Цаг үеийн асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр 21:40 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нөхцөл байдал хүндэрч байгаа учраас нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зорчих цагийг багасгаж, хөл хориог илүү чангатгаж, нарийн цагийн хуваариар явах ёстой гэж тооцож байна. 17 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцсон ч 40-50 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын гол ач холбогдол үгүй болно.

Иймд нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилж байсан бол хугацааг нь багасгаж, өглөө 7-10, орой 17-20 цагийн хооронд үйлчилгээнд гаргахаар боллоо. Бусад үед хөдөлгөөн зогсоно. 

Зөвхөн нийтийн тээвэр гэхгүй хувийн автомашин, явганаар зорчиж буй хүмүүс ч цэгцэнд орох ёстой. Маргаашаас хөл хөдөлгөөнийг илүү чангатгаж, машин, хувь хүмүүсийг шалгаж гэрт нь буцаана.

Хатуу сахилга бат, зохион байгуулалттай байснаар бидний өмнө нүүрлээд байгаа коронавирусийн аюулыг хамтдаа даван туулна. Хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл зогсоосноор тодорхой үр дүнд хүрдэг гэсэн олон улсын тооцоо бий. Үүнийг барьж ажиллахаас өөр аргагүй" хэмээлээ.