Элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ цагт бид мэргэжлээ хараахан сонгож амжаагүй залуусдаа зориулан салбар салбарын манлайлагчдын мэргэжлээ хэрхэн сонгосон түүх тэдний алдаа, оноо, мэргэжлийнх нь үнэ цэнийн талаар цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Өнөөдрийн ярилцлагын буланд график артист, хүүхдийн номын зураач Э.Энххүслэнг онцоллоо.  


-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Анхнаасаа график артист болно гэж огт бодож байгаагүй. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ эмч мэргэжилтэй тул гоо сайхны хагалгааны эмч болно гэж мөрөөддөг байлаа.

Бусад хүүхдийн адилаар хүүхэлдэйн кино үзэх дуртай. Үзэх тусам үүнийг яаж ингэж бодит мэт хийдэг юм бол гэсэн бодлоос энэ мэргэжлээр суралцах хүсэлдээ хөтлөгдсөн.


-Анхны ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-2012 онд арван жилээ төгссөн юм. Сургуулиа төгсөхөөс яг жилийн өмнө ‘shurikenteam.com” гэдэг манга болон анимэ орчуулгын сайтад ажиллаж үзсэн. Тэнд ажиллаж байхдаа манайд нэлээн алдартай  “Мост манга”-д ажилладаг чадварлаг зураач нартай хамтран ажиллах боломж олдсон. Хамтдаа анх удаа студи байгуулж, тусдаа гараад фестивалиуд дээр хөрөг зурдаг ажил хийж эхэлж байлаа. Студиэ “ST-Art Studio” гэж нэрлээд монголын анхны манга сэтгүүл гаргахаар хамтдаа зорин ажилласан. Ингэж одоогийн “Мост” сэтгүүлийн эхлэл тавигдсан юм. 


-График артист мэргэжлээр суралцахад ямар ямар суурь ур чадвар шаардагддаг вэ?

-Хамгийн энгийн чадвар гэвэл юмсыг хараад зурах авьяастай байх чухал. Хийсвэрлэн сэтгэж зурж чадахгүй ч гэсэн зурах эв дүйтэй хүн амархан сурчихдаг.

Дүрслэх урлагийн дээд сургуульд эхний жил хар зураг, натюрморт байнга зуруулдаг учраас бага багаар сайжирна. Гол нь хүсэл сонирхол л чухал шүү дээ.


График артист Э.Энххүслэнгийн иллустрэшион бүтээл
 

-Таны мэргэжил ямар онцлогтой вэ?

-Хүмүүс график артист мэргэжилтэй гэхээр график дизайнертай нэлээн андуурдаг л даа. Манайхан арай энэ мэргэжлийн утга учрыг ойлгоогүй байна гэж хардаг. 

График артист бол бүтээлч байж, задгай сэтгэж, түүх өгүүлэх, чөлөөт уран бүтээл дээр ажилладаг. Харин график дизайнер ямарваа нэг сэдвийн хүрээнд, зорилго нь тодорхой ажил хийдэг юм.

Манай мэргэжлийн бас нэгэн онцлог гэвэл цагт баригдахгүй, оффист заавал сууж хийх шаардлагагүй. Гэхдээ заримдаа оффисын мэргэжилтэй хүмүүст атаархах үе бий. Ажилдаа хэдэн цаг суучихаад, гэртээ ирээд амардаг учраас ажилтан мэт мэдрэмж авах нь сайхан. Өнгөрсөн 12 сард “Монгол контент ХХК”-ны цахим боловсролын төсөл дээр  ажиллахад яг тийм мэдрэмж авсан. Одоо бол хүүхдийн номын төсөл дээр ажиллаж байна. Хүүхдэд хэн ч зааж өгдөггүй харилцааны суурь боловсрол олгох зорилготой номын зураачаар ажиллаж байна. 

                                                                                                                                           

-Бас үнэхээр их ажиллагаа шаарддаг ажил шүү дээ. Үр дүнтэй ажиллаж сурахын тулд хэрхэн төвлөрдөг вэ?

-Би аливаа зүйлд сэтгэлээсээ, нэгэнт хийгээд эхэлсэн бол заавал эцсийг нь үзэж байж дуусгадаг зан чанар, зарчимтай л даа. Хэчнээн олон өдөр, цаг шаардаж, хийхэд хэцүү байсан ч ажлаа дууссаны дараа хийсэн бүтээлээ харахаар  үнэхээр юунаас ч авч чадамгүй тийм жаргалыг мэдэрдэг. 

Их сургуульд орох гэж байгаа хэдий ч хараахан сонголтоо хийж чадаагүй бол санаа зоволтгүй. Хэрвээ хүсэл сонирхолд чинь таарахгүй мэргэжил сонгочихсон бол заавал дөрвөн жилээ зориулах хэрэггүй гэж зөвлөнө. 


Түүний инстаграм хуудсаар зочлоорой...


-Шантарсан үедээ яаж даван туулдаг вэ?

-Шантрах цөөнгүй тохиолдол байсан. Гэхдээ буцах замгүй байсан учраас эцсээ хүртэл шүд зуугаад сурдаг байлаа. Эцэг эх маань надад эмч болох хялбар зам санал болгож байхад эрс татгалзаад сонгосон замаараа явсан учраас надад буцах зам байхгүй гэж өөртөө байнга хэлдэг байлаа. Бүр их сургуульд бүртгүүлэхдээ хүртэл ганцаархнаа очиж бүртгүүлсэн. Шалгалтаа өгөөд тэнцсэн мөчөөс хойш би өөртөө заавал чадах ёстой гэдэг өгөгдлийг суулгасан. Шантрах болгондоо амьдрал хэцүү биш чи л муу байгаа болохоор ийм хэцүү байна гэж хэлдэг байлаа. 


-Ирээдүйд энэ мэргэжлээр суралцаад төгсөх залууст карьерийн өсөлт, ирээдүй хэр байна гэж та харж байна?

-Ойрын хэдэн жилдээ лав үнэ цэнээ алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн график артист мэргэжилтэй хүн дан ганц зураг зураад суудаггүй. Нэг ёсондоо хөрвөх чадвар өндөртэй. Тухайлбал, график болон комик ном, киноны сторибоард, дизайн гаргах гээд мэргэжлийн олон салбарт хөрвөж болох юм. Санхүүгийн хувьд ч гэсэн уран бүтээлч хүн хэр чадвартай, өөрийгөө сурталчилж, үнэлж чадаж байгаагаас орлогын төвшин өндөр байх боломжтой. 

-Туршлагаа хуваалцсан танд баярлалаа.


Ярилцлагаас гадна энэ чиглэлээр мэргэшин суралцах сонирхолтой хүүхэд, залууст зориулан график артист гэж чухам ямар мэргэжил болох, цалин орлого болон ирээдүйд өсөн нэмэгдэх боломжийн талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна.  



График артист гэж ямар мэргэжил вэ?

График артист буюу график зураачид нь дизайнераас ялгаатай нь тухайн үйлчлүүлэгчийн санал болгосон загварыг уран сэтгэмжээрээ баяжуулан зурдаг мэргэжил юм. Тухайлбал, байгууллагын нүүр царай болох характер дизайн, сурталчилгааны контент бэлдэх, комик болон номны зураг бэлтгэх, хэрэглээний арт зэрэг ажлыг хийнэ.

Ажлын байрны өсөлт (2019-2029): - 4 хувь (бүх график дизайнеруудын хувьд)

Жилийн дундаж цалин (2020 оны байдлаар): 58,370 ам.доллар (дэлхийн жишгээр)


Энэ мэргэжлийн хүмүүс урлаг, технологийг хослуулан мэдрэмж дээрээ тулгуурлан бүтээлээ гаргадаг. Тэдний бүтээлийг хүүхэлдэйн кино, зар сурталчилгаа, номын иллустраци, маскот дүр, хувцасны хээ угалз гэх мэт зүйлсээс харж болно. Уран зураг болон ноорог зургийг хослуулан ажиллаж болох ч сүүлийн үед ихэнх артистууд компьютер болон таблет ашиглан гүйцэтгэдэг болсон. Иймд шаардлагатай програм хангамжууд дээр ажиллах чадвар шаардана. 



График артистуудийн голчлон хийдэг ажлыг дараах таван төрөлд хуваадаг байна:


 Illustrations

График артист Э.Энххүслэнгийн бүтээл
 

                                                                                  

Comic Books

                                                                                   График артист Э.Энххүслэнгийн иллустрашион бүтээл
 

Cartoons


Graphic Novels

График артистийн Э.Энххүслэнгийн бүтээл
 

                                                                                                                                 

Movie Illustrations


Ихэнх график артист нь эдгээр аль нэг чиглэл рүүгээ мэргэшин ажилладаг. Мөн энэ салбарын мэргэжилтнүүд хувиараа бизнес эрхлэх тохиолдол олон. Тухайн хүмүүс тоног төхөөрөмж худалдан авах, шинэ үйлчлүүлэгч хайж олох гэх мэт нэмэлт үүрэг хүлээнэ. Энэхүү мэргэжилтэй хүмүүс ихэвчлэн хатуу тогтоосон хугацаанд ажилладаг тул ажлын урт цагтай, оюуны ачаалал өндөртэй ажилладаг.