Улаанбаатар хотын хэмжээнд авто замын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муутайгаас үүдэж  бороо орсны дараа авто зам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулж авто зам болон явган хүний зам талбайгаар зорчих боломжгүй болдог. Тиймээс  хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж зорчиход хүндрэлтэй байдаг Токиогийн гудамж, “E-mart” дэлгүүрийн хойд уулзварын борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажлыг эхлүүлсэн.

Борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажил зургадугаар сарын 20-ны өдөр эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 112 м урт ф400 төмөр бетон хоолой угсарч, ус хүлээн авах үзлэгийн худаг 5, шүүрт худаг хоёрыг суурилуулах ажлууд хийгдэж, ажлын явц 40%-тай байна.

Геодези, Усны барилга байгууламжийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд ус зайлуулах шугам сүлжээгүй, борооны ус ихээр тогтдог ачааллыг дийлэхгүй байгаа эхний  10 байршлын судалгааг гарган түүнээс зургаан байршлын ажлыг нь 100% хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн байна. Харин Чингис зочид буудлын урд хэсэгт хийгдэж буй борооны ус зайлуулах шугамын ажил долоодугаар сарын 11-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

НЗД-ын орлогч П.Баярхүү өчигдөр тус ажлын явцтай танилцах үеэрээ “Токиогийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн ажлаас гадна замын гарцыг өөрчлөх ажил хийгдэнэ. Өмнө нь авто машин төв зам руу  тойрон орж түгжрэл үүсгэдэг байсныг өөрчлөн зам руу нэвт орох гарцыг нэмж хийж өгнө. Ингэснээр түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой” хэмээлээ.