МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах шийдвэр гаргасан. Өнөөдөр 15.00 цагаас уг асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн шөнө МАН-ын удирдах зөвлөл хуралдлаа. Энэ хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга С.Батболд, МАН-ын бүлгийн дарга миний бие гурвыг үүрэгт ажлаа хүлээлгэн өг гэсэн.

Би өчигдөр өглөө Ерөнхий сайдад 3 шаардлага тавьсан.

1. ЖДҮ-ийн зээл авсан Засгийн газрын гишүүдээ чөлөөл.

2. ЖДҮ-тэй холбогдсон хүмүүс дотор Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоогоор мөнгөө дамжуулж иргэдийг шулсан гэсэн яриа буй учир үүнийг нягтал. Хэрэв ийм байвал хуулийн байгууллагад шилжүүлж хариуцлага тооц.

3. Намын улс төрийн албан тушаалтнууд дотор ЖДҮ-тэй холбогдсон хүмүүс буй учир эдгээрт улс төрийн хариуцлага тооцож, удирдах зөвлөл, намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх зэрэг албан тушаалуудаас нь чөлөөлөх ёстой гэдгийг шаардсан. 

Намайг огцруулах үндэслэл ярихдаа намын даргыг шүүмжилсэн,  ЖДҮ-ийг хамгаалахгүй байна гэсэн 2 зүйлийг хэлсэн.

Өнөөдөр би МАН-ын бүлгийн дарга байсан ч байгаагүй ч төрд үүсээд буй энэ бусармаг үйлдлүүдийг УИХ-ын гишүүнийхээ хувьд ч, иргэн хүнийхээ хувьд ч шүүмжилсээр байх болно. Эрх нь ч надад байгаа.

Өнөөдөр У.Хүрэлсүх гэдэг хүнийг шүүмжлэх эрхгүй болсон байна. Шүүмжилсний дараа утсаар элдвээр дуудаж, дарамталдаг болсон. Намын даргын нэр хүнд өндөр байгаа учир УИХ дээр намын даргаа шүүмжилж болохгүй гэсэн зарчим үйлчилж байна. Намын дарга У.Хүрэлсүх намайг Бүлгийн даргаас огцрохгүй бол 7 хоногийн дотор тусгай хариуцлага тооцно гэж басйан. Бодвол намаас хөөх л байх.

Би бол нам гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашгийг илүүд үзэж ярина" хэмээн мэдээлэл хийлээ.