Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 25, 2023
Манай peak.mn сайт cудлаач, доктор Д.Отгонтуяатай хамтран "Хүүхэдтэйгээ хамт эерэг дадалд хэрхэн суралцах вэ?" эвентээ зохион байгуулахаар болсон билээ. Энэ сэдвийн хүрээнд ярилцсанаа хүргэж байна.
Бичлэг үзэх:
“Хичээгээрэй” гэж хэлэхийн цаана олон учир гаргалгаа бий
Эцэг эхчүүд бид хэт ерөнхий байдлаар сайн сур, сайн хүн болоорой гэж хүүхдүүдэдээ хэлдэг. “Чухам яаж?” гэдэг асуултад ихэнх эцэг эхчүүд, томчууд хариулж тайлбарлаж өгдөггүй. Асуудал үүсэхэд буруутан нь хүүхэд эсвэл багш, сургууль болоод хувирчихдаг нь нууц биш. Үнэндээ хүүхдийн сурлага тааруу, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж, ааш зан нь хувирч байгаа нь эцэг эхчүүд, томчууд бид нарын л буруу юм.
Томчуудын гаргадаг нийтлэг алдаа нь “Хэтэрхий балчир юм чинь юм хэлээд ойлгохгүй” эсвэл “Өсвөр насанд хүрсэн юм чинь хүнээр хэлүүлэлтгүй өөрөө ойлгочихно” гэж эндүүрдэг. Үнэндээ хүүхэд бол хүүхэд. Хэдэн ч настай бай хүүхдэдээ аливаа зүйлийг тайлбарлаж, ярилцах нь маш зөв арга юм. Хэчнээн завгүй байсан ч нас насных нь онцлогт тааруулж, аливааг зөв ойлгуулж, элэгсэг дотно сэтгэлээр харилцах хэрэгтэй. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг хуваалцаж, халуун дотно харилцаа үүсгэж, дотны найз нь байхыг хичээгээрэй.
Шинэ зүйлийг тархинд дадал болгохын тулд аль болох бага балчираас нь эхлүүл
Япончууд 3 наснаас хойш хүүхдийг төлөвшүүлэх нь хожимдсон зүйл гэж үздэг. Учир нь энэ нас дадал зуршил төлөвших чухал үе. Яг энэ үед эцэг эхчүүд хүүхдээ чухам ямар хүн болгож хүмүүжүүлэх гэж байгаагаа бүрэн ухамсарлаж, тэр хэрээрээ үйлдэж, ярьж, сэтгэж хүүхдэдээ үлгэрлэх учиртай. Ялангуяа эерэг дадалтай болгох маш чухал. Би үүнийг хүүхэд дээрээ, шавь нартаа туршиж үзсэн юм. Жишээ нь ой 6 сартай хүүхдээ хоолойг нь зайлуулах дадлыг бий болгох гэж хичээж байлаа. Тэр үед яг 13 өдрийн турш орой унтахаас нь өмнө хоолойг нь зайлуулсан юм. 14 дэх өдрийн орой нь оройтож ирсэн тул өнөөдөртөө өнжье гэтэл манай хүүхэд хоолой руугаа заагаад ванны өрөө рүү орсон. Дадал бага насанд ийм хурдан хурдан тогтож хоногшдог гэдгээрээ давуу талтай.
Манай эцэг эхчүүдийн хувьд анхнаас нь хичээлээ хийх дадал суулгаагүй хэрнээ даалгавраа хийсэн үү, юм сурсан уу гэж ерөнхий байдлаар асуугаад байдаг. Дадаж сураагүй зүйл учраас хүүхдэд энэ нь хүнд ачаа санагддаг.
Ер нь муу хүүхэд гэж байдаггүй. Гагцхүү сурах арга барилаа олоогүй, хүүхдээ зөв ойлгож харилцаагүйд учир бий. Үүнийг дээр л аав, ээжүүдийн оролцоо, дэмжлэг хамгийн чухал. Хүүхдийнхээ онцлогийг мэдэрч, хүндэтгэлтэй харилцана, насан туршид нь үлдэх дадал зуршлыг суулгах нь эцэг, эхчүүдийн зайлшгүй сурах ёстой чадваруудын нэг юм.
Хичээлээ хий, давт, даалгавраа хийсэн үү" гэсэн нэгэн хэвийн "чих хаагдмаар" үглэлтээс илүү аливаад шинжлэх ухаанчаар ханддаг хүсэл эрмэлзэл, дадалтай болгохын тулд томчууд бид ч гэсэн суралцах шаардлагатай байна.
Хэцүү хүүхдээ яаж зөв дадалтай болгох вэ?
Асуудлын цаана шийдэл, хөгжил, бүтээлч сэтгэлгээ, бас амжилт нуугдаж байдаг.
Мэргэжлийнхээ дагуу 10 гаруй жил ажиллаж 20 гаруй мянган хүнд сургалт хийсэн. Үнэндээ таван ажилтантай эсвэл 5000 ажилтантай байсан ч тулгамдаж буй асуудал нь харилцаа хандлага л байдаг. Гэр бүлийн хувьд ч мөн ялгаагүй. Гэхдээ асуудлыг шийдэх нэгдсэн нэг жор байхгүй. Хүн бүр өөр, хүүхэд бүр өөр. Энэ удаагийн сургалтаар та бүхэндээ хүн бүхний сайн мэддэг юм шиг мөртөө дадал болгож чаддаггүй, өөрийн болгоход бага зэрэг төвөгтэй зүйлийг энгийн, туршигдсан аргуудыг заах болно.
Бид өөрсдөөрөө үлгэрлэж, туршиж үзээд хүүхдэдээ санал болгоно гэсэн үг. Сургалтад суугаад “Энэ гоё арга байна, чи сураарай” гэх юм бол хүүхдэд тус нэмэр болохоос илүү төвөгтэй байдал үүсгэх магадлалтай. Тиймээс л хүүхдийнх нь насанд нь тохирох аргуудыг зааж өгнө. Эдгээрийг хийхдээ ийм алхамтай, асуудал тулгарсан үед нь яаж туслахыг заах байдлаар сургалтаа орно. Туршилтаар батлагдсан бодитой зүйлийг ярина.
Амттай хоолны жорыг мэддэг байлаа ч хийгээгүй бол цаасан дээрх жор л харагдана. Харин түүнийг өөрөө хийж үзэж байж л жинхэнэ гарын хоол болдог. Үүн шиг бас нэг чухал зүйл нь дандаа эргэн санаж, амьдралдаа хэвшүүлэх нь чухал. Хүн бүр л сайн сурахыг хүсдэг. Гэхдээ энэ хүслээ биелүүлэхийн тулд давтах нь хамгийн чухал. Зарим эрдэмтдийн судалгаагаар бид шинээр сурсан зүйлийнхээ 60-70 хувийг 24 цагийн дотор мартдаг. Долоо хоногийн дараа та шинээр сурсан зүйлийнхээ 90 орчим хувийг мартдаг гэнэ. Тийм болохоор л заасныг давтаж хараарай гээд гуйгаад байдаг юм шүү дээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.