Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн 11.00 цагт мэдээлэл өглөө.

Тэрээр "Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 75 хүний шинжилгээнд шинэ коронавирус илрээгүй. 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг дэс дараатай шинжилгээнд хамруулж, шинж тэмдгийг нь хянах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сорьц шинжилгээ Улаанбаатар руу ирж байгаа. Хавьтал болох автобусанд хамт байсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан. Дээрх иргэн Дорноговь аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Шинж тэмдэг илэрсэн учраас тухайн газар нь тусгаарлаж, хяналтад оруулсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан, ажиглагдаж байна. Батлагдсан нийт тохиолдол 6, сэжигтэй 7 тохиолдол ажиглалтад байна" хэмээлээ.