Д.Оюун-Эрдэнэ: Чихэрлэг, давслаг амт мэдрэх тусам хоолны дуршил нэмэгддэг

Интермед эмнэлгийн эмнэлзүйн хоол зүйч Д.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.



-Эмнэлзүйн хоолзүйчид ямар өвчний шалтгаанаар голдуу ханддаг вэ. Ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс ханддаг уу?

-Бүх насныхны таргалалт, хүүхдийн шим тэжээлийн дутагдал, чихрийн шижин, зүрх судасны өвчин, тулай өвчин, ходоодны шархлаа, өтгөн хаталт зэрэг эмгэгийн улмаас зонхилон ханддаг. Хандаж байгаа хүмүүс маань голдуу хөдөлгөөний дутагдалтай байдаг ба илчлэг зохицуулалтын зөвлөгөөг авдаг. Зарим хүмүүс их иддэггүй хэрнээ таргалаад байна гэдэг. Энэ нь хөдөлгөөний дутагдалтай байгааг харуулж байгаа хэрэг юм.

Сүүлийн үед жингээ хаях гэж мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авч дэглэм барьсанаас болж эрүүл мэндээрээ хохирч байна.

Жишээ нь уургийн дэглэм буюу зөвхөн өндөг, мах, ногоо идэж жингээ хаях нь түгээмэл. Энэ бол эрүүл мэндэд халтай дэглэм. Бидний тархи хоол тэжээлээр авсан глюкоз буюу нүүрс усны 50 хувиар тэжээгддэг. Дан ганц өндөг идвэл нүүрс ус дутагдаж тархи толгой өвдөнө, мөн өндөгний уургийн нөлөөгөөр элгэнд хэт ачаалал ирнэ, цаашлаад бөөрний үйл ажиллагаа нойр булчирхайд сөрөг үр дагавартай. Ингэж хөдөлгөөн хийхгүйгээр дан хоолоо хасч жингээ хаясны нөлөөгөөр хүний биед явагдах бодисын солилцооны горим өөрчлөгддөг. Эргээд бүр ч их жин нэмэгдэх ч магадлалтай. Тэгэхээр дан хоолоо хасч эсвэл элдэв эм бэлдмэл хэрэглэж жингээ хаях нь буруу юм. 


-Оройн хоол идэх нь зөв буруу эсэх дээр янз бүрийн яриа байдаг. Ер нь оройн хоол идэх нь зөв үү?

-Оройн хоолыг унтахаас 4-5 цагийн өмнө идэх нь зөв. Энэ бол хоол боловсрох дундаж хугацаа.  Хэдэн цагт унтахаас хамаараад хооллолтоо тохируулж болно гэсэн үг. Зарим хүмүүс орой 4 эсвэл 6 цагаас хойш хоол идэхгүй явсанаас болж ядардаг талтай. Оройн хоолонд аль болох бага илчлэгтэйг сонгох нь зүйтэй. Хэмжээний хувьд өдрийн хоолны тал байхад болно. Зарим хүмүүс өдөр сайн идэх ёстой гээд нэг өдрийн илчлэгээ нэг дор авчихдаг нь мөн л буруу. Магадгүй жингээ барих гэж байгаа бол өдрийн хоолны хэмжээгээ бага зэрэг багасгавал илүү үр дүн өгдөг. 


-Төмс цагаан будаа хоёрыг зэрэг иддэггүй гэдэг. Үүний шалтгаан нь юу юм бол?

-Төмсний хучмалыг будаатай өгөх ёсгүй. Үүнийг хоолны технологи ажиллагаанд дурдсан байдаг. Будаа төмсний аль аль нь нүүрс ус ихтэй учраас шим тэжээл өгөхөөс илүү ходоод дүүргэж цадах мэдрэмж л төрүүлнэ. Тиймээс хамтад нь хэрэглэдэггүй. 

Бас нэгэн зүйл анзаарснаар эцэг эх нь худалдаж авдаг хүнсний ногоо,хүнсний бүтээгдэхүүнийг хүүхэд ч ирээдүйд өөрийн мэдэлгүй сагсандаа хийж зуршдаг. Үүнээс болоод гэр бүлээрээ өвчлөх эрсдэл үүсч байна. Орчин үед мэдээлэл хангалттай болсон болохоор иргэдийг хоол хүнсний төрөл зүйлээ олшруулж, түүнийгээ зөв боловсруулах тал дээр илүү сайн ойлголт, мэдээлэл аваасай гэж мэргэжлийн хүний хувьд хүсдэг.


ХООЛ ИДЭНГҮҮТ ХЭВТЭЖ ЗАНШВАЛ АЛСДАА  ХОДООДНЫ ШАРХЛАА ҮҮСДЭГ

-Хоол идэнгүүтээ хэвтдэг зуршилтай хүмүүс байдаг. Үүний сөрөг тал?

-Хоол идсэний дараа хүн 5-10 минут тайван байх ёстой. Үүний дараа хөдөлгөөн хийх нь зөв. Хөдөлгөөн нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоодны шүүрлийг багасгадаг. Эсрэгээрээ хоол идэнгүүтээ хэвтчихвэл ходоодны шүүрэл нь ихэсч ходоодны үрэвсэл, улайлт, цаашлаад шархлаа үүсгэх сөрөг талтай. 

Өвчин болгонд өвөрмөц ялгаатай хоолны дэглэм шаардагдана. Ерөнхийдөө эрүүл зөв хооллоход анхаарах 5 зүйл бий.Үүнд:

  1. Хоол идээд шууд хэвтэж болохгүй.
  2. Нэг дор их хэмжээгээр идэхгүй байх. Ходоод 1.5литр орчимхоолыг агуулах багтаамжтай. Ходоодны 1/3 хэмжээтэй ид гэдэг нь 500мл орчим идэхийг хэлнэ.Хоолтой хамт ус шингэнийг хэрэглэдэггүй. Харин хооллохоосоо цагийн өмнө эсвэл цагийн дараа шингэнээ ууж занших нь зүйтэй.
  3. Хүнсний бүтээгдэхүүний сонголтоо зөв хийх. Эхлээд идэж буй хоолныхоо хэмжээг дийлэнх нь нүүрс ус буюу гурил, будаа, гоймон, нарийн боов байна  уу, эсвэл сахар ихтэй бүтээгдэхүүн орсон уу, магадгүй уураг буюу мах ихтэй байна уу гэдгийг анзаараарай. Хэрэв аль нэгийг  нь арай их хэрэглэж байвал тэр хэмжээг бууруулна гэж ойлгоход болно.
  4. Бүү стрессд. Манайхан хоол идчихээд би таргалчихлаа эсвэл жингээ барьж байна гэж шаналдаг. Үүнээсээ болж ходоодны шүүрэл ихэсч зовиурлаж болно. Магадгүй дэглэм барьж байгаа бол үүндээ стрессдэхээс илүү өөрийгөө жаахан өөрчлөөд хамгийн их идэж буй хоолоо л багасгахад болно. Ухамсартайгаар хандана гэсэн үг.
  5. Хөдөлгөөн хийх. Хөдөлгөөн ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.


-Манайхны дунд зуршсан буруу ойлголтууд хэр байна вэ?

-Нэлээн хэд бий. Жишээ нь өтгөн хатангуут гэдэс цэвэрлэх эм уучихдаг, эсвэл шулуун гэдсэнд клизм тавиулдаг. Гэтэл хоол хүнсээ зөв тохируулчихвал өтгөн хатна гэдэг том асуудал биш шүү дээ. Эхний ээлжинд гүрвэлзэх хөдөлгөөнөө сайжруулахын тулд ус,хүнсний ногоо, ислэг ихтэй хүнс түлхүү хэрэглэж, гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах дасгал хийхэд болно. 

Хуян хөөрчихлөө гээд барианд явдаг хүмүүс бий. Уг нь болж өгвөл өөрсдөө дасгалж хийж булчингаа чангалвал илүү үр дүнтэй шүү дээ. Гэхдээ заавал фитнесс зааланд өөрийгөө хүчлэн очих албагүй. Шал угаахдаа хүртэл мөлхөөд гараараа угааж болно. Мөлхөх дасгал өөрөө хамгийн сайн дасгал болж өгдөг.

Бас нэг зуршсан буруу ойлголт бий. 10 гаруй жилийн өмнө чихрийн шижинтэй хүмүүс цагаан талх, дээд гурил, цагаан будаа, төмс идэж болохгүй гэсэн ойлголттой байлаа. Харин орчин үед хамгийн гол нь нүүрс ус, өөх тос, илчлэгээ зохицуул гэж зөвлөдөг болсон. Гэсэн хэдий ч энэ ойлголт хүмүүсийн дунд хэвээр байна. 


-Хоолны амттай байх нь бараг чанартай хүнс гэх мэтээр ойлгодог. Үүн дээр бид юуг анхаарах ёстой вэ?

-Манайхан амт хөөж их хооллож байна. Хүн угаасаа амттай, чихэрлэг, давслаг мэдрэх тусам хоолны дуршил нь нэмэгддэг. Зарим хүн хоолны дуршил буулгах эм байна уу гэж асуудаг. Эмээр биш харин чихэр, давс, амтлагчаа бага багаар багасгах нь зөв. Амтлагч гэхэд биотехнологийн аргаар гаргаж авсан учраас хүний биед сайнгүй гэж хоол зүйчид үздэг.  Саяхныг хүртэл монголчууд давс, хар перец, гоньдоор амтлаад л хоолоо хийчихдэг байсан. 


-Элсэн чихэр муу гэсэн ойлголтоос үүдэн сахар орлуулагч нэлээн хэрэглэдэг. Сахар орлуулагч хүний биед сөрөг нөлөөгүй гэж үү?
-Энэ бас л буруу ойлголт. Чихрийн шижинтэй хүмүүс сахар орлуулагчтай хүнс хэрэглэснээр цусан дахь сахарыг зохицуулдаг нойр булчирхайнаас ялгардаг инсулин дааврын хэмжээг багасгадаг гэдгийг эрдэмтэд судалсан.  Тиймээс сахарын хэрэглээгээ орлуулж хэрэглэхээс илүү нэг удаагийн зохистой хэмжээ чухал. 


ШАР ТОСЫГ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАЖ ЦӨСНИЙ ЧУЛУУ БАГАССАН, ЭЛЭГНИЙ ДОТОР ӨӨХ АРИЛСАН СУДАЛГАА БИЙ


-Хонины мах сайнгүй, үхрийн мах хэрэглэ гэсэн зөвлөгөө сүүлийн үед сонсогдох болсон. Хоол зүйчид үүнийг юу гэж үздэг вэ?

-Аль ч махыг муу гэж үзэхгүй. Ямар ч мах, өөхийг идэж болно, гол нь хэтрүүлэхгүйгээр хэрэглэ. Энэ тал дээр бид уламжлалаа эргэж харах нь зөв гэж би үздэг. Уламжлалт анагаах ухаанд зун цагт сүү цагаан идээ ундаа, харин хавар намрын улиралд шар, ногоон идээ ундаа, харин өвөл хар идээ ундаа буюу махаа хэрэглэхийг зөвлөдөг. 


-Өөх тосонд сайн муу гэж нэршил бий. Үүнийг хэрхэн ялгах вэ?

-Монголчуудын хувьд сайн холестрол/ИНЛП/-ын хэрэглээ бага байна. Сайн гэдэг нь хүний биед ороод шингэц сайтай байдаг тос юм.Транс буюу маргарин нь муу тос,хүний биед шингэц муу. Жинхэнэ цөцгийн тос наранд тавихад хайлдаг бол транс өөх хувирч өөрчлөгдөхгүй, өнгө нь хувирахгүй, хөгцрөхгүй. Ургамлын тосны тухайд ялгаагүй, сайн муу гэж бий. Хөргөгчинд хийгээд 5-8 минутын дараа харахад цайж өнгөө хувиргаж байвал чанартай тос гэж үздэг. Харамсалтай нь манай иргэдийн дунд муу тосны хэрэглээ нь нэлээн ихэссэн ажиглагддаг. Эртнээс уламжилж ирсэн шар тос гэхэд сайн тосны нэгд орно. Хонины сүүлний тос гэхэд ханасан, ханаагүй хоёр төрөл бий. Тос хайлуулаад саванд хийхэд дээр нь тогтсон хэсэг нь сайн тос юм. Үүнийг ууж, хүнсэндээ хэрэглэж болно. Шар тосыг гэхэд эмчилгээнд ашиглаж цөсний чулуу багассан, элэгний дотор өөх багассан судалгаа гарсан байдаг. Орчин үед муу тосыг бууруулах Омега 3 гэж хошуурдаг болж. Магадгүй шар тосны судалгааг хийвэл түүнээс дутахгүй эм гаргахыг үгүйсгэх аргагүй. 


Иргэд өөрсдөө сонголтоо зөв хийж сурах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн эхний том алхам юм. Сүүлийн үеийн судалгаа нь эмчилгээнд зөвхөн эм ярих биш хоол хүнсээ хэрэглэх цаг нэгэнт ирснийг харуулж байна. Хүмүүсийн хандлага ч бас өөрчлөгдсөн нь анзаарагддаг. Өмнө нь эмч дээр очоод эм бичүүлдэг байсан бол орчин үед хоол тэжээлийн зөвлөгөө нилээн авдаг  болсон.


-Хоол зүйд хүмүүс дусал тариагаар эмчлүүлэхийг юу гэж үздэг вэ?

-Тодорхой оноштой хэвтэж эмчлүүлж байгаа тохиолдолд эмчийн заавраар л эмчлүүлнэ. Харин манайханд ядаргаа тусчихлаа гээд дураараа ямар ч хамаагүй витамин дусал судсаараа хийлгэдэг дутагдал байна. Амаараа авчихаж чадах шингэнийг судсаараа хийлгэнэ гэдэг өөрөө асар эрсдэлтэй. Жишээ нь уушиг хавагнах, бодисын солилцоо, ус эрдэсийн хямралд хүргэх ч эрсдэлтэй. 

Олон улсад үүнээс татгалзаж аливаа өвчнийг хоол, хөдөлгөөн, сэтгэл заслаар эмчилдэг шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Хоол эмчилгээгүй өвчин гэж байхгүй.


Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.