Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ын ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Гуравдугаар сарын 07-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь "Бадрах Энержи" компанид тусгаарлагдсан нэг хүнээс коронавирус илэрсэн. Улмаар Монгол Улсад шинэ коронавирусийн анхны батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

Тус батлагдсан тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Бид сэжигтэй шинж тэмдэг илэрснээс хойш хавьтлыг тодруулах, тандалт судалгаа хийсэн. Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80, нийт 123 хавьтлыг илрүүлж, тусгаарлан тандалт судалгаа, шинжилгээ хийж байна.

Гуравдугаар сарын 09-нд ХӨСҮТ-д 7 хүнийг тусгаарласан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д 8, Жаргалант сувилалд 10 хүнийг ажиглалтад авсан. 

Өнөөдөр бид таагүй мэдээ дуулгаж байгаа ч монголчууд маань сандрах хэрэггүй. Дэлхийн 100 гаруй оронд тулгарсан тус асуудалтай бид тодорхой арга хэмжээ авч ажиллана. Иргэд сандарч, хүндрэл учруулахгүй байхыг сануулж байна. Зөвхөн сураг сонсоод бидэн рүү сандар залгаж байгаа нь ачаалал үүсгэж байна" хэмээлээ.