Дональд Трамп Хятадад тун сэтгэл ханамжгүй байна

Г.Сайнзаяа
12 сарын 01, 2017

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын цөмийн бөмбөг, баллистик пуужингийн туршилтыг зогсоох үйлд Хятад идэвх муу байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр твиттер хуудастаа “Умард Солонгосоос дөнгөж буцсан Хятадын элч бяцхан “пуужинчин” залууд нөлөөлж чадаагүй бололтой” гэж бичжээ. 

Хятадын коммунист намын олон улсын асуудал эрхэлсэн Сун Тао Солонгосын хойг руу айлчилсныг томоохон урагшлалт гэсэн. Ноён Сун тэнд дөрвөн өдөр өнжсөн ч удирдагч Ким Жон Унтай уулзсан, эсэхэд ажиглагчид эргэлзэж буй. 

Энэ лхагва гарагт Пхеньян шинэ төрлийн, тив хоорондын баллистик пуужин туршсанаа мэдэгдсэн. Тэд Hwasong-15 пуужин Америкийн эх газрын хаана ч хүрэх чадалтайг гайхуулсан билээ.

Умардууд цөмийн зэвсгээ ийнхүү сайжруулсан нь Дональд Трампд таалагдахгүй нь мэдээж. Тиймээс л ийм мэдэгдэл хийсэн гэж судлаачид дүгнэсэн юм. Харин Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хятадыг хангалттай их зүйл хийж байгаа хэмээсэн. Тэрбээр “Хятад Умард Солонгос руу газрын тос нийлүүлдэг. Энэ тэргүүтэй экспортоо зогсоохыг Хятадаас хүсэж байгаа” гэжээ.

Холбоотой сэдвүүд

ану умард солонгос хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.