П.Мөнгөнсор
06 сарын 19, 2024
Байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлуудын талаарх мэдлэг олгох, бодит арга хэмжээ авахад ЕБС-ийн клубүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Earth School Mongolia” буюу “Эх дэлхийн сургууль” хөтөлбөр өнгөрөгч Бямба гарагт хаалтаа хийлээ.
НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас санаачлан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, Breathe Mongolia - Агаарын харуул ТББ-ын дэмжлэгтэйгээр 2024 оны 03 сараас 06 сарын хооронд хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт орон нутгийн 11, нийслэлийн 14 ЕБС-ийн клубийн 500 гаруй сурагч хамрагдсан байна.
Сурагчид байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдлэг олгох зорилготой 20 академик цагийн цахим сургалтад сууснаас гадна цахим хичээл бататгах семинарт хамрагдах, шувуу ажиглах, музей болон зоопаркаар зочлох, сургуулийн орчиндоо мод, цэцэг тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцжээ.
Хаалтын ажиллагааны үеэр клубүүд менторуудын тусламжтайгаар хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулсан юм. Зарим төслөөс дурдахад:
Түүнчлэн Дорноговь аймгийн 1-р сургуулийн Эко клуб сургуулийн хашаандаа говийн нөхцөлд хамгийн сайн ургах арга техникийг ашиглан мод тарих төсөл хэрэгжүүлсэн бол тус аймгийн 6-р сургуулийн Ногоон баатрууд аймагтаа хуванцар хаягдал цуглуулах аян өрнүүлж, томчуудад хогоо ангилах тухай мэдээлэл өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгуулжээ.
“Эх дэлхийн сургууль” төслийн хэрэгжилтийг дүгнэхдээ оролцогчид лекцээр дамжуулан төрөл бүрийн мэдлэгтэй болсноос гадна семинар, арга хэмжээнүүдээр дамжуулж мод, цэцэг хэрхэн зөв тарьж арчлах, хог хаягдлаа зөв ангилан ялгах, мөн багаараа ажиллах ур чадваруудад суралцсанаа тэмдэглэв.
Түүнчлэн “Байгаль орчноо хайрлан хамгаалахад хүүхдүүд бидний оролцоо маш чухал ач холбогдолтой гэдгийг ойлгосон” гэв.
Харин зарим оролцогчид өөрсдийн бичил төслийг хэрэгжүүлэх үеэр “хүүхдүүдийн хандлагаас илүүтэйгээр томчуудын хандлагыг өөрчлөх нь хамгийн хэцүү байсан” гэдгийг онцолж байв.
Төслийн ерөнхий зохион байгуулагч НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дөлгөөндусал хэлэхдээ “Хүүхдүүд менторыхоо тусламжтайгаар богино хугацаанд ямар их зүйлийг сурч, хийж бүтээснийг харахад бахархалтай байна. Хөрсийг нь сайн бэлдээд, багахан дэмжээд өгвөл хүүхдүүд өөрсдөө байгаль эх дэлхийнхээ төлөө маш шинэлэг, бүтээлч, үр дүнтэй арга хэмжээг авч чаддаг нь “Эх дэлхийн сургууль” хөтөлбөрөөр харагдлаа” гэв.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.200] ・ 2024.06.20 Хариулах
Хөөрхөн хүүхдүүддээ амжилт хүсье ээ. ????