доош нь чангаадаг. Улмаар нийгэм дээд удирдагчаа тойрон хүрээлж, түүнд зүтгэх бус залхуу, ямбатай болж, ялзардаг. Масс удирдагчаа сонгодог гэдэгтээ бүрэн итгэчихсэн байдаг. Тиймээс удирдагчид хэлдэг зусар бол сайн, массд зориулсан зусар нь муу гэж Гегель бичжээ.


ПАРЕТО: МАСС ФИЗИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХААС ИЛҮҮ ГАРЧ ЧАДДАГГҮЙ

Парето ч мөн Гегельтэй төстэй бодолтой байсан, гэхдээ массд зусар хэлсэн хэлээгүй ард түмэн анзаарахгүй гэж үзснээрээ ялгаатай. “Эрх мэдэл ажилчин ангийн гарт байна” эсвэл “диктатор, ноёд эрх мэдлийг атгачихсан” гэж хэлсэн ч ялгаагүй масс хэзээ ч эрх мэдэлтэй болохгүй, тэд үүнийг хүсдэг ч үгүй, эрх мэдэл рүү тэмүүлдэггүй. Масс өөрийн наад захын физиологийн хэрэгцээгээ хангахаас илүү гарч чаддаггүй. Энэ утгаараа масс бол төрмөл шинж чанар буюу хүн масс болдоггүй, харин масс болж төрдөг аж. Ийм учраас масс дотор масс бус хүн ороод ирвэл, тэр хүн контрэлит эсвэл антиэлит рүү татагдана. Өөрөөр хэлбэл масс биш хүмүүс бол нэг бол антиэлит. Архи уугаад, шүлэг зохиогоод явж байдаг зохиолч. Тэр ажил хийхийг хүсдэггүй, хүнд захирагдахыг хүсдэггүй, хэнд ч хэрэггүй хүн. Эсвэл антиэлит гэмт хэрэгтэн. Тэр хууль сахиулагчдыг үзэн яддаг, нийгмийн дэг жаягийг зөрчиж амьдардаг. Тэдэнд нийгэмд санал болгох зүйл байдаггүй.

Харин удирдах эрх мэдэлд хүрэх нэлээд сонирхолтой контрэлит бүлгийн хүмүүс массд орж ирэх үед нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж контрэлит бүлэг бүрэлдэн бий болдог. Нэг хүнд эрх мэдэл өгөхгүй байхад тэр дахин нэг өөртэйгөө ижил хүн олно. Ингэж явсаар контрэлит бүлэг хувьсгалт нам үүсгэж, хуйвалдаан зохиож, эцсийн эцэст удирдаж байсан элит бүлгийг түлхэн унагаж өөрсдөө толгойд сууцгаана. Тэд маш сайн удирдагчид болно, гэхдээ дараагийн контрэлит бүлэг тэднийг унагаах хүртэл.


КОНТРЭЛИТҮҮД ЯМАР ЗАМААР ЭРХ МЭДЭЛД ХҮРДЭГ ВЭ?

Паретогийн онолоор элитийн хоёр янзын ротаци, ээлж дараа байдаг.

Нэг: Контрэлитээр цусаа сэлбэх шаардлагатайг ойлгодог элит. Ардчиллын зарчмаар контрэлитүүд элит болон дээшилж, өмнө нь оршин байсан элит бүлгийг сэлбэж, бусад контрэлит бүлэгтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачдаг.

Хоёр: Контрэлит бүлэг хувьсгал, иргэний дайн хийх замаар элитийг түлхэн унагаадаг. 

Контрэлит бүлэг элитийг нэг бол унагана нэг бол дотор нь орж хамт удирдана. Контрэлит бүлэг гарах нь цаг хугацааны л асуудал. Паретогийн энэхүү онол маш сонирхолтой. Контрэлит бүлэг эрх мэдлийг дөрвөн замаар олж авдаг.

Контрэлитүүд нэг бол шашны нэр барьж, эсвэл нийгмийн сайн сайхны төлөөх үзэл санааны дор тэмцэж, бүр өөрөөр гэвэлкапиталист юм уу социалист үзлээр эрх мэдэлд хүрдэг. 


ЛЕНИН, СТАЛИН ХОЁР ҮЗЛЭЭР НИЙЛСЭН КОНТРЭЛИТҮҮД

Ард түмэн энэ бүгдийг тоодоггүй. Контрэлитүүд, жишээ нь большевист үзэл дор нэгдэж байсан. Оросын Ленин, Сталин, Троцкий нар үүний жишээ. Тэд удирдах чадвартай контрэлитүүд байсан. Тухайн үед тэдэнтэй хамт антиэлит гэмт хэрэгтнүүд, хувьсгалыг магтан дуулсан шүлэг, зохиол уншсан уран зохиолчид олон байсан. Тэд бүгд большевист эсвэл коммунист контрэлитүүдийг хүрээлж, утга учиргүй уриа хашгирч байв. Контрэлитүүд эцэст нь эрх мэдлийг атгаж шинэ тогтолцоог бий болгосон юм. Тэд дараагийн элит болж, элитийн ротацийг үргэлжлүүлэв.


ЭЛИТ БА МАСС

Элит ба массын асуудлыг олон улсын харилцааны төвшинд хэд хэдэн парадигмийн үүднээс авч үзье .

Реалист парадигм - Элит бол улс орон, харин масс тариалангийн газар

Реалистуудын үзлээр бол элит ба массыг үндэстний хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Улс орнуудыг сонгогдсон, үндэстний элит удирдана. Эдгээр элитүүд олон улсын харилцааны гол тоглогчид. Тэд үндэстний ашиг сонирхлыг бодож, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ажилладаг. Энэхүү үндэстний элит гэсэн ойлголт бол үндэстэн улс орон гэдэг ухагдахуунтай ижил утга агуулна. Тэд юу хийж байгаагаа мэддэг, хорвоо ертөнцийг ойлгож, улс орныхоо төлөө зүтгэдэг. Масс олон улс, улс төрд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй. Жишээ нь улс орон 50 сая хүн амтай, 100 сая тоо толгой малтай, 100 сая га тариалангийн газартай гэдэг шиг ард түмэн-масс бол улс орны баялаг сан. Массыг олон улсын хэмжээнд мал, тариалангийн газартай ижил төвшинд авч үзнэ. Харин элитүүд бол улс орныг төлөөлөгчид, улс орныг элитээр төсөөлнө. Үүнд л тэдний ялгаа оршино.

Элитийн удмын үечлэлийг Парето гурав хуваасан юм. 

* Элитийн эхний үе – контрэлитээс гаралтай жинхэнэ элитүүд

* Элитийн хоёр дахь үе – өмнөх элитийн хүүхдүүд, эцэг эхийнхээ авьяас чадварын талыг нь өвлөж авагчид. 

* Элитийн гурав дахь үе – сул элитүүд

Эндээс нэг сонин ажиглалт хийж болно. Би, та, бид бүгдээрээ шаргал ордонд суугаа улс төрчдөө ангилах боломж эндээс гарч ирнэ. Элитийн бүтцэд хязгаар тавих боломжгүй. Ардчилсан, монарх, угсаа залгамжилсан, диктатурт гээд ямар ч байж болно. 


ЛИБЕРАЛ ПАРАДИГМ - ЛИВИ, ЕГИПЕТИЙН РАДИКАЛ ҮЗЭЛТНҮҮДИЙГ ДЭМЖИГЧ АНУ

Энд бүх зүйл реалист парадигмаас ялгаатай. Олон улсын хэмжээнд элитийн тухай бус улс оронд тогтсон дэг журмын талаар ярина. Либералуудын үзэж буйгаар элитийн ротаци явагдах арга маш чухал. Элитийн ротаци нээлттэй байх үед арчилсан нийгэм байгуулагддаг. Улмаар ардчилсан нийгэмтэй улс өөр нэгэн ардчилсан нийгэмтэй улстай илүү дотно харилцаа үүсгэж, хамтран ажиллах хандлагатай байдаг.

Ардчилсан бус нийгэмтэй улсад контрэлитийг эрх мэдлээс зайлуулсан байдаг тул контрэлит бүлэг үргэлж сөрөг хүчин болж зогсдог. Харин ардчилсан нийгэмд контрэлит бүлэг эрх мэдэлд хүрэх боломж нээлттэй байх ба демократууд үргэлж шинэ хүн авч цусаа сэлбэж, улмаар элитийн ротаци явагдана.

Ардчилсан улсууд ардчилсан бус нийгэмтэй улсын контрэлит бүлэгтэй харилцаа тогтоож, тухайн улсад ардчиллыг авч ирэхэд дэмжлэг үзүүлдэг. Хичнээн олон улс оронд ардчилсан нийгэм байгуулагдана тэр хэмжээгээрээ интеграци явагдаж, харилцан ашигтай ажиллаж, дайн дэгдэх магадлал буурдаг. Энэ бол либерал олон улсын харилцааны гол зарчим – ардчилсан улсууд бие биетэйгээ дайтдаггүй.

Ийм учир, улс орны гадаад бодлогын гол зорилго нь дипломат харилцаатай улс бүртээ нээлттэй элитийн ротацийг бий болгоход туслах байдаг. Энэ онол олон зүйлийн тайлбар болж чадна. Яагаад Америк улс Ливи дэх радикал намыг, Египет дэх радикал үзэлт мусульманчуудыг, Сирид явагдаж байгаа ажиллагааг дэмжээд байна вэ?

Учир нь эдгээр улс оронд ардчилсан нийгэм байгуулахын тулд контрэлит бүлгийг дэмжиж, элитийн ротацийг нээлтэй болгох хэрэгтэй байгаа юм.

Ардчилсан нийгэм байгуулахын тулд радикал хүчнийг дайчлах, экстремистүүдийг ашиглахад тодорхой хэмжээний эрсдэл гарах ч, элитийн ротаци хаалттай байснаар ардчилсан бус нийгэм байгуулагдах нь илүү их эрсдэлтэй гэж үздэг. Либералуудын хувьд хамгийн чухал нь элитийн ротаци нээлттэй, шилэн, ардчилсан байдлаар явагддаг байх юм.

Үүнтэй харьцуулахад реалистууд үндэстний эрх ашгийг бодолцдог, тэд зарим үед улс орны толгой элитийг дэмжиж, зарим үед сөрөг хүчин буюу контрэлитийг дэмждэг. Тухайн цаг үе, нөхцөл байдал улс оронд аль нь ашигтай байна тэр талыг дэмждэг гэсэн үг.

Үргэлжлэл бий.

Үргэлжлэлд неолибералистууд болон марксистууд элит ба массыг хэрхэн үздэг тухай онцолно.