Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 20-нд нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 254 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлгийн 39 эмч, ажилчдад хийсэн шинжилгээ, тандалтаар 3 хүнд хийсэн шинжилгээ хамрагдсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарлаа.

Монгол Улсад коронавирусийн нийт 287 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 213 нь эмчлэгдэн эдгэрсэн. Одоо 74 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Дэлхийд нийт 14 сая 685 мянган хүн коронавирусийн халдвар авсан. Үүнээс хагас сая гаруй буюу 613 мянган хүн нас барлаа. Бид их хүнд нөхцөлд байна. Энэ их аюулын үед бид эв найрамдалтай байж, бие биенээ дэмжиж, гаргасан хууль дүрэм, шийдвэрийг мөрдөх шаардлагатай. Хүн бүр өөрийгөө хамгаалах нь улс орноо хамгаалж байна гэсэн үг. Өндөржүүлсэн зохион байгуулалтын ачаар өдийг хүртэл буюу бүтэн долоон сар бид дотооддоо коронавирус алдаагүй байна. Үүнийг эвдэх, өөрчлөх нь буруу. Дараа нь дотооддоо халдвар алдчихвал хэцүү. Өндөр хөгжилтэй орнууд самгардаж, эмнэлгийн ачааллаа дийлэхээ болиод буй энэ үед манай улс энэ хэмжээнд ажиллаж буйгаараа бахархаж байна. 

10, 11 дүгээр сард дэлгэрэх томуугийн хувирсан вирустэй коронавирус хавсарвал бидэнд ямар их ачаалал ирэхийг иргэд төсөөлж байх ёстой. Хүн бүр сэрэмжтэй байж, өөрийгөө хамгаалж, бусдыг уриалж, хянах шаардлагатай. Хүний мөн чанар, улс орнуудын зан чанар, чадвар коронавируст шалгуулж байна. Энэ үед бид өндөр зохион байгуулалтын дор нэгдэж ажиллаж чадаж байна. Энэ амжилтаа үргэлжлүүлэх нь бидний хувьд хамгийн чухал байна" гэдгийн онцлон хэллээ.