Элэгний хепатитийн эрт илрүүлгийн шинжилгээнд 21 аймаг, нийслэлээс нийт 353445 хүн хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. Мэдээллийн сан дахь эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 43.7 байгаа бөгөөд утсаар мэдээлсэн хамрагдалтын хувиас 3.4 хувиар бага буюу 25504 хүний мэдээлэл мэдээллийн санд ороогүй байна. 

Харин  Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Завхан, Хэнтий, Дорнод, Орхон аймгуудад хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Мөн Булган, Баян-Өлгий, Улаанбаатар хотод хепатитийн вирусын халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь 40 хувиас доош үзүүлэлттэй буюу тааруу хамрагджээ.

Мөн Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдалт тааруу байгаа ажээ.

Хэрвээ та хамрагдаагүй бол вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан газраар дамжуулан хийж, тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлж байна. Үүнд, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, “Интермед”, “УБ Сонгдо”, “Грандмед”, “Медипас” “Аллергимед”, “Монгол Хьюндай”, “Итгэл”, “Онкоген”, “Гялс”, Анагаах ухааны төв, “Мобио”, “Оношмед”, “Бона Вита”, “Протолаб”, Элэгний төв, “Гэгээн Ар Үр”, “Медипас”, “Евро стандарт”, “Хаппи веритас” эмнэлэг, лаборатори багтаж В, С вирусийг тоолж иргэдэд үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авч байгаа аж.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд  40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж буй. Үүний хүрээнд “Элэгний вирусийн идэвхжил” тодорхойлох сонгон шалгаруулалт явагдаж, 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.