Монгол Улсын ЕТГ-аас өнөөдөр  Төрийн ордонд зохион байгуулж буй “Тархи судлал-XXI” зуун эрдэм шинжилгээний хурлын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессорууд лекц уншлаа.

Эрдэм шинжилгээний хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Дэлхийн тархи судлалын байгууллагын төлөөлөгчид болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тэдний нэг бол Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти юм. Тэрбээр "Компьютерийг хүний тархитай холбоод, тухайн хүний тархинд болж байгаа үйл явц, бодлыг тодорхой хэмжээгээр ойлгож унших боломж нээгдэж байгаа" гэсэн юм.

Хурлын үеэр  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Монголын Нейросайнсын нийгэмлэгээс зохион байгуулж буй“Тархи судлал-XXIзуун”эрдэм шинжилгээний хурал, Нобелийн шагналтны чуулганд мэндчилгээ дэвшүүлэх боломж олдсонд би их баяртай байна.

Хүн төрөлхтөний өмнө хүлээх үүрэг, хариуцлага нь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа суурь шинжлэх ухааны өмнө тулгамдсан асуудлууд олон байна. Тэдгээрийн дотроос миний хувьд 3 асуудлыг онцлон нэрлэмээр санагддаг. Энэ нь ертөнцийн үүсэл, амьдралын үүсэл, уураг тархинд бодол санаа үүсэн бүрэлдэх тухай асуудал  юм.

XXIзууны суурь шинжлэх ухааны түүчээ болон хөгжиж буй тархи судлалын шинжлэх ухааны зүгээс хүн төрөлхтөнийг улам бүр гайхшруулсаар байгаа нээлт, ололт нь уураг тархины бүтэц, функцийг тайлбарлаад зогсохгүй бодол санаа үүсэх, хөгжих, дэмжих механизмыг бүрэн төгс нээх цагийг ойртуулна гэдэгт би итгэлтэй явдаг юм.

Өнөөгийн Монгол улсын Шинжлэх ухааны ололт амжилт  жилээс жилд өсөн нэмэгдэж, хамрах хүрээгээ тэлэхийн зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаанд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол улсынхаа төр, Засгийн ивээл дор, гадаад хамтын ажиллагааны хөгжилд түшиглэн Монголын шинжлэх ухаанаас өөрийн орны болон бүс нутгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр улам бүр нэмэгдэж байх болтугай. 

Энэхүү хуралд хүрэлцэн ирж илтгэл тавьж байгаатархи судлалыг манлайлагчидНобелийн шагналтан Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, Нейросайнс сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма тэргүүтэй нэр хүндтэй эрдэмтэддээ Монгол улсын шинжлэх ухааны академийн нэрийн өмнөөсболон хувиасаа талархал  илэрхийлье.

Мөн түүнчлэн энэ үйл ажиллагааг зохион байгуулагч нар болон дэмжигч байгууллагуудад Монголын Шинжлэх Ухааны нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.