Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 15.101.000 хүн өвчилж, 622.000 хүн энджээ. Нийт 9.200.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 5.300.000 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. 

Коронавирус тархаж эхэлсэн эхний гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилсөн, дараа нь сарын хугацаанд нэг сая хүн өвчилж байсан бол одоо 4-5 хоногт нэг сая хүн уг вирусээр өвчилж байна. Энэ нь коронавирус ямар эрчтэй тархаж буйг харуулж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 202.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. 

АНУ-ын 39 мужид хөл хориог яаран сулруулснаар өвчлөл нэмэгджээ. Цаашид цар тахал улам хүндэрч өдөрт өвчлөх хүний тоо нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулсан. Гэхдээ Вашингтоны их сургуулийн судалгаагаар АНУ даяар хүн бүр амны хаалт зүүвэл 11 дүгээр сар гэхэд нас баралтыг 5.000-аар бууруулах магадлалтай гэсэн тооцоолол гарсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 5.862 хүн шинээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 19-38 тохиолдлоор нэмэгдсэн. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 23 хүн хүн орж, 52 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2985 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны хүүхэд 227, жирэмсэн эмэгтэй 123, архаг хууч өвчтэй 333 хүн байна. Тэдэнд 43 их эмч, 85 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.