Коронавирусийн Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "7 дугаар сарын 30-нд нийт 249 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 8 хүний шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 2 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 291 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 225-ыг нь эмчлэн эдгэрүүлсэн. Одоо ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээнд байна. Тэдний 62-ынх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр, 1 хүн хүнд байна. Тандалт судалгаа, эмчилгээ үргэлжилж байна.

Хамгийн гол нь иргэд амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зай барьж, олон хүн цугларсан газар явахгүй байх хэрэгтэй. Мөн орчноо эрүүл, цэвэр байлгах нь чухал" хэмээлээ.