Брэндүүд бүтээгдэхүүний хаяг шошгоо байгалийн гаралтай, дахин боловсруулах боломжтой, органик гэж тодотгох болсон билээ. Арга ч үгүй юм, энэ бол дэлхий дахины хандлага. Гэхдээ эх дэлхийдээ ээлтэй гэж сурталчилдаг бүхэн үнэн байдаггүй. Үүний цаана борлуулалтаа өсгөх маркетингийн заль мэх нуугдаж байдгийг та дараах баримтаас анзаарах болно. Гэхдээ бүх компаниуд иймэрхүү аргаар өрсөлддөггүй гэдгийг ч бас тодотгон хэлэх ёстой.


1. Газрын хөрсөнд бордоо болно гэдэг ч үнэндээ…

Ургамлын гаралтай материалаар хийсэн биопластикийг хуванцар савны оронд сонгох болсон. Гэвч зарим төрлийн биопластикууд нь хүрээлэн буй орчинд хуванцар шиг удаан хадгалагддаг. Ихэнхдээ үйлдвэрийн аргаар л биш бол бордоо болдоггүй, байгальд үл шингэх тул энгийн пластиктай адилхан хор хөнөөлтэйг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн судлаачид онцолжээ.


2.Нарны тосны найрлага далай тэнгисийн амьтдад сөргөөр нөлөөлдөг

Нарны тосыг химийн болон физикийн гаралтай гэж ангилдаг. Физикийн гаралтай нь нарны туяаг ойлгож хамгаалдаг. 

Харин химийн нарны тос нь хэт ягаан туяаг арьсанд нэвтрэхээс сэргийлнэ. Энэ төрлийн тос нь далайн амьтад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвч зарим брэндүүд авобензон, гомосалат, октисалат, октокрилен зэрэг бодисыг агуулсан тул найрлага нь цэвэр буюу байгаль орчинд ээлтэй гэж худалдаалдаг. 

Үнэндээ нарны тос хог хаягдал болсон тохиолдолд далай тэнгисийн амьтдад хор хөнөөлтэй гэж үздэг.


3. Хулсан материалаар хийсэн дахин ашиглах боломжтой хөвөн


Хулс эхний хэдэн жилдээ удаан ургадаг ч тав дахь жилээсээ огцом хурдан ургадаг онцлогтой ургамал. Иймээс хөвөнгөөс хамаагүй бага ус шаарддаг байна. Гэхдээ гол асуудал нь хулс мод бус түүний даавуунд байгаа юм. Хулснаас гаргаж боловсруулсан даавуун материалыг үйлдвэрлэхэд маш их хэмжээний химийн бодис шаардагддаг. Энэ нь эргээд байгальд сөрөг нөлөө үзүүлдэг.  Үүний оронд органик хөвөн эсвэл маалингаар хийсэн, дахин ашиглах боломжтой хөвөнг ашиглахыг зөвлөе.


4. Хошууг нь сольдог сахлын татуурганаас татгалзах шалтгаан


АНУ-д гэхэд ганцхан жилийн дотор 2 тэрбум хуванцар иштэй сахлын татуурга хог хаягдал болж байдаг. Хэдийгээр хэрэглээгээ өөрчилж хошууг нь л сольдог сахлын татуургыг олон удаа ашигласан ч мөн ч хог хаягдлын тоог нэмдэг аж. Иймээс төмөр татуургыг санал болгож байна.

Төмөр татуургын насаараа хэрэглэх тул байгаль орчинд хамгийн ээлтэй шийдэл болох юм.


5. Органик хэдий ч сав баглаа боодол нь хуванцар бол бүү худалдан ав

Хэрвээ та эх дэлхийдээ ээлтэй хэрэглээг дэмждэг бол бараа бүтээгдэхүүн сонгохдоо баглаа боодлыг нь ч бас анзаараарай. Жишээ нь100 хувь органик саван хэрнээ пластик савтай бол мөн л хог хаягдал худалдан авч байна гэсэн үг. Үүний оронд цаасан савтай бараа бүтээгдэхүүннийг сонгоорой.


Б.Халиун