Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус штабын Хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудад тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэх, хилээр орж ирж буй иргэдийг хүлээж авах, тээвэрлэх, тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа. 14 хоногийн хугацаа нь дуусаад тусгаарлах байраас гарч буй иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах дүрэм журмыг гаргаад аймгуудад хүргүүлсэн. 

Гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд 93 иргэн нэмж тусгаарласан. ХӨСҮТ-ийн заавар журмын дагуу 51 иргэнийг тусгаарлалтаас гаргасан. Ариутгал, халдваргүйжилтыг улсын хэмжээнд хийж байна.

Дөрөвдүгээр сарын 01-нээс ХБНГУ, Япон, БНСУ-аас монгол иргэдээ татан авахаар болж, тусгай үүргийн нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын холбогдох эмч, байцаагч нарыг томилон ажиллуулах шийдвэр гаргалаа" хэмээлээ.

Өмнө нь тусгай үүргийн онгоцоор дөрвөн удаагийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх шаардлагатай нийт 800 гаруй иргэнийг авчран, тусгаарлаад буй.