Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 6.551.000 хүн өвчилж, 386.000 хүн нас баржээ. 

Тавдугаар сарын 30-нд бид коронавируст халдвараар өвчилсөн хүний тоо 6 сая хүрлээ гэж байсан. Гэтэл тавхан хоногийн хугацаанд өвчлөл 500 мянгаар нэмэгдлээ. Өдөрт 100.000 гаруй хүн өвчилж, 3000-4000 хүн нас барж байна. Энэ нь өвчний тархалт ямар эрчтэй байгааг харуулж буй.

Өнөөдрийн байдлаар нийт 3 сая хүн эдгэрч, уг өвчний улмаас 3 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Өвчлөл, нас баралтыг эдгэрэлтийн тоотой харьцуулахад эдгэрэн гарч буй хүний тоо харьцангуй бага, эмнэлэгт хэвтсэн нэг хүн нэлээд олон хоног эмлүүлэн эдгэрч байна.

Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 8.536 хүн шинээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 24-120 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа Эрхүү хотод шинээр 120 хүн халдвар авсан. Тувад өвчлөл өмнөх өдрөөс 60"аар нэмэгдэж, нийт 1221 хүн өвчилж, 4 хүн нас барсан байна. 

Өчигдөр шинээр 1 хүн ажиглалтад орж, нэг хүн ажиглалтаас гарсан. Одоо 1780 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Архаг хууч өвчтэй 116 хүнд 43 их эмч, 59 ресидэнт эмч тусгаарлах байранд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн төмөр замын 10 эмч орон нутгийн 14 галт тэргэнд ажиллаж, 5000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 300 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар АНУ, Швед, БНСУ-аас 3 хүн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан

Нийтийн тээврийн автобусууд бохир, цэвэрлэгээ муу байна гэсэн шүүмжлэл иргэдээс олон ирлээ. Иймд ЭМЯ-наас энэ талаар Нийслэлийн Засаг даргад албан бичиг явуулж анхааруулна" хэмээлээ.

Манай улсын хувьд коронавирусийн нийт 186 тохиолдол бүртгэгдсэнээс 65 нь эдгэрчээ.