"Хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ?" сэдвээр хувь хүний хөгжлийн дасгалжуулагч Д.Отгонтуяатай ярилцлаа.

Тэрбээр 2007 оноос эхлэн төр, хувийн хэвшил, ТББ-тай хамтран 20 мянга гаруй иргэдэд удирдахуйн ухааны чиглэлээр хичээл заасан туршлагатай нэгэн юм. 

Таван жилийн өмнөөс “Амжилттай хүүхдийн энгийн дадлууд”, "Англи хэл сурах амархан”, “Ирээдүйн мэргэжлээ оновчтой сонгоё” зэрэг сэдвээр танхимын болон ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч ажиллаж буй. Тэрбээр АНУ, ХБНГУ, Япон зэрэг дэлхийн 20 гаруй улсад энэ чиглэлээрээ мэргэжил дээшлүүлсэн ажээ.


-Та хувь хүний хөгжлийн чиглэлээр ажилладаг хүний хувьд амжилттай ажиллаж амьдрахад нөлөөлдөг хамгийн чухал зүйлийг юу гэж хэлэх вэ?

-Мэргэжлийнхээ дагуу 10 гаруй жил ажиллаж 20 гаруй мянган хүнд сургалт хийжээ.  Сургалт, зөвлөгөөнд хамрагдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь харилцаа, хандлагын сургалтыг хамгийн их сонирхдог. Үнэндээ таван ажилтантай эсвэл 5000 ажилтантай байсан ч тулгамдаж буй асуудал нь харилцаа хандлага л байдаг. Ямар ч байгууллагын үйл ажиллагаа нь хүн хоорондын харилцаа дээр тулгуурлаж явагдаг.Тэгэхээр яах аргагүй тухайн ажилтнуудын хувьд өөрийгөө болон бусдыг ойлгож харилцах арга, техникийг эзэмших нь амжилтаа ахиулах чухал алхам байдаг.

Үнэхээр супер оюуны чадвартай байлаа ч бусадтай харилцах чадваргүй бол мэргэжлээрээ ахиж дэвших нь юу л бол. Тийм ч учраас сүүлийн үед IQ буюу оюуны чадвар, EQ (EI) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварын тухай хүчтэй ярьж байна. 

-Орчин үеийн эцэг эхчүүд бид хичээлээ л сайн хий гэдэг. Үнэндээ харилцаа хандлагыг орхигдуулаад байна уу даа?

-Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүний амжилтын 75-80 орчим хувь нь EQ (EI) буюу сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдсанаас хамаардаг болохыг тогтоосон. Манай эцэг, эхчүүд маань ч энэ талаар ойлголт сайтай болсон нь сайшаалтай. Гэхдээ IQ, EQ  хоёрыг хооронд харьцуулах нь өрөөсгөл. Энэхүү хоёр ойлголт маань нэг зоосны хоёр тал шиг харилцан биеэ нөхцөлдүүлж байдаг юм шүү.

Иймээс л эргэн тойрны хүмүүстэй зөв харилцах, өөрийгөө болон бусдыг ойлгох, мэдрэмжээ илэрхийлэх, бусдын мэдрэмжийг ойлгож мэдрэхийг багаас нь зааж өгөхийг эцэг эхчүүддээ зөвлөдөг. Бид үүнийг хүүхдэдээ зааж өгч, өөрсдөө ч зөв үлгэр дуурайлал болох нь томчууд бидний үүрэг юм.


-Энэ тал нэг жишээ татаж манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Томчууд бид хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, харилцан ойлголцох талаар маш энгийн нэг жишээ авч үзье.

Хүүхдээ цэцэрлэгээс авахдаа “Өнөөдөр миний хүү мундаг байсан уу, хоолоо сайн идсэн үү” гэсэн ерөнхий асуулт асуувал хүүхэд голдуу тийм эсвэл үгүй гэж л хариулна. Үүний оронд хүүхдээсээ “Багш нь өнөөдөр гэрлэн дохионы тухай заасан уу” гэж асуувал “Тийм ээ, гэрлэн дохио улаан, ногоон, шар гэсэн гурван өнгөтэй байдаг. Улаан гэрэл асвал явж болохгүй аюултай” гээд шулганаж гарна. 

Асуултаа тодорхой болгосноор хүүхэд оновчтой хариулж, хүүхэд та хоёрын хооронд харилцааны маш гайхалтай жим үүсэх болно. 

Сургуульд орсон ч бас л энэ аргаараа хүүхэдтэй харилцах нь үр дүнтэй байдаг.

Жишээ нь 6 дугаар ангийн хүүхдээсээ “Өнөөдөр хичээл нь дажгүй байсан уу” гэж ерөнхий асуулт бүү асуу. Оронд нь “Математикийн хичээл дээр нь функцийн тухай үзсэн үү” гэж асуувал та хариуд нь маш тодорхой хариулт авна. Магадгүй энэ мэт сэдвээр багахан хэмжээний хэлэлцүүлэг ч өрнөх байх. Иймэрхүү хэлбэрийн харилцааны тусламжтайгаар аав, ээж хүүхдийн дунд харилцан итгэлцэл үүсдэг. Ингэж асуудаг аав, ээжээрээ хүүхэд бахархдаг, хүндэлдэг, үр дүнд нь танай гэр бүлд халуун дулаан уур амьсгал бий болно шүү дээ.


-Хөл хорионы үеэр хүүхдийнхээ хичээлд  тусалъя ч гэсэн яах арга, учраа мэддэггүй шүү дээ. Хатуу хөл хорио эхэлсэн энэ үед та эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Энэ тал дээр эцэг эхчүүд хэтэрхий хүндрүүлж болоод байдаг гэмтэй. Үнэндээ таны хичээл зүтгэл багахан гарахад л болох зүйл шүү дээ. Жишээ нь Монголын хамгийн шилдэг багш нарын заасан хичээлүүд интернэт орчинд үнэ төлбөргүй байгаа. Бас Юнивишний видео санд ч үнэ төлбөргүй байршдаг. Тэр хичээлүүдийг хөл хорионы хатуу дэглэмтэй энэ өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хамтдаа үзэж, хамтдаа ярилцаарай гэж зөвлөе.  Хүүхэд жаахан тусалж дэмжээд өгвөл ямар хурдан хугацаанд сайжирч үр дүнгээ өгдөг гээч. Би дандаа байгууллагын сургалт, зөвлөгөө өгдөг байснаа болиод сүүлийн таван жилийн хугацаанд хүүхдүүдтэй ажилласан шалтгаан ч энэ. 

Хувь хүний хандлагын 70-80 орчим хувь нь 0-6 насанд нь төлөвшдөг. Нэгэнт тогтсон томчуудын буруу хандлагыг өөрчлөх маш хэцүү. Үр дүнд хүрэхийн тулд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө, стресс шаарддаг. Иймээс л хандлага тогтсоны дараа биш бүрэлдэж эхлэх үед нь зааж, чиглүүлж оролцох нь хавьгүй илүү ач холбогдолтой юм билээ. Тэгэхээр л эцэг эхчүүд бидэнд чухал үүрэг оногдож байгаа биз.


-Эцэг эх болгон хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэг. Гэхдээ яаж, хэрхэн сургах, хүмүүжүүлэх аргаа тэр бүр мэддэггүй шүү дээ. Хамгийн энгийн зүйлээс эхэл гэвэл та юу зөвлөх вэ?

-Хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх энгийн алхам бол “Гэрийн дүрэм”-тэй болох гэж  би хэлнэ. Эхлээд дүрэм гэж юу вэ гэдгийг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан маш сайн тайлбарлаж өгөөрэй. Дүрэм бол хамгийн энгийнээр болно, болохгүйн хэм, хэмжээ. “Гэрийн дүрэм”-ээ гэр бүлийн бүх гишүүд хамтдаа зохиосноор өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох зэргээр харилцааны ур чадвараа хөгжүүлэх талбар юм. 

Шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаарай. Хүүхэдтэйгээ хамт “Гэрийн дүрэм”-ээ зохиосноор хүүхэд дүрэм, журмын тухай анхны ойлголтыг авна. Ингээд зогсохгүй аливаа зүйл хэм хэмжээтэйг мэдэх төдийгүй, энэхүү мэдлэг нь тэднийг бие хүн болж төлөвшихөд нь чухал нөлөөтэй.


-Хэрвээ дүрмээ зөрчвөл шийтгэх ёстой юу?

-Хариуцлагажуулахын тулд тодорхой хэмжээний шийтгэл хэрэгтэй. Шийтгэл гэдэг нь хатуу ширүүн хандах тухай ойлголт огт биш юм шүү. Жишээ нь, “Гэрийн дүрэм”-ээ зөрчвөл, зурагт үзэх 30 минутын эрхийг нь хасах, авч өгөхөөр төлөвлөсөн зүйлсийг нь хойшлуулах гэх мэт хариуцлагажуулах нь чухал.

Томчууд бид хамтарч зохиосон дүрмээ өөрсдөө ч мөрдөх ёстой. Хэрвээ зөрчөөд эхэлбэл хүүхдүүд бас л дуурайна. Энэ нь улаан гэрлээр гарчихаад “Би яарч яваад орчихлоо” гэж тайлбарладаг, ажлаасаа байнга хоцордогоо “Сүртэй юм” гэж ханддаг ирээдүйн хүмүүсийг бэлдэж байна аа л гэсэн үг. Тиймээс аав, ээжүүд бид хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийн тулд өөрсдийгөө цаг ямагт хөгжүүлэх эрэл хайгуул хийж, мэдлэгээ тэлж байгаарай гэж зөвлөдөг.


-Эцэг эхчүүд хүүхдэдээ хичээлээ хий гэж зөвлөж, хэлж яриад нэмэр алга гэдэг. Хэлэх нэмэртэй арга уу эсвэл залхаагаад байна уу?

-Хэрвээ хүүхдээ байнга үглэж яншдаг бол таныг загнаж эхлэнгүүт хүүхдийн “чих хаагдчихдаг”. Чих хаагдана гэдэг нь таныг үглээд эхлэнгүүт хүүхэд таны ярихыг бус, огт өөр зүйлийг бодож, төвлөрөхийг хэлнэ. Та тэнд хэдэн цаг ч үглээд нэмэргүй гэсэн үг.

Хүүхдээ хайрлана гэдэг нь хооллох, хувцаслах, амьдрах орчин нөхцөлийг хангахаар хязгаарлагдахгүй. 

Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ харилцах, тэдний үзэл бодол, хувийн орон зайг хүндэтгэх зэргээр харилцааны хэрэгцээг нь хангах учиртай. Хэрвээ хүүхэдтэйгээ ойр дотно харилцахыг, ирээдүйд амжилтад хүрээсэй гэж хүсдэг бол зөвхөн даалгавраа хий гэж үглэх нь үр дүнтэй арга биш. 

Харин үүний оронд, даалгавар хийх нь яагаад чухал талаар ярилцаарай.


-Хүүхдийнхээ олон асуултад яаж хариулахаа мэдэхгүй тохиолдол эцэг эхчүүдэд тохиолддог. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Хэрэв таны хүүхэд “Яагаад” гэдэг асуултыг байнга асуудаг бол, ойлгохгүй хичээлээ лавладаг бол та хамгийн азтай аав, ээж юм шүү.

Учир нь хүүхэд хамгийн итгэсэн хүнээсээ л мэдэхгүй эсвэл эргэлзэж буй зүйлээ асуудаг. Харин энэ үед нь та асуултанд нь анхаарал хандуулж хариулахыг хичээгээрэй. Магадгүй мэдэхгүй сэдэв байвал “Хоёулаа хамтдаа хайя” гэж хэлээд хайгаад үзээрэй. 

Таны энэхүү хичээл зүтгэлийн хүчээр л ээж, аав хүүхдийн дунд итгэлцэл гэж зүйл гүн бат суудаг.



-Хүүхдээ ерөөсөө ойлгохоо больчихлоо гэж ээж аавууд хоорондоо ярилцдаг.  Энэ үед яах ёстой вэ?

-Хэрвээ хүүхэд зөрүүдэлж, сурлагадаа муудаж, ойлгомжгүй зан авир гаргаад эхэлсэн бол асуудал хүүхдэд биш танд байна гэж ойлгоорой.  

Энэ бол хүүхэд танаас хайр халамж, итгэл, харилцааг хүсэж байгаагийн дохио юм. 

Өөрөөр хэлбэл, та хүүхдийнхээ нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон харилцааны аргыг мэдэх шаардлагатай байна гэсэн үг.  

Жишээ нь хичээлийг нь давтуулах, гэрийн даалгавраа хийх үед нь туслах маягаар хүүхэдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулж болно шүү дээ. Энгийн жишээ авъя л даа. 10 дугаар ангийн хүүхдээсээ “Миний хүүгийн хичээл нь сайн уу” гэвэл хүүхэд “сайн” гээд л та хоёрын харилцан яриа дуусна. Харин үүний оронд хичээлийнх дэвтрийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр үзэж байгаад, эсвэл “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр” гарын авлага, “Багшийн хөгжил”https://teacher.itpd.mn/цахим хуудаснаас хүүхдийнхээ ангид үздэг хичээлийн талаар хайж үзээрэй. Ингээд “Газар зүйн хичээл дээр нь газар хөдлөлтийн тухай үзсэн үү” гээд яриа өрнүүлвэл хүүхдийн нүд сэргээд л ирнэ. Аав, ээж миний хичээлийг мэддэг юм байна гэж бодно, асууна, харилцан ярилцана.

Коронавируст халдвар дэлхий нийтийг цочроож байгаа хэдий ч бидэнд олон давуу тал бий болгосны нэг нь өмнө дурдсан хичээлүүд онлайнд байршсан явдал юм.

Дээрх аргууд тус болохгүй бол тухайн чиглэлээр мэргэшсэн багшид хандаж зөвлөгөө аваарай. 

-Багш нар, эцэг эх нь ч манай хүүхэд угаасаа хичээлдээ муу гээд ойлгочихсон хүүхдүүд байдаг. Энэ асуудал үнэхээр хүүхдэдээ байна уу эсвэл…?

-Хүүхэд сурлагадаа тааруу байгаа бол та хүүхдэдээ хангалттай, чанартай цаг гаргаагүй, анхаараагүй эсвэл багш нь ойлгомжгүй заасных. Эсвэл хүүхэд хичээлийн үеэр анхаарлаа бүрэн төвлөрүүлээгүй, даалгавраа хийж, нэмж судлаагүй зэрэг олон шалтгаантай байж болно. 

Хүний тархи уншиж судлах тусам улам ихээр хөгждөг энэ хорвоогийн хамгийн супер ажиллагаатай компьютер шүү дээ. Гэтэл тааруу сурдаг хүүхдүүд байнгын давтамжтай сурахгүй явсаар тархины мэдрэлийн эсүүд нь унтаа  байдалд орчихдог. Эцэг эхчүүд үүнийг нь анзаарахгүйгээр хүүхдэдээ ЭЕШ-д өндөр оноо ав, танай ангийн хүүхэд онц сурч байна, чи яагаад сурдаггүй юм гэж шахдаг. 

Миний хувьд, сурлагын үзүүлэлт тааруу хүүхдүүдийг сонгон авч, англи хэл, хувь хүний хөгжлийн хичээлийг зааж байсан. Энэ явцдаа сурдаггүй хүүхэд гэж байдаггүй олж харсан.  Тэдгээр “сурлага тааруу” хүүхдүүдийн маань 85 хувь нь 2-5 сарын дараа буюу сурах арга барилаа олсны дараа сурлага нь эрс сайжирсан. Зарим нь хичээлийн хоцрогдлоо нөхөж, сурлагаараа тэргүүлж, амжилт гаргасан байдаг.

Муу сурна гэдэг хүүхдийн буруу биш, суралцах арга барилаа олоогүйгээс хичээлээ хугацаанд нь хийж амжаагүйнх. Үүнээсээ болоод л сурлага тааруу ангилалд орж байна.

Аливааг хийхэд арга их чухал шүү дээ. Хэрхэн, яаж хийх аргаа олохгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам мэдэхгүй, чадахгүй зүйлүүд уул, овоо шиг л нэмэгдээд ирнэ. 

Хүүхэд бүрт сурах, бүр сайн сурах, цойлох боломж бий. Үүнийг би туршлагаасаа олж мэдсэн.

Хүүхдийг хөгжүүлэх гол түлхүүрүүдийн нэг нь тэдний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон аливааг хийх, бүтээх аргыг зааж өгөх юм.


-Ямар арга хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад тустай вэ?

-Зөв дадал зуршилтай болох, хичээлээ хэрхэн бүтээлчээр хийх аргыг нь заах, хичээл хийх орчныг нь бүрдүүлэхээс л эхэлдэг. Ганц багшаас шалтгаалах ажил биш, эцэг эхийн оролцоо маш чухал. Жишээ нь хүүхдэдээ хичээлээ хийх орчныг нь бүрдүүлэх маш чухал. Тусдаа өрөөгүй бол жижигхэн буланг хичээл хийхэд нь зориулаад тохижуулж өгөх ёстой. 

Хамгийн гол нь хичээлээ хийхээр суунгуут дүүгээ ав, аягаа угаа, тийм зүйл аваад ир гэх мэтээр анхаарлыг нь сарниулж болохгүй. Ингэж олон дахин босож сууснаар хүүхдийн анхаарал анхных шигээ төвлөрч чадахаа больчихдог. 

Нэгэнт хүүхэд өөрөө хичээлээсээ хоцрогдсон гэдгээ мэдээд сургалт аваад хичээж байгаа тохиолдолд “Хичээлдээ сайжирч байна уу” гэж олон удаа шалгааж асуух хэрэггүй. Энэ нь сэтгэл зүйд нь дарамт болдог.

Тиймээс би ээж аавуудад хичээлийн хоцрогдолтой хүүхэд сургалт, зөвлөгөөний эхний сард онцгой сайжрахгүй учраас тэвчээртэй байхыг сануулдаг. Ингээд өдөрт 2 цагаар,  долоо хоногт 6 цагаар байнгын давтамжтайгаар хичээлээ заалгаад эхлэхээр хүүхэд аяндаа өөрчлөгдөнө.

30-45 хоногийн дараа суралцах арга барил, харилцаа, хандлага, цагаа зохицуулах арга гээд ер нь аливааг үр ашигтай, бүтээмжтэй хийх аргуудыг сурч эхэлдэг. Хамгийн гол хүүхэд “Би ч гэсэн сайн сурах боломжтой юм байна” гэсэн итгэл найдвар, өөртөө итгэх итгэлээ олж авдаг. 

Итгэлгүй муутайхан харцтай хүүхэд өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, сурах хүсэл эрмэлзэл дүүрээд ирэхийг харахаар улам ихийг зааж өгөх урам зоригийг багш хүн авдаг.


-Бид энэ бүхнийг тооцоолохгүйгээр хүүхдээ хичээлээ хий гэж шахаад байдаг байх нь ээ?

-Томчууд бидний гаргадаг нийтлэг алдаа бол хүүхдээ бусадтай харьцуулдаг. Айлын хүүхэд чадаж байхад гэм зэмлэдэг. Хүн өөрийгөө Дулмаатай, Доржтой харьцуулах нь зохимжгүй харин эсрэгээр өөрийгөө, өөртэйгээ харьцуулах нь чухал шүү дээ. Жишээ нь, би өмнөх сараас, өнгөрсөн жилээс яаж сайжирсан вэ гэдэгт анхаарлаа хандуулах маш чухал. Ингэснээр олон зүйл хэрхэн эерэгээр өөрчлөгдсөнийг олж харах боломжтой. Тиймээс та хүүхдийнхээ, сурлага, хүмүүжил, төлөвшлийн өөрчлөлтийн хэмжихдээ дээрхтэй адилаар хандлагаа өөрчлөөд бодоод үзээрэй.


-Мэргэжил сонголтын хувьд эцэг эхчүүд хэдэн наснаас нь анхаарах ёстой вэ?

-Зарим эцэг эхчүүд гэнэт л хүүхдээ том болсныг мэдсэн юм шиг “Манай хүүхэд ахлах ангид орчихлоо, ямар мэргэжил эзэмшүүлэх вэ, Одоо яах вэ” гээд ороод ирдэг. Гэтэл сонголтыг нэг өдөр хийдэггүй. Хүүхдийн сонирхол, авьяас, чадвар, хувь хүний дахин давтагдашгүй онцлог зэргийг харгалзаж мэргэжил сонголтыг хийх нь чухал. 

Эдгээрээс гадна, “Хувь хүн өөрийгөө тодорхойлох тест”, “Мэргэжил сонголтын тест” гэх мэт төрөл бүрийн сэтгэл зүйн тестүүдийг ашиглаж болно. 

Хүүхдүүдтэй ажиллах үеэр “Энэ мэргэжлийг сонгомоор байна, гэхдээ би энэ хичээлдээ тийм ч сайн биш, яавал дээр вэ?” гэж хамгийн их асуудаг. Эхлээд үнэхээр сэтгэлээсээ хүсч байгаа эсэхийг нь дахин нэг удаа нягталж үзэхийг зөвлөдөг. Хэрвээ тэр мэргэжлийг сонгох туйлын хүсэл эрмэлзэлтэй бол яг одооноос эхлээд хоцорсон хичээлээ нөхөх маш нарийн хуваарь, төлөвлөгөө гаргахыг зөвлөдөг.


-Хүүхдүүдтэй ажиллах үеэр ажигласан, эцэг эхчүүдэд хэлмээр үг байдаг уу?

-Эцэг эхчүүд ажил гэж гүйсээр ажил амьдралынхаа балансаа алдчихсан нь анзаарагддаг. Хүүхдэдээ би чиний л төлөө зүтгэж, нойр хоолоо хасаад явна гэдэг ч цаанаа хүүхдээсээ холдчихсон байдаг. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг юу бодож явааг нь мэддэггүй. Иймээс, хэдий цаг зав багатай ч хүүхэдтэйгээ ойр дотно байж, халуун дотно харилцаа үүсгэж, дотны найз нь байхыг хичээгээрэй гэж хэлмээр санагддаг.

Хүүхдэдээ зориулаад өдөрт чанартай 30-хан минутыг  бүрэн зарцуулж болно шүү дээ. Нас, сэтгэхүйн онцлогт тохирсон яриа өрнүүлж, хамтдаа зураг зурж, тоглоом  тоглож, дуртай хоолыг нь хамт хийж, харилцан ярилцаарай. Хүүхдэдээ анхаарал хандуулах чанартай хугацааны үед зурагт, гар утас болон бусад цахилгаан хэрэгслээс аль болох татгалзаарай.  

Та ямар ажил хийдгээс үл хамааран хүүхдийнхээ хамгийн бахархалт аав ээж нь байх боломжтой. 


-Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эхчүүд өөрсдөдөө оношлогоо хийгээд үзвэл их сонирхолтой үр дүн гарах болов уу. Ингэхийн тулд “Намайг хамгийн ихээр баярлуулдаг зүйлс”, “Намайг хамгийн их бухимдуулдаг зүйлс” гэж бичээд жагсаалт бичээд үзээрэй. 

Дараа нь хамгийн их бухимдуулдаг зүйлс дээрээ төвлөрч, энэхүү асуудлаа цэгцлэх шийдэл буюу аргаа боловсруулаарай. Асуудлаа оношлоод мэдчихвэл, шийдлийг олоход амархан шүү дээ. Бухимдал үүссэн шалтгаанаа таньж мэдээгүйгээс болоод хүмүүс бухимдаж, стресст өртөж, эргэн тойрны хүмүүстээ сөрөг мэдрэмжээ гаргадаг. Иймээс би эцэг эхчүүдийг энэ аргыг зөвлөх дуртай.