Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт шинээр нэг оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, нийт 201 улс боллоо. Өвчлөл АНУ, Герман, Италид онцгой их тархаж байна. 

Өчигдөр 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд болон мэргэжлийн 500 гаруй хүн оролцсон коронавирусийн талаарх цахим хурал боллоо. Хуралд мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус болон зургаан бүсийн захирал оролцсон. Энэ үеэр Ухань хот, Япон, БНСУ, Сингапур зэрэг орнууд коронавирусийн эсрэг авсан өөрсдийнхөө арга хэмжээ, туршлага, сургамжаа хэлэлцүүлсэн нь ерөнхийдөө манай улсын авч буй арга хэмжээтэй ижил байна.

Нэг онцгой зүйл нь хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд өвчтөн 6-7 долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. 

Хамгийн гол нь өвчнийг эрт илрүүлж, тусгаарлаж, эмчлэх гэсэн зарчмыг улс орон бүр мөрдөж ажиллаж байна. Коронавирусийн эсрэг вакцин 12-16 сарын дараа гарах боломжтой гэдгийг ДЭМБ-аас албан ёсоор мэдэгдсэн" гэдгийг онцлон хэллээ.