“Интермед” эмнэлгийн чих, хамар, хоолойн Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр Д.Сарантуяагаас хамрын дайвар хөндийн үрэвсэл, түүнийг эмчлэх дурангийн хагалгааны талаар тодрууллаа.


-Ихэвчлэн ямар шалтгаанаар хамрын дайвар хөндий үрэвсдэг вэ?

Юуны өмнө хамрын дайвар хөндийнүүд гэж хаана байдаг ямар бүтцийн тухай ярьж байгааг жаахан тайлбарлая. Хүний гавлын яс нь зарим хэсэгтээ агаартай хөндийнүүдтэй байдаг. Тухайлбал, хоёр  талын хацрын яс, нүдний хооронд, духны  хэсэг, гавлын суурь хэсгийн ясанд агаартай хөндийнууд бий. Энэ хөндийнүүдийг Хамрын Дайвар Хөндийнүүд гэдэг. Эдгээр хөндийнүүд бүгдээрээ өөрийн нүх сүвүүдээр хамрын хөндийтэй холбоотой юм. Хамрын дайвар хөндийнүүд нь гавал тархийг хөнгөн байлгах, дуу авиа үүсгэхэд оролцох, хамар луу орж  байгаа агаарыг цэвэрлэн чийгшүүлж дулаацуулах, хамгаалах зэрэг олон үүрэгтэй.

Вирус бактерийн халдвар, харшил, анатомийн бүтцийн өөрчлөлтүүд зэрэг нь хамрын дайвар хөндийнүүд үрэвсэх шалтгаан болдог юм.

Эдгээр шалтгааны улмаас дайвар хөндийнүүдийн нүх сүв бөглөрч, хөндийнүүдийн  салст бүрхэвчийн өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа алдагдан, хөндийнүүд үрэвсэж, идээ хуримтлагдан, зовиур илрэхийг синусит гэдэг. 

Энэ синусит гэсэн нэршил нь хамрын дайвар хөндийнүүдийн салст бүрхэвчийн үрэвслийн ерөнхий нэршил юм. Мөн тухайн хөндийн байршлаар нь хацрын зажлуур хөндий үрэвсэхийг Гайморит, духны хөндийн үрэвслийг Фронтит, элхэг хөндий үрэвсэхийг Этмойдит, суурь хөндийн үрэвслийг Сфенойдит гэх анагаахын нэршлийг ашигладаг юм.

Манайхан гайморит  гэж ярьж, сайн мэддэг шүү дээ. Үрэвслийн зэрэг, явц, үрэвссэн хөндийн байршил зэргээс шалтгаалан янз бүрийн зовиур илэрдэг.

-Хамрын дайвар хөндий үрэвссэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хамар битүүрэх, нус салсархаг биш өтгөн шар, ногоон нус гарах, нүүрний ясаар чинэрэх, ам хамраас эвгүй үнэртэх, толгой өвдөх, шүд янгинах, заримдаа халуурч ханиалгах, чих дүүрэнгэ оргидог. Мөн архаг үрэвслийн үед амархан ядрамтгай болно.

Хэрвээ дээрх шинжүүд дээр 38.9°C -ээс дээш халуурах, нүүр толгой маш хүчтэй өвдөх, гэнэт  хараа өөрчлөгдөх, нүд орчмоор хавдаж улайх, хүзүү хөшингө оргиж байвал өвчин хүндэрч байгаа бол ноцтой шинж тэмдэг юм. 

Иймээс маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.


-Ямар тохиолдолд хамрын дурангийн хагалгаа хийлгэдэг вэ?

-Синусит нь эмийн эмчилгээгээр эдгэхгүй, эмийн эмчилгээний үр дүн муу байгаа тохиолдолд мэс заслын аргаар эмчилдэг бөгөөд хамрын дурангийн хагалгаа нь синуситийг  эмчлэх орчин үеийн аргын нэг юм.  

Дурангийн хагалгаа нь хамраар дуран оруулж яг эмгэгтэй хэсгийг нь харж багаж ашиглан ургацагийг авах, бөглөрсөн нүх сүвийг нь томсгож нээгээд хөндийг цэвэрлэдэг зарчимтай мэс засал юм.  Ерөнхийдөө дурангийн хагалгаа нь хамрын дайвар хөндийн архаг үрэвслийг төгс эмчлэх зорилготой мэс засал юм.

Дурангийн хагалгаа нь дайвар хөндийн салстын өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг  түргэн сэргээдэг. Мөн хамрын салст ба ясыг бага гэмтээдэг, арьсанд шарх сорви үүсгэхгүй, мэдрэхүйн өөрчлөлт бага, хүндрэл гарах нь цөөн байдаг зэргээрээ давуу талтай.


-Зарим хүмүүс гаймориттой гээд л яваад байдаг. Ямар аюултай вэ?

-Хурц үедээ синусит зовиур ихтэй байдаг ч архагшаад  ирэхээрээ зовиур нь багасдаг. Иймээс хүмүүс энэ өвчнийг тоохгүй эмчлэхгүй алгуурлах, эмчид үзүүлэхгүй хүндрүүлчихдэг талтай. Ингэж биедээ архаг идээт голомттой удаан явах нь сайн биш. Яагаад гэвэл хэсэг газрын энэ идээт голомт нь дархлаа сулрахад дахин үрэвсэж нүд, тархи руу хүндрэл өгөх, эсвэл нян цусаар тархах ч аюултай. 

Тиймээс эхний ээлжинд дээрх шинж тэмдэг илэрдэг, байнга идээрхэг нус гардаг бол архаг идээт синусит байгаа эсэхийг тодруулахын тулд заавал чих хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Нэгэнт архагшсан үрэвсэлтэй, мэс заслын эмчилгээ шаардлагатай тохиолдолд төгс эмчлүүлэхийн тулд дурангийн хагалгааг зөвлөж байна.