ЭЛИТ БА МАСС


ЭЛИТ

Элит ба массын онол нь орчин үеийн социологийн ухааныг үндэслэгчийн нэг Вильфредо Парето (Vilfredo Pareto)-ийн дэвшүүлсэн ардчиллын онолын үндсэн суурь ойлголт юм. Аливаа нийгмийг элитүүд ээлжлэн удирддаг гэсэн гол үзэл санааг түгээгч Италийн социологич В.Парето энэ онолоо Вальрасын тэнцвэрт байдлын зарчим дээр үндэслэн марксист үзлийн эсрэг дэвшүүлэн гаргаж ирсэн нэгэн.

Маркс түүхэн хөгжлийн гол хөшүүрэг нь анги хоорондын зөрчилдөөн гэж үзсэн бол Вальрас эдийн засгийн тогтолцооны хөгжил гэж үгүй, аливаа тогтолцоо тэнцвэрт байдал руу тэмүүлдэг гэсэн эсрэг байр суурь барьсан юм. 

Гаэтано Моска, Роберт Михельс, Вильфредо Парето нар Вальрасын энэ үзлийг үргэлжлүүлэн хөгжүүлж нийгэм бол элитүүдийн ээлжлэн солигдох мөчлөг гэдэг социологийн үзлийг боловсруулжээ. Ардчилсан, монарх, феодал, орчин үеийн, нээлттэй, хаалттай харгис гэх мэт нийгэм бүр тогтвортой тогтолцоо руу тэмүүлдэг гэсэн санаа эндээс улбаатай. 

В.Парето “Нийгэм бүр ижил бүтэцтэй. Нийгмийн бүтэц нь тун энгийн. Товчхондоо засаглалыг гартаа атгадаг цөөнх буюу элитүүд, удирдуулагч олонхи буюу массаас бүрддэг. Элитүүд нийгэм бүрд бий. Тодруулж хэлбэл тэд тухайн нийгмийнхээ хөдөлгөгч гол хүч нь болдог. Элитүүдийн чанар, бүтэц л өөрчлөгдөнө үү гэхээс биш огт элитгүй нийгэм гэж хэтээсээ байхгүй. Элит ба масс үргэлж байна. Иймд нийгмийн тэгш бус байдал нийгэм бүрт байх зүй ёсны суурь нь юм” хэмээн үзэж байж. Энэ үзэл санааныхаа төлөө Муссолинигийн үеийн фашист Италийн хүндэт сенатороор өргөмжлөгдөж байсан юм. Удирдагч Муссолинид Паретогийн үзэл санаа таалагддаг байв.

Нийгэм бүрт иерархи (шатлан захирах ёс) байдаг. Элитүүд үргэлж ард түмнийг захирна. Ямар нийгэмд, иерархи хэрхэн, яаж бүрэлдэж бий болсон нь хамаагүй элит ба масс гэсэн хоёр ухагдахуун үргэлж оршин тогтноно. Паретогийн үзлээр бол элитүүд нь нийгмийн илүү идэвхтэй бүлэг хүмүүс.

ГУРВАН ТӨРЛИЙН ЭЛИТ

Элит гэсэн ухагдахуун дотроо элит, контрэлит, антиэлит гэсэн гурван ангилалтай. 

“Элит”: Нийгмийг удирдагч жинхэнэ элит бүлэг

“Контрэлит”: Ямар нэгэн эрх мэдэлгүй элитийн төрлийн бүлэг. Энэ бүлэгт удирдан захирах хүсэлтэй ч бололцоо байхгүй бүлэг хүмүүсийг хамруулдаг. Тэд ухаантай, идэвхтэй, амбицтай ч эрх мэдэлгүй.

“Антиэлит”: Элитүүдийн эсрэг тал, удирдан захирах чадваргүй бүлэг. Жишээ нь гэмт хэргийн бүлгүүд эсвэл урлагийн сэхээтнүүд. Энэ хүмүүст эрх мэдлийг өгсөн ч тэд удирдаж чаддаггүй эсвэл шууд л татгалздаг.

ЭЛИТҮҮД ЭНГИЙН ОЛОНД ЗҮГЭЭР Л ЖҮЖИГ ТАВЬДАГ 

Контрэлит бүлгийн хүмүүс эрх мэдлийг авч чадвал ухаалгаар удирдах чадвартай. Гэхдээ тэдэнд эрх мэдэл байхгүй тул Паретогийн дэвшүүлсэн онолоор аливаа нийгэм гэдэг нь элит болон контрэлит бүлгийн тэмцэл ажээ. Нийгмийн оройг элитүүд эзэлдэг бол контрэлитүүд доохон хэсэгт нь орон зайгаа эзлэн оршдог. Контрэлит бүлэг элитийн эсрэг зогсохдоо антиэлит бүлгийг түшиглэнэ. Харин массд тэр тэмцлийн талаар ямар ч ойлголт байхгүй.Тэд идэж, унтаад л аж төрдөг. Үнэндээ элитүүд ард түмэнд зүгээр л жүжиг тавьж, үзүүштэй зүйлсийг харуулна, хааяа чангалж, хааяа магтан сайшаана.

Гегелийн үзэж буйгаар хүмүүс боол, ноён гэсэн хоёр төрлийн нийгмийн ба философийн бүлэгт хуваагддаг. Ноён үхлийн нүд рүү эгц хардаг бол боол үхэл рүү нуруугаа харуулна. Иймд, ноён үхлийг ялан дийлж чаддаггүй учир боолыг ашиглана. Боол үхлээс айдаг тул мөн л мөнх амьдралыг олж чадахгүй. Гэхдээ эзэнтэй болно. Тэгэхээр ноён ба боол нь нийгмийн хоёр туйл юм.


ХОЁР ТӨРЛИЙН ХУДАЛ, ХОЁР ТӨРЛИЙН ЗУСАР

Гегелийн үзлээр хоёр төрлийн худал, хоёр төрлийн зусар байдаг аж. Зусар нь ноёдод зориулсан, массд зориулсан гэсэн ялгаатай. Ард түмэн удирдагчдаа “Та минь агуу удирдагч, сайн хүн шүү” хэмээн бялдуучлахад хэчнээн тааруу удирдагчбайлаа ч үгэнд нь итгэж илүү сайн руу тэмүүлж, араасаа нийгмээ дагуулдаг.

Хоёр дахь төрлийн зусар нь масс, боолуудад зориулагдсан зусар. Тэдэнд “Та нар боол биш, та бүхэн эрх чөлөөт, хувь хүмүүс, та бүхний эрх хамгаалагдаж байгаа, та бүгдийн нийгмийн баталгаа бүрэн хангагдсан. Ард түмнийг давсан мундаг гэж хаана байхав. Бид бид та нар л энэ улс орныг удирдаж байна” гэж хэлдэг. “Ардчилал” гэх нэртэй энэхүү зусар бол жигшмээр муухай гэж Гегель үзжээ. 

Энэ төрлийн зусар хаан ноёноо худлаа магтдагтай ижил худал зүйл бөгөөд нийгмийг доош нь чангаадаг. Улмаар нийгэм дээд удирдагчаа тойрон хүрээлж, түүнд зүтгэх бус залхуу, ямбатай болж, ялзардаг. Масс удирдагчаа сонгодог гэдэгтээ бүрэн итгэчихсэн байдаг. Тиймээс удирдагчид хэлдэг зусар бол сайн, массд зориулсан зусар нь муу гэж Гегель бичжээ.


ПАРЕТО: МАСС ФИЗИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХААС ИЛҮҮ ГАРЧ ЧАДДАГГҮЙ

Парето ч мөн Гегельтэй төстэй бодолтой байсан, гэхдээ массд зусар хэлсэн хэлээгүй ард түмэн анзаарахгүй гэж үзснээрээ ялгаатай. “Эрх мэдэл ажилчин ангийн гарт байна” эсвэл “диктатор, ноёд эрх мэдлийг атгачихсан” гэж хэлсэн ч ялгаагүй масс хэзээ ч эрх мэдэлтэй болохгүй, тэд үүнийг хүсдэг ч үгүй, эрх мэдэл рүү тэмүүлдэггүй. Масс өөрийн наад захын физиологийн хэрэгцээгээ хангахаас илүү гарч чаддаггүй. Энэ утгаараа масс бол төрмөл шинж чанар буюу хүн масс болдоггүй, харин масс болж төрдөг аж. Ийм учраас масс дотор масс бус хүн ороод ирвэл, тэр хүн контрэлит эсвэл антиэлит рүү татагдана. Өөрөөр хэлбэл масс биш хүмүүс бол нэг бол антиэлит. Архи уугаад, шүлэг зохиогоод явж байдаг зохиолч. Тэр ажил хийхийг хүсдэггүй, хүнд захирагдахыг хүсдэггүй, хэнд ч хэрэггүй хүн. Эсвэл антиэлит гэмт хэрэгтэн. Тэр хууль сахиулагчдыг үзэн яддаг, нийгмийн дэг жаягийг зөрчиж амьдардаг. Тэдэнд нийгэмд санал болгох зүйл байдаггүй.

Харин удирдах эрх мэдэлд хүрэх нэлээд сонирхолтой контрэлит бүлгийн хүмүүс массд орж ирэх үед нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж контрэлит бүлэг бүрэлдэн бий болдог. Нэг хүнд эрх мэдэл өгөхгүй байхад тэр дахин нэг өөртэйгөө ижил хүн олно. Ингэж явсаар контрэлит бүлэг хувьсгалт нам үүсгэж, хуйвалдаан зохиож, эцсийн эцэст удирдаж байсан элит бүлгийг түлхэн унагаж өөрсдөө толгойд сууцгаана. Тэд маш сайн удирдагчид болно, гэхдээ дараагийн контрэлит бүлэг тэднийг унагаах хүртэл.


КОНТРЭЛИТҮҮД ЯМАР ЗАМААР ЭРХ МЭДЭЛД ХҮРДЭГ ВЭ?

Паретогийн онолоор элитийн хоёр янзын ротаци, ээлж дараа байдаг.

Нэг: Контрэлитээр цусаа сэлбэх шаардлагатайг ойлгодог элит. Ардчиллын зарчмаар контрэлитүүд элит болон дээшилж, өмнө нь оршин байсан элит бүлгийг сэлбэж, бусад контрэлит бүлэгтэй өрсөлдөхүйц хэмжээнд аваачдаг.

Хоёр: Контрэлит бүлэг хувьсгал, иргэний дайн хийх замаар элитийг түлхэн унагаадаг. 

Контрэлит бүлэг элитийг нэг бол унагана нэг бол дотор нь орж хамт удирдана. Контрэлит бүлэг гарах нь цаг хугацааны л асуудал. Паретогийн энэхүү онол маш сонирхолтой. Контрэлит бүлэг эрх мэдлийг дөрвөн замаар олж авдаг.

Контрэлитүүд нэг бол шашны нэр барьж, эсвэл нийгмийн сайн сайхны төлөөх үзэл санааны дор тэмцэж, бүр өөрөөр гэвэлкапиталист юм уу социалист үзлээр эрх мэдэлд хүрдэг. 


ЛЕНИН, СТАЛИН ХОЁР ҮЗЛЭЭР НИЙЛСЭН КОНТРЭЛИТҮҮД

Ард түмэн энэ бүгдийг тоодоггүй. Контрэлитүүд, жишээ нь большевист үзэл дор нэгдэж байсан. Оросын Ленин, Сталин, Троцкий нар үүний жишээ. Тэд удирдах чадвартай контрэлитүүд байсан. Тухайн үед тэдэнтэй хамт антиэлит гэмт хэрэгтнүүд, хувьсгалыг магтан дуулсан шүлэг, зохиол уншсан уран зохиолчид олон байсан. Тэд бүгд большевист эсвэл коммунист контрэлитүүдийг хүрээлж, утга учиргүй уриа хашгирч байв. Контрэлитүүд эцэст нь эрх мэдлийг атгаж шинэ тогтолцоог бий болгосон юм. Тэд дараагийн элит болж, элитийн ротацийг үргэлжлүүлэв.


ЭЛИТ БА МАСС

Элит ба массын асуудлыг олон улсын харилцааны төвшинд хэд хэдэн парадигмийн үүднээс авч үзье .Реалист парадигм - Элит бол улс орон, харин масс тариалангийн газар

Реалистуудын үзлээр бол элит ба массыг үндэстний хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Улс орнуудыг сонгогдсон, үндэстний элит удирдана. Эдгээр элитүүд олон улсын харилцааны гол тоглогчид. Тэд үндэстний ашиг сонирхлыг бодож, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ажилладаг. Энэхүү үндэстний элит гэсэн ойлголт бол үндэстэн улс орон гэдэг ухагдахуунтай ижил утга агуулна. Тэд юу хийж байгаагаа мэддэг, хорвоо ертөнцийг ойлгож, улс орныхоо төлөө зүтгэдэг. Масс олон улс, улс төрд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй. Жишээ нь улс орон 50 сая хүн амтай, 100 сая тоо толгой малтай, 100 сая га тариалангийн газартай гэдэг шиг ард түмэн-масс бол улс орны баялаг сан. Массыг олон улсын хэмжээнд мал, тариалангийн газартай ижил төвшинд авч үзнэ. Харин элитүүд бол улс орныг төлөөлөгчид, улс орныг элитээр төсөөлнө. Үүнд л тэдний ялгаа оршино.

Элитийн удмын үечлэлийг Парето гурав хуваасан юм. 

* Элитийн эхний үе – контрэлитээс гаралтай жинхэнэ элитүүд

* Элитийн хоёр дахь үе – өмнөх элитийн хүүхдүүд, эцэг эхийнхээ авьяас чадварын талыг нь өвлөж авагчид. 

* Элитийн гурав дахь үе – сул элитүүд

Эндээс нэг сонин ажиглалт хийж болно. Би, та, бид бүгдээрээ шаргал ордонд суугаа улс төрчдөө ангилах боломж эндээс гарч ирнэ. Элитийн бүтцэд хязгаар тавих боломжгүй. Ардчилсан, монарх, угсаа залгамжилсан, диктатурт гээд ямар ч байж болно. 


ЛИБЕРАЛ ПАРАДИГМ - ЛИВИ, ЕГИПЕТИЙН РАДИКАЛ ҮЗЭЛТНҮҮДИЙГ ДЭМЖИГЧ АНУ

Энд бүх зүйл реалист парадигмаас ялгаатай. Олон улсын хэмжээнд элитийн тухай бус улс оронд тогтсон дэг журмын талаар ярина. Либералуудын үзэж буйгаар элитийн ротаци явагдах арга маш чухал. Элитийн ротаци нээлттэй байх үед арчилсан нийгэм байгуулагддаг. Улмаар ардчилсан нийгэмтэй улс өөр нэгэн ардчилсан нийгэмтэй улстай илүү дотно харилцаа үүсгэж, хамтран ажиллах хандлагатай байдаг.

Ардчилсан бус нийгэмтэй улсад контрэлитийг эрх мэдлээс зайлуулсан байдаг тул контрэлит бүлэг үргэлж сөрөг хүчин болж зогсдог. Харин ардчилсан нийгэмд контрэлит бүлэг эрх мэдэлд хүрэх боломж нээлттэй байх ба демократууд үргэлж шинэ хүн авч цусаа сэлбэж, улмаар элитийн ротаци явагдана.

Ардчилсан улсууд ардчилсан бус нийгэмтэй улсын контрэлит бүлэгтэй харилцаа тогтоож, тухайн улсад ардчиллыг авч ирэхэд дэмжлэг үзүүлдэг. Хичнээн олон улс оронд ардчилсан нийгэм байгуулагдана тэр хэмжээгээрээ интеграци явагдаж, харилцан ашигтай ажиллаж, дайн дэгдэх магадлал буурдаг. Энэ бол либерал олон улсын харилцааны гол зарчим – ардчилсан улсууд бие биетэйгээ дайтдаггүй.

Ийм учир, улс орны гадаад бодлогын гол зорилго нь дипломат харилцаатай улс бүртээ нээлттэй элитийн ротацийг бий болгоход туслах байдаг. Энэ онол олон зүйлийн тайлбар болж чадна. Яагаад Америк улс Ливи дэх радикал намыг, Египет дэх радикал үзэлт мусульманчуудыг, Сирид явагдаж байгаа ажиллагааг дэмжээд байна вэ?

Учир нь эдгээр улс оронд ардчилсан нийгэм байгуулахын тулд контрэлит бүлгийг дэмжиж, элитийн ротацийг нээлтэй болгох хэрэгтэй байгаа юм.

Ардчилсан нийгэм байгуулахын тулд радикал хүчнийг дайчлах, экстремистүүдийг ашиглахад тодорхой хэмжээний эрсдэл гарах ч, элитийн ротаци хаалттай байснаар ардчилсан бус нийгэм байгуулагдах нь илүү их эрсдэлтэй гэж үздэг. Либералуудын хувьд хамгийн чухал нь элитийн ротаци нээлттэй, шилэн, ардчилсан байдлаар явагддаг байх юм.

Үүнтэй харьцуулахад реалистууд үндэстний эрх ашгийг бодолцдог, тэд зарим үед улс орны толгой элитийг дэмжиж, зарим үед сөрөг хүчин буюу контрэлитийг дэмждэг. Тухайн цаг үе, нөхцөл байдал улс оронд аль нь ашигтай байна тэр талыг дэмждэг гэсэн үг.


НЕОЛИБРАЛИСТУУДЫН ХАРДАГ ЭЛИТ БА МАССЫН ОНОЛ

Эсрэг байр суурьтай хоёр фракц байдаг: 

  • Контрэлитүүд интеграцлагдаж, элитийн ротаци нээлттэй явагдана гэсэн үзэлтэй
  • Масс зарим нэг нэмэлт зан чанартай болсноор элит болох боломжтой гэдэг үзэлтэй. Тэд Паретогийн онолыг алдаатай гэж үздэг Радикал үзэлтэй либералистууд бөгөөд, томоохон төлөөлөгч нь Жеймс Розенау юм. Тэрээр “скилфул-индивидуум”-ын онолыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл массын төлөөлөгч тодорхой нөхцөл байдалд ороод харанхуй бүдүүлэг, хэн ч биш байхаа болиод улс орноо удирдах үйл явцад оролцож эхэлнэ гэжээ. 

Неолиберализм, тэр дундаа радикал либерализмд ардчиллыг зөвхөн элитэд шалгарах нэг арга зам гэж үзэлгүй эрх мэдлийг хувь хүмүүст хүртээх арга гэж үздэг байна. Тэдний бодлоор ардчиллыг түгээснээр нийгэм өөрөө чанарын хувьд сайжрана, элит ба масс гэсэн хоёр туйл хоорондоо ойртож эхэлнэ. Паретогийн онолоос ялгаатай нь радикал либералуудын хувьд масс бол нэгэн хэвийн, тогтмол байдаггүй, масс бол хувьсамтгай, тэр элитийн адил өөрчлөгдөж болно. Элит ба массын нийлбэр хагас масс, хагас элит “гибрид хүн” үүсэх боломжтой. Энэ гибрид бол скилфул-индивидуум. Тэр удирдах эрхэнд очих хэмжээний тийм элит биш, тэр бол энгийн хүн. 

Энэ тухай Америкийн социологч Лэш “Элитийн бослого” гэдэг сонирхолтой ном бичсэн. Тэрээр номдоо: “Хорьдугаар зууны эхэнд Ортега-Гассетын бичсэнээр нийгэм дахь массын босолт нь нийт массын оюун ухаан, оюун санаа, соёлын түвшинг дордуулдаг байсан. Харин одоо элитүүд тийм байдалд очоод байна” гэжээ Лэшийн үзэж буйгаар орчин үеийн улс төр, эдийн засгийн элитүүд жинхэнэ элит мөн чанараа гээчихсэн. Одоогийн элитүүд бол нийгмийн оройд ямар нэгэн байдлаар гарчихсан, авьяас чадвар, ур ухаан, соёлоороо дундажаас доогуур түвшний хүмүүс. Тэд бол нийгэмд эзлэх байр суурь, эрх үүргийн хувьд элит ч гэсэн өмнөх үеийн Черчилль мэтийн ардчиллын лидер байсан ноёд шиг ухаан, эрх мэдэлгүй хүмүүс. Урьд өмнө нь элитүүд бол соён гэгээрсэн хүмүүс, ард түмэн харанхуй бүдүүлэг байсан. Харин одоо саарал элитүүд бий болчихож. Энэ төрлийн хүмүүс өндөр албан тушаалд очсоныхоо дараа мэдлэгийн хүрээгээ тэлдэггүй, илүү далайцтай сэтгэдэг агуу хүн болдоггүй, тэд яг л өмнө байсан шигээ хэвээрээ үлддэг. 

Оросын философич Александр Кожев Гегелийн дэвшүүлсэн асуудлыг шийдэх санал гаргасан нь ноён ба боол хоёрын дундах хүнийг бий болгох. Ноён, боолын гибрид буюу иргэн хүн. Иргэн хүн ноён шиг аймшиггүй, идэвхтэй, цогтой биш, ноёныг бодвол хулчгар бас тэнэг. 

Иргэн хүн бол сүр сүлдийг нь дарсан ноён шиг, массыг санагдуулам хүн. Гэхдээ массаас ялгаатай тал нь тэр ямар нэгэн юмыг хүсч, түүнийгээ нэхдэг. Масс бол юу ч хүсдэггүй, хэн түүнийг удирдана, яаж удирдах нь хамаагүй. Массд зөвхөн идэж, унтах, тв үзэх, ажиллах, гоо сайханд ороход хангалттай. Эхнэр, нөхөр, хүүхэдтэй, орон байртай, машинтай байж наад захын хэрэгцээ нь хангагдахад масс өөр юуг ч хүсдэггүй. Энэ бол орчин үеийн масс. Харин өмнөх үеийн массд талх өгөхөд хангалттай байсан. Тэд талхаа иднэ, тарина, тарьснаа идэнэ. Ийм л байсан.

Кожевын үзэж буйгаар иргэн хүн бол ноёнтой харьцуулахад хулчгар, тэнэгдүү ч масстай харьцуулахад дуулгаваргүй, хэтэрхий ухаантай, амбицтай, ямбатай, хэтэрхий дураараа хүн. Тэр бол элит ба массын зөрчлийг арилгасан гибрид. Иймд радикал либералистууд иргэний нийгэм, иргэн хүнийг дэмждэг. 

Иргэд масс ч биш, ноёд ч биш, тэд удирдах чадваргүй атлаа захируулах дургүй, агуу зүйл хийх чадваргүй ч өөрийн жижигхэн ертөнцдөө сэтгэл хангалуун амьдарч чаддаггүй. Энэ бол Лэшийн хэлж буйгаар бол элитийн бослого.

Уран зохиол дээр жишээ авч үзье. Дон Кихот бол ноён, Санчо Панса – иргэн хүн. Панса ноёны нэрийн өмнөөс массыг захиргаадаж чадна, түүний ард ноёны нөмөр нөөлөг байгаа учир тэр хааяа жаахан давардаг. Харин нөгөө талаасаа тэр Дон Кихотын бодол санаагбодит байдал руу эргүүлж, реалист байхад нь тусалдаг. Дюмагийн “Шадар гурван цэрэг” зохиолын дүрүүд мөн адил иргэн хүмүүс. Тэд ноёныхоо зан чанарыг дуурайж, сулавтар хувилбарууд нь болж амьдардаг. Ийм гибрид хүмүүс заримдаа эрэлхэг зоригтой, заримдаа хулчгар, хувиа хичээсэн зан гаргадаг. Тэгвэл энэ боолууд ноёноо унагааж байрыг нь эзэлсэн гэж бодоход тэд ямар нийгэм байгуулах бол? Иргэний нийгэм. Иргэний нийгэм бол үнэндээ иймэрхүү массаас гаралтай ч тэднийг захираад сурчихсан, удирдагчдаа түлхэн унагасан хүмүүсийн нийгэм юм. Тэд ноёндоо зүтгэхдээ боолуудыг захирдаг байсан тул энэ зангаа тавихгүй. Элитийн хувьд бол тэд масс, массын хувьд бол тэд элит. 

Яг ийм иргэн хүнийг хүний эрхийн хууль хамгаалдаг. Ноёныг хамгаалах хэрэггүй, тэр өөрөө өөрийгөө хамгаалж чадна, ноён өөрийнхөө эрхийг сайн мэднэ. Харин ард түмэн-масс эрхээ эдэлж чаддаггүй тул эрхийг нь зөрчсөн ч тэд анзаарахгүй. Иргэн хүн л эрхээ хамгаалуулахыг хүсдэг. 

Радикал либерализмийг дэмжэгчид элит ба массыг шахан гаргаж скилфул-индивидуумыг бий болгохыг хүсдэг. Элит ба масс гэсэн бүлгүүд байхгүй болоход бүгд эн тэнцүү болно. Радикал либералууд элит ба массын асуудлын шийдлийг үүнд байгаа гэдэгт итгэдэг. 

Үүний дүнд дэлхийн элитүүд, дэлхийн массыг орлож чадах зөвхөн хиймэл, скилфул хувь хүмүүсээс бүрдсэн иргэний нийгэм байгуулагдана. Тэд бол жинхэнэ дунд зэрэглэлийн хүмүүс. Нийгмийн дээр ч биш доор ч биш дунд нь орших дундаж зэрэглэлийн хүмүүс. Транснационализм үзэлтнүүдийн хэлж буйгаар яваандаа дундаж зэрэглэлийнхэн массыг дээш нь татаж, элитийг доош буулгаж, бүгдийг ижил зэрэглэлд авч ирэх болно. Тэд өөрсдийгөө удирдана, хүн бүр өөрийгөө удирдаж иргэний нийгмийг байгуулна. 

Захирах, удирдах хоёр хоорондоо ялгаатай. Захирах хүн байхгүй болоход бүгд өөрөө өөрсдийгөө удирдана. Менежмент бүх юмны үндэс суурь болно. Хүн бүр менежер, харин том менежер үү, эсвэл жижиг үү гэдэг нь нөхцөл байдлаас хамаарна. Хүмүүс өөрсдийгөө эзэд эсвэл хүний дор ажилладаг ажилтан гэж бодохгүй “би бол менежер”, би өөрөө өөрийнхөө зохицуулагч, удирдагч гэсэн ойлголттой болно. Чи орон гэргүй хүн байлаа ч өөрөө өөрийнхөө менежер.

Зомбарт үүнийг маш сайн тайлбарлаж өгсөн байдаг. Комфортизм буюу тав тухтай байдалд дуртай байх нь тав тухтай амьдардаг хүмүүсийн үнэт зүйл биш. Харин комфорт-тав тухын талаар сонсоо ч үгүй, ямар байдгийг нь мэдрээгүй хүмүүсийн тахин шүтэж, хүсэн мөрөөддөг зүйл. Тэд тав тухыг маш сайхан гэж төсөөлдөг, гэхдээ түүнд хүрч чаддаггүй. Яг үүнтэй адил хүн бүр бодол санаандаа менежер. 

Энэ бүхэн эцэст нь дэлхий нийтийн иргэний нийгэм байгуулагдахад хүргэнэ. Ардчилалд хүрэх үйл явц нь улс орон доторх, цаашлаад бүх улс дахь элит ба массыг нийлэхэд хүргэвэл улс орон гэж байхгүй болж, дэлхий даяар нэг иргэний нийгэм байгуулагдана.


МАРКСИСТ ПАРАДИГМЫН ӨНЦӨГӨӨС ХАРАГДАХ ЭЛИТ БА МАССЫН ОНОЛ

Энэ үзлээр бол элит гэдэг нь хөрөнгөтний элит, эдийн засгийн хувьд элит байхыг хэлдэг. Харин масс гэдэг бол пролетари, ажилчин анги. Неомарксистуудын бодлоор пролетари-масс болон хөрөнгөтний элит нарын зөрчилдөөн дэлхийн түүхийг бүтээжээ. 

Элит байх үгүйг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр тодорхойлно. Элит бол хөрөнгөтний бүлэг. Тэд үйлдвэрлэл явуулах хөрөнгөтэй хүмүүс. Харин ажилчин анги эсрэгээрээ зөвхөн өөрийнхөө хүч чадалд найдаж, хүний дор ажиллаж чадна. Түүнд хөдөлмөрлөхөөс өөр юу ч байхгүй. Улмаар хөрөнгөтэй бүлэг хөрөнгөгүй массыг доороо ажиллуулдаг гол зарчим энд үйлчилнэ. 

Парето марксизмын чухам энэ санааг л эсэргүүцэж байсан. Паретогийнхоор бол элит ба массын хооронд чанарын ялгаа байдаг. Энэхүү босоо эрх мэдлийн системийг үүсгэсэн тэр үзэл суртал тийм ч чухал биш гэж Парето үздэг. 

Социалист хувьсгал гарч хүн бүр эдийн засгийн хувьд тэгш болсон тэр үеийг авч үзвэл Паретогийн онол батлагдаж байна. Хувьсгал гарч социалист нийгэм байгуулагдсанаар Хятад, Орос болон бусад улс оронд эд хөрөнгийн тэгш бус байдал байхгүй болсон. Өөрөөр хэлбэл хүн бүр хөрөнгө эзэмшлийн хувьдзасаг төрийн өмнө ижил тэгш болсон. Баян, ядуу гэж байхгүй болсон байв. Эрдэмтэн ба улс төрч, урлагийн хүн болон энгийн ажилчин нарын цалингийн зөрүү хамгийн ихдээ гурав дахин ялгаатай байв. Харин одоо үед энэ хүмүүсийн хөрөнгийн ялгаа дөрвөн мянга дахин, эсвэл сая дахин байгаа шүү дээ. 

Социалист улсуудад хэрэгжсэн бүгд эд хөрөнгө, эдийн засгийн хувьд эн тэнцүү байх тэр цаг үед нэгэн сонирхолтой зүйл ажиглагддаг. Энэ үед элит ба массын хоорондын харилцаанд ямар өөрчлөлт гарсан бэ? Элит ба массын зөрчилдөөн арилсан уу? Үгүй. Эдийн засгийн асуудал байхгүй болсон ч эрх мэдлийн зөрчилдөөн байсаар л байсан.Дахиад л элит бүлэг нийгмийн оройд гарч эрх мэдлийг атгаж, массыг захирч эхэлсэн. Ажилчин ангийн өмнөөс, шударга ёсны нэрийн өмнөөс захирч эхэлсэн. Эдийн засгийн загвар нь өөр болсон ч Паретогийн хэлээд байсан босоо эрх мэдэл хэвээрээ үлджээ. 

Сталин бол элитийн ротацийг хийсэн хүн. Хөрөнгөтний элитүүд урагшгүй царцанги байдалтай байсан тул тэр байдлыг өөрчлөхөөр шийджээ. 1930-аад онд Сталиний репресийн асар том эрчлүүр коммунист элитүүдийг авч хаясан. Эхлээд хаант элитүүдийн эсрэг Лениний удирдсан улаан террор босож, дараагаар нь Лениний элитүүдийн эсрэг Сталиний террор гарч ирсэн. Энэ бол Паретогийн хууль, элитийн ротаци. 

Парето марксизмийг шүүмжлэхэд марксист үзэлтнүүд үүний хариуд: энэ бүхэн түр зуурынх, зөвхөн Зөвлөлт улсад ийм юм болж байна, дэлхийн хувьсгал болоогүй байна гэдэг байв.Өнөөдөр дэлхий даяарх капиталист элитүүд болон ажилчин ангийн хоорондын зөрчилдөөн нэмэгдсээр л байна. 

Одоо үед дэлхий даяар болж байгаа үйл явдлуудыг авч үзэх юм бол зарим талаараа марксистуудын зөв байжээ. Цөөн хэдэн олигархуудын гарт нийт эд хөрөнгийн ихэнх хэсэг төвлөрч бусад дэлхийн хүн ам ядуурлын ирмэг дээр иржээ. Статистикаас харахад дэлхийн хүн ам улам л ядуурч байна. Энэтхэг улсаар жишээ авч болно. Энэтхэг бол маш том улс гүрэн мэт төсөөлөгддөг ч хүмүүс тэнд тойроод суучихсан покрышк түлж байдаг. Бүтэн тэрбум хүн юу ч хийдэггүй, ядуурал бүрэн нүүрлэсэн. Эмэгтэйчүүд бохир, заваан шуудуу дотор төрнө. Дели хотын төвд шүү дээ. Таж-Махал очих замд бүрэн бүтэн байшин байхгүй. Гурван ханатай эсвэл хоёр ханатай, хэрэв дөрвөн ханатай байх юм бол дээвэргүй гэх мэт. Хүмүүс нь цаасан хайрцаг, хогийн саванд амьдардаг. Мэдээж Энэтхэг улс бол үйлдвэрлэл хөгжсөн гүрэн, гэхдээ тэнд баян ядуугийн ялгаа бүр туйлдаа хүрчихсэн. Долларыг тэрбумаар нь эргэлдүүлдэг шинэ энэтхэгүүд байдаг л даа. Гэхдээ тэднийг тэндээс олж харахгүй. Улсдаа амьдардаггүй, гадаадад гарчихсан байх. Энэ бол дэлхийн хогийн сав. Тэнд би хүнээ байсан дүр зураг олныг харсан, тэгтэл Энэтхэг чинь ариун орон шүү дээ, хүмүүс ариусахын тулд Энэтхэгийг зорьдог. 

Энэ бүхэн элитүүд нэг газар төвлөрч, масс өөр газар байна гэсэн марксист үзлийн нотолгоо болж байна. Марксист үзэлтнүүдийн хэлж буйгаар бол нэг талаасаа олигархуудын элитийн төвлөрөл улам нягт болж байна. Олигархуудын тоо багасч байгаа ч эд хөрөнгө нь улам өсөж, үүний хажуугаар дэлхийн нийт хүн амын амьдралын түвшин доошилсон. Хүн болгон л айфон, айпэдтэй болж байгаа юм чиньамьдралын түвшин дээшилсэн мэт бидэнд хааяа санагддаг. Гэхдээ яг үнэндээ бол статистик мэдээгээр дэлхийн нийт хүн амын 51% утас хэрэглэж үзээгүй гэсэн судалгаа байдаг. Том хотуудад байдал сайн байгаа ч алслагдсан бүс нутгуудад хүмүүс хэрхэн амьдарч байгааг бид төсөөлөх ч үгүй байна. Бид зүгээр л анзаарахаа байчихсан, бидний хамаг анхаарал Microsoft, Apple-ийн реклам дээр төвлөрсөн. Марксистуудын хэлж буйгаар харанхуй, бүдүүлэг амьдарч байгаа масс бол жинхэнэ масс. Тэд дэлхий даяар хувьсгал хийх ёстой. Бүх масс тэр чигээрээ нэгдэж нэг бохир шуудууд орж, орос, африк, энэтхэг гэх мэт бүх улсын элитүүд аль нэг улсын баян, тансаг клубт цугларах цаг ирнэ. Эцсийн эцэст эдийн засгийн хувьд ялгарах элит болон масс туйлдаа хүрэх үед хувьсгал болж, элитүүд устаж, коммунизм байгуулагдана. Энэ бол элит ба массыг харах марксист үзэл юм. Марксистуудын хувьд үндэстний элит гэдэг ойлголт байдаггүй. Энэ маш чухал. Өмнө нь ярьж байсан реалист үзлээс тэс өөр. Элитүүд транснационал буюу аль нэг үндэстэнд хамаарахгүй гэж үздэг.