Сошиал орчинд хоржоонтой бичлэгийн өнгө аясаараа олонд танигдсан нийтлэлч Э. Адъяасүрэнг энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. 

Хэдхэн хоногийн өмнө “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” номоо өлгийдөн  авсан тэрбээр “Эхлэлээс экспорт руу”, “Оргил өөд-1,2” “Гантай өнгөрүүлсэн 100 хоног” зэрэг 20 гаруй номын зохиогч, редактораар ажилласан туршлагатай сэтгүүлч юм. 


-Бидний урилгыг хүлээн авсан Танд баярлалаа. Юуны өмнө яагаад сэтгүүлч болохоор шийдсэн тухай ярианаас ярилцлагаа эхлэе.


-Би уурхайчдын өлгий нутаг Дарханы Шарын гол суманд төрж өссөн. Манай нутаг наймхан мянган хүн амтай жижигхэн суурин газар. Би долдугаар ангиасаа л сэтгүүлч болно гээд “Хойчийг залгамжлагч” сонинд сумынхаа талаар мэдээ бичиж явуулдаг байлаа. Болсон үйл явдал, аймгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн хүүхдүүдийн талаар бичнэ. 

Тэр болгоныг засч тордоод идэвхтэн бичигчдийн буланд нийтэлдэг байсан сонины хүмүүст одоо ч талархаж явдаг юм. Ахлах ангидаа сумынхаа телевизэд нэвтрүүлэгч, хөтлөгч хийдэг байлаа. Телевиз ч гэж, тэр үед Үндэсний ТВ даваа гарагт гардаггүй, сум орон нутгууд өөрсдийн мэдээллээ цацдаг нэг жижиг студитэй болж эхэлж байсан үе л дээ. Энэ мэтээр мөрөөдөлдөө хөтлөгдсөөр МУБИС-д спортын сэтгүүлчийн ангид элсэн суралцаж, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас ажлын гараагаа эхэлсэн юм. Парламентын сурвалжлагч, улс төр-дотоод үйл амьдралын тоймч, агентлагийнхаа “Монта” теле студид ахлах редактор гэх зэргээр нийтдээ 11 жил ажилласан. Сүүлийн арван жил олон нийттэй харилцах буюу PR мэргэжилтнээр ажиллалаа.


-Сэтгүүлч хүн гэдэг бичихийн төлөө л төрсөн мэт санагддаг. Сэтгүүл зүйгээс хэсэг хугацаанд холдоход танд ямар мэдрэмж төрж байсан бэ?


- Хэдийгээр би өөрөө PR-т сонирхолтой, тухайлсан салбарын болон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чиглэлээр мэдээ, контент бэлтгэдэг боловч энэ бол сэтгүүл зүйн орчин биш. Харахад уялдаатай мэт боловч PR гэдэг чинь тухайн нэг бодлого, зорилгод хамаарсан олон нийтэд хүргэх мэдээллийн стратегийг тодорхойлох, зохион байгуулах л ажил шүү дээ. Энэ үедээ бичих ажлаа хойш тавьж байгаадаа нэг л сэтгэл дундуур яваад байсан.


-Манайхан PR гэхээр “хар ухуулга” л гэж боддог. Сэтгүүлчийн хувьд мөн чанарыг нь хэр таньсан бэ?


-Хүмүүс үнэхээр яг тэгж боддог. Уг нь нийтэд хүрэх мэдээллээр дамжуулж үйл ажиллагаагаа ойртуулах, массд нөлөөлөх менежментийн ажил. Гэтэл манайхан хэн нэгэн улстөрчийн нэр хүндийг гутаах, эсвэл магтан дуулах зорилготой л гэж ойлгодог. 

Үнэндээ хувь хүн, улстөрч төдийгүй төрийн болон бизнесийн аль ч байгуулллагад хэрэгтэй, бүтээгдэхүүн үйлчилгээ, бодлого шийдвэрээ түгээх, эргээд иргэдийн санаа бодлыг нь тусгах гарц, суваг болдог үр өгөөжтэй ажил. 

Тухайн салбарт хүн өөрөө ажиллаж байж л илүү ойлгох юм даа.


-Таны шинэ номыг эргүүлээд каламбура гэсэн үг нүдэнд туслаа. Та яагаад энэ бичлэгийн төрлөөр бичих болсон юм бэ?

-Энэ төрлийг ярих гэхээр яах аргагүй багшийгаа дурдах хэрэгтэй болно. Надад орчин цагийн монгол хэлний найруулга зүй, сэтгүүл зүйн хэл яриа заасан багшийг маань М.Саруул-Эрдэнэ гэдэг. 

Хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Конгресст судлаач, мэргэжилтнээр ажилладаг гэдгээр нь олон хүн мэднэ. Оюутан байхад намайг эрдэм шинжилгээний хуралд бэлдэж, дипломын ажлыг маань удирдаж байсан эрхэм хүн. 

Төгсөх курсийн ажил маань “Спортын сэтгүүлчдийн ярианы хэл найруулгад хийсэн ажиглалт, анализ” гэсэн сэдэвтэй байсан юм. Тэрхүү хэл ярианд хийсэн анализ маань надад каламбура төрлөөр бичих суурь болсон юм болов уу гэж боддог. Багш миний бичлэгийн өнгө аясыг хараад “Чи ерөөсөө үгээр тоглох, ёжлох, хөнгөхөн чимхэх маягаар бичвэл яг тохирох юм байна даа” гэж байсан юм.


-Каламбура бол ардын аман зохиолын нэг төрөл гэж ойлгодог. Зөв үү?


-Тийм ээ. Гэхдээ орчин үед арай өөрөөр буух байх. Сарказм буюу ёгтлол, егөөдөл тал руугаа илүү дөхнө. Ардын аман зохиол амнаас ам дамжаад, анх зохиосон хүнийх нь нэр мартагдаж, явцын дунд өөрчлөгдчихсөн байдаг даа. Үг хэл хурцтай, жаахан гярхай, хоржоонч хүмүүсийг  монголчууд “ганц үг газар гээдэггүй” гэдэг дээ, тиймэрхүү шооч хүмүүсээс л ихэнхдээ үүдэлтэй байдаг.  Ийм зан чанартай хүн бусдыг гэм хоргүй шоглочихдог, инээд наргианаар дамжуулж засч засруулах, ухаарал өгөхийг оролддог. 

Гэхдээ шоглох, гоочлох хоёр бол тусдаа ойлголт. 

Гоочилж доромжилж байгаа хэлбэр огт биш, хөнгөхөн тоншоод авна л гэсэн үг. Дээхнэ үед “Тоншуул” сонин гэж байсан, яг тиймэрхүү.  Тийм хоржоонтой зан чанар, өгөгдөл надад жаахан ч гэсэн байдаг юм болов уу гэж боддог. Миний бичсэн юмыг уншаад хүн хэзээ ч элгээ хөштөл инээхгүй. Харин тэрүүхэн тэндээ цээжнийхээ мухарт “нуг нуг” инээгээд, дараа нь “юу билээ” гэж бодоод эцэст нь “аан” гээд ойлгодог гэх юм уу.  Сэтгүүл зүйд шог нийтлэлийн нэг төрөл ч гэж хэлж болох байх. 


-Яагаад заавал энэ төрлөөр номоо гаргахаар шийдэв, бичих санаанаас уншигчийн гарт хүртэл хэр удаан хугацааг туулсан бэ?


-МОНЦАМЭ-д мэдээнд гүйдэг сурвалжлагч байхад дотоод дуу хоолой, мэдрэмжээ хөнгөнөөр илэрхийлэх талбар үргэлж үгүйлдэг байсан. Фэфсбүүк, твитер сураггүй байсан үе л дээ. Тэгж яваад 2007 онд блог нээгээд IDEA гэдэг нэрээр бичдэг болсон. Тэр үедээ хожим блогоороо ном гаргана даа гэж бодож бичээгүй, зүгээр л албаны мэдээний хайрцагаас гарах гэсэн оролдлого байсан. 

Сүүлд блог бичвэрүүд маань цахим сүлжээгээр үе үе нэргүй гарч ирж тараагдаад байхаар нь нэгтгээд ном болгочих юмсан гэж бодох ч нэг их хүчлэхгүй яваад байсан юм. 

Хүчлэхгүй шалтгаан нь цаг үеийн трэнд сэдвүүд нь  өнгөрсөн, бичлэгийн хэв маяг ч хуучирсан байх, одоо уншвал хүмүүс ойлгохгүй биз гэж бодсоных.  Харин саяхан, оны өмнө “МОНЦАМЭ мэдээ” сонинд хамт ажиллаж байсан Ш.Батболд эрхлэгч (одоо тус агентлагийн орлогч дарга) маань холбогдсон. Агентлагийнхаа 100 жилийн ойд зориулан үе үедээ автор байсан хүмүүсийн нийтлэлийг нэгтгээд ном гаргана, материалаа өгөөч гэсэн юм.  Блогоос харж байгаад аль гайгүйг нь сонгоод авчих аа гээд хэлчихлээ.  “Сайн хүн санаагаараа” гэгчээр номдоо оруулаад зогсохгүй “Чи ч гэсэн өөрөө ном гарга” гэлээ. Ингээд блогоос номонд оруулж болох материалуудыг надад түүж, цэгцэлж өгсөн л дөө. Тэр материалуудаа сүүлийн үеийн бичвэрүүдтэйгээ нийлүүлж сэлбээд энэ номоо гаргасан юм. Санаснаас хүмүүс их сайн хүлээж авч байна. 



-Таны бичсэн анхны ном уу?


-Каламбура төрөл давамгайлсан анхны ном. Түүнээс биш ажил мэргэжлийн шаардлагаар номын ажилтай их ойрхон явж ирсэн. Бараг 20 гаруй ном бүтэхэд оролцжээ. 2019 онд “Эхлэлээс экспорт руу” нэртэй ярилцлагын ном  хэвлүүлсэн. Жижиг дунд бизнес эрхлэгч, эмэгтэй голдуу 50 орчим хүнээс ярилцлага авч бизнес санаа анх яаж төрсөнөөс эхлээд бүтээгдэхүүн болж зах зээлд байрших хүртэлх үйл явцыг нь яриулсан. 

Ажиллаж байсан газруудынхаа ойн номууд дээр ч ажилласан. Бас далд бичээч (ghost writer) хийж үзсэн. Хүний өмнөөс баримтыг нь цуглуулаад, найруулгыг нь хийж, бичиж өгөх ажил л даа. Олонд хэдийн мэдэгдсэн ном бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Оргил өөд” ном байна. 


-Бөн бөн гэж яагаад нэрлэсэн юм бэ?


-Нэр, номын нүүр зургаа өгсөн түүх маань их хөгжилтэй. Залуухан сэтгүүлч явахдаа нэг хүнээс яриа авах боллоо л доо. Их ууртай, ширүүндүү хүн байсан. Яриа ч нэг л базааж өгдөггүй шүү. Тэгэнгүүт нь би “Таны амьдралд тохиолдсон, санаанаас гардаггүй хамгийн хөгжөөнтэй дурсамж юу вэ” гээд л асууж орхилоо. Нөгөөх чинь хөмсөг зангидсан хэвээрээ хэсэг сууснаа надад ярьсан түүхээр “Бөн бөн” гэж гэж нийтлэл бичсэн юм. 

Урлагийн үзлэгт бэлдээд яваад байна гэсэн чинь гоцлол дуулсан хүүхдийн ард дахилтыг нь “бөн бөн бөн” гэж хоолой хийдэг гурван хүүгийн нэг гэдгийг мэдээд өвөөдөө загнуулсан тухайгаа надад ярьж өгч би элгээ хөштөлөө инээж билээ. 

Амьдрал гэдэг чинь угаасаа гол ба туслах дүрээс бүтдэг. Гэхдээ гол дүр цөөхөнтэй. Тэр гол дүрийг тодруулж өгдөг хамгийн чухал хүмүүс чинь ердөө энэ “бөн бөн”-гүүд шүү гэдгийг хэлэх гэсэн санаа.

Номоо энэ түүхээрээ нэрлэсэн, дуу нь ингэний тухай болохоор тэмээний зургаар чимэглэсэн. Ном маань зүгээр нэг хүнийг инээлгээд өнгөрөх биш, багахан ч гэсэн урам зориг өгч чадвал гаргасан зорилго биелж байгаа юм. 

Хүн бүрт л ажлаасаа уйддаг, залхдаг үе байдаг шүү дээ. Тийм үед хүн хаанаас урам зориг авах уу? Өөрөө өөрөөсөө, сэтгэл дотроосоо л урам аваад, урдахаа улам сайн хийхэд нь туслах байх гэж боддог.

Бөн Бөн" нийтлэл

Хүн бүхэнд л хааяа хийж байгаа ажлаасаа уйдаж залхах үе гардаг даа. Ер нь хэнд ч хэрэгтэй юм хийгээд байгаа юм, нэг л их чухал царайтай амьтан өглөө яарч давдганаж гараад, орой сунаж үхэх шахталаа ядарсан амьтан орж ирнэ. Орж ирэхдээ уур уцаартай, ялархуу омгорхуу ч гэж жигтэйхэн. Тэгсэн атлаа гарт баригдах бүтээл, гаднаа хуримтлуулсан баялаггүй мэт санагдаад “синдромтож” орхидог. Яг тийм үе тохиох бүрд би “бөн бөн”-ийг санадаг юм. Юун “бөн бөн” бэ гэвэл эзэн нь өөрөө ярьсан нэг хөгжилтэй хууч хуваалцъя. Ноднингийн өдийд ажлын шаардлагаар нэгэн нөлөө бүхий улстөрчийн үүдийг сахих хэрэг гарав. Том биетэй ширүүн харцтай тэр нөхөр сэтгүүлчдэд нэлээд таагүй ханддаг бололтой уриалгахан биш угтлаа. Ажил хэрэгч царай гаргаад л, асуусанд цөөн хэдэн үгээр хэг ёг хийж хариулаад л. Яриа нэг л эвлэх янзгүй, албаны уур амьсгалтай байлаа. Тэгж тэгж намайг аяга кофегоор дайлах юм болов. Сэтгүүлчид бид ямар мөрөөрөө дуугүйхэн сууж байгаад хүний юм ууж идэхээ мэдэх биш “Таны амьдралд тохиолдсон, санаанаас гардаггүй хамгийн хөгжөөнтэй дурсамж юу вэ” гээд л тэс хөндлөнтөв. Нөгөөх чинь хөмсөг зангидсан хэвээрээ хэсэг сууснаа ингэж ярилаа. “Би Хан-Уулын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Хошин урлагийн Туяа биднүүс нэг анги л даа. Дуу бүжиг энэ тэр юманд дүй муутай дуугүй бор банди байлаа. Авахаас сурлага жоохон гайгүй. Нэг удаа урлагийн үзлэгт ордог юм байна. Бэлдэж байна гээд л баахан явав. Өдөр алгасахгүй оройтоод л, хичээлдээ ч муудаад ирэв. Гэрийнхэн асуухаар урлагийн үзлэгт бэлдээд байгаа л юм ярина.Тэгсэн нөгөө номер маань ангиасаа шалгарч сургуулийн концертод оров. Дараа нь дүүргийнхэд орохоор болоод бүүр хичээлээсээ чөлөөлөгдөөд авлаа. Өвөө гэнэт уурлаад энэ нөхөр ер нь яваад л байх юм, юу хийж гийгүүлдэг хүн бэ гээд концертын бэлтгэл дээр гэнэт хүрээд ирэв.Тэгсэн чинь нэг сэргэлэн бондгор охин /хошин шогийн Б.Туяа/ “Гангийн халуун наранд миний ээжий” гээд   дуулахаар ард нь зогсож байгаа гурван банди “Бөн бөн бөн” гээд бакал хийнэ.  “Гадсаа тойроод эргээд байдаг миний ээжий” гэхээр нь бид гурав “Бөн бөн бөн”.  Орой нь өвөө “хичээл ном хийхгүй сүр бадруулаад л  яваад байсан чинь ердөө л бөн бөн үү” гээд намайг суран бүсээр ороолгож гарсан даа” гэж ярив. Би савж унатлаа инээв. Нөгөөх чинь ч бас дагаж хөхөрлөө. “Тэгээд та дүүргийн концертдоо орсон уу” гэсэн чинь “Өвөөгөөс айгаад ороогүй. Дараа нь багшид чухал номер тасаллаа гээд зөндөө загнуулсан” гэв. Тухайн үедээ хөгжилтэй санагдаад нулимсаа гартал инээсний хүчинд ярьж орсон ажил нааштай эргэчихлээ. Нулимс ингэж аминд ордогийг анх удаа л мэдэв. “Нөгөө хоёр бөн бөнтэйгээ холбоотой байдаг уу” гэтэл “Сүүлийн хэдэн жил сураггүй ээ, хаа нэгтээ бөн бөн гээд л явцгааж байгаа байх” гэсэн юм.Түүн шиг нэг л их мундаг амьтан яваад  байдаг. Яс юман дээрээ ердөө л бөн бөн байгаадаа хааяа уур хүрэх үе гарах. Гэхдээ хүн өөрөө л хийж байгаагаасаа  таашаал авч, чухалд тооцож байвал аяндаа бүх зүйл болох юм шиг санагддаг. Бас Гүржийн нэг кино байдаг даа. Симфони найрал хөгжимд нэг төрлийн бөмбөр тоглодогсайхан сэтгэлтэй залуугийн тухай. Концерт дуусах үед хэдхэн секунд л түүний бөмбөр эгшиглэдэг. Гэхдээ тэр бөмбөргүй бол найрал хөгжим амтгүй. Нэг удаа   залуу сэтгэлээр  унаад тоглолтод ирсэнгүй. Дотно найзынхаа “тэр найралд чиний хэрэг алга” гэх  хорон үгэнд эмзэглэжээ. Гэвч мань хүн хөгжим эгшиглэмэгц тайз руу яарч, хурдан хурдан алхалсаар орж ирээд цохиураа авмагц л бөмбөрөө тоглох цаг нь болсон байна. Хоёр гурав цохиод л хөгжим дуусна. Удирдаач нь бөөн уур хүрч ирээд  залууг цагтаа ирсэнгүй гэж зэмлэнэ.  Энэ кино, бас тэр “бөн бөн”-ийн түүх  бол амьдралын чухал туслах дүр. Ийм дүргүйгээр амьдрал утгагүй гэдгийг хүмүүс харин тэр бүр ухаардаггүй. Бүгдийг орвонгоор нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тэмцэлтэй амьдрах сайхан. Бас хийж байгаа ажлынхаа үр дүнг нэмэгдүүлэх, яавал өөрт болон өрөөлд хэрэг болох бол гэж үргэлж эрэлхийлж явууштай. Бухимдах шантрах үе хэнд ч байх, Гол нь цагийн юмаа цагт нь амжуулаад, хүнд гавьяа болдоггүй юм гэхэд гай болохгүй л байх юм сан гэж бодогддог. “Бөн бөн”-өөр дутдаг хорвоод би ч бас “бөн бөн” гээд л явж байна.



-Би анхны ярилцлагаа авч байна. Сэтгүүлчээр сурч байгаа оюутан залууст ямар зөвлөгөө өгөх вэ?


-Хувь орон зай, өөрийн дуу хоолойг илэрхийлэх талбартай байгаарай гэж зөвлөмөөр байна. Аль ч сонин, ТВ, сайтад ажилласан тухайн редакцийн бодлогод нийцэх хэрэгтэй болдог. Энэ нь яваандаа сэтгүүлчийг хайрцагт оруулах гээд байдаг. 

Харин хувийн талбартаа бол чи нэрээ нууцласан ч болно, тэнд хүн илүү өөрийнхөөрөө чөлөөтэй байдаг. 

“Би ингээд биччихвэл манай сонин, сайтыг хүмүүс юу гэх бол” гэдэг айдсаар биш “энэ миний л хувийн орон зай шүү дээ” гэж бодож бичих ялгаатай байдаг. Тиймээс эрэн сурвалжлах, дата мэдээлэл дээр ажиллах завгүй ажлынхаа хажуугаар өөрийнхөө хувийн талбартөдөрт ядаж 30-45 минутыг зарцуулаад, ямар ч хамаагүй сэдвээр, хүссэнээ буулгаж байгаарай.Хүний нас хязгаартай юм чинь бусдын туршлага дээр маш хурдан маньевр хийгээрэй гэж хэлмээр байна. Тэр хэрээр цаг хугацааг товчлох боломж та нарт байна. Тэрийгээ л сайн ашигла гэж зөвлөе. 


-Таны хувьд тэр талбар нь блог байжээ?


-2005-2010 оны үед блог л хамгийн их уншигчтай байлаа шүү дээ. Мэдээж өдөр тутмын томоохон сонинууд, зарим нэг сайт байсан. Гэхдээ блогийн давуу тал гадаад дотоод хаанаас ч интернэттэй л бол хэзээ ч уншиж болдог, санал сэтгэгдлээ илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлж болдогт байсан юм. Иймээс л  2007 онд анх “Өргөн чөлөө” блогоо нээгээд Idea нэрээр бичиж байснаа дээр өгүүлсэн. Нэг мэдсэн зөндөө уншигчтай болчихсон байсан. Зарим нь бүр энэ “Idea” гэдэг чинь эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гээд эрэл сурал болдог байлаа (инээв) Миний хувьд аливаа нэг төрөл жанрт баригдалгүй хөнгөхөн шоглож, ёжилсон байдлаар блогоо хөтөлдөг байсан. Үгээр тоглох, үгний цаадах ньюнсуудыг олж харах дуртай. Номынхоо нэрийг өгөхдөө хүртэл “уран бүтээл” гэдэг үгийг “уран бүлтрээ” болгоод өөрчилчихсөн байгаа биз. 


-Хэвлэлийн газраа хэзээ нээсэн бэ?


-Дөнгөж саяхан л бүртгүүлсэн. Паблишингууд яаж ажилладаг юм болоо гэж их боддог байлаа. Тэгээд дан ганц ном хэвлэхгүй, хажуудаа номын тухай шүүмж, санал оруулдаг жижигхэн сайттай бас подкаст зэрэг хийдэг модел нь надад их таалагдсан л даа. Ингээд бусдаасаа ялгарах хэрэгтэй юм байна гэж хамгийн түрүүнд бодсон. Тэгээд л “Idea PR” зөвлөх үйлчилгээний компанийхаа дэргэд Idea publishing гэж нээгээд төд удаагүй байна.



-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.