Цэдэнбалын Цэрэндолгор
12 сарын 24, 2018
ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай хийж буй цувралаа ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн хөндсөн сэдэв маань зөрчилдөөн. Судлаачийн өнцөгөөс олж харсан үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн түүний ярилцлага маань уншигч та бүхний сонирхлыг татна гэж итгэж байна.
-Ярилцлагаа үндсэн сэдвээсээ эхлэе. Зөрчилдөөн гэж юу вэ?
-Зөрчилдөөн гэдгийг ойлгохгүйгээр хөгжил дэвшил өөд ахиц гаргана гэж байхгүй. Харин ч үүнээс болж систем буюу бүхэл бүтэн нийгэм, байгууллага, гэр бүл нуран унах аюултай. Социализмын тогтолцоо, тийм ийм эзэнт гүрэн нуран уналаа гэж түүхэнд ярьж бичдэг дээ. Шалтгааныг нь судлаад үзвэл цаана нь дотоод зөрчилдөөн л байдаг. Иймд уг зөрчилдөөнийг олж харж, арилгахгүй бол тухайн систем нуран унана. Яагаад гэвэл тухайн систем өөрийнхөө бүхий л нөөц, боломжийг дотоод зөрчилдөөнөө алга болгоход зарцуулдаг гэж системийн онолд заадаг.
Гэхдээ уг зөрчилдөөнииг албадаж буюу хүчээр арилгах гэж оролдвол аюултай. Дээр үед ямар нэг эзэнт гүрний үед ийм аргаар зөрчилдөгч талуудыг албадаж хаандаа эсвэл намдаа үг дуугүй захируулдаг байлаа. Ийм аргын сул тал нь зөрчилдөөнийг нуугдмал байдалд оруулаад зогсохгүй өөр олон зөрчилдөөнийг нэмж бий болгодог. Тэр тусмаа орчин цагт хүн болгон өөрийн гэсэн үнэлэмж, үнэ цэн, итгэл үнэмшилтэй байдаг, түүнийг нь нийгэм хүлээн зөвшөөрдөг учраас зөрчилдөөнийг хатуу гараар шийдэх боломжгүй. Ийм нөхцөлд аливаа зөрчилдөөнийг хүчээр аргаар асуудлыг шийдэх гэж оролдвол өөртөө болон нийгэмдээ маш том асуудлыг бий болгож байна гэсэн үг.
Харин зөрчилдөөнийг үүсгээд байгаа шалтгааныг олж тогтоохоос ажлаа эхлүүлвэл зохимжтой. Шалтгааныг олохын тулд зөрчилдөөн гэж юу вэ, харахад 10 үсэгтэй үгийн цаана ямар утга, хэв шинжүүд байна вэ гэдгийг гэдгийг таньж мэдэхээс өөр замгүй. Ингэж танин мэдэхгүйгээр шалтгааныг нь олохгүй шүү дээ.
Зөрчилдөөн гэдэг үзэгдэл 2-оос дээш хүн оролцож буй аливаа үйл ажиллагаанд илрэн гардаг. Зөрчилдөөн нь зодолдох, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, дайтах зэрэг хэв шинжүүдээр илрэн гардаг. Эдгээр нь бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож буй шинжүүд нь. Гэтэл аливаа хүн зодолдох, хэрэлдэх, маргалдахын өмнө эхлээд тэр хүний оюун санаанд төсөөлөн бодох, дүгнэх зэрэг бидний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй логик үйлдлүүд буюу сэтгэн бодох процесс явагддаг.
Тэр сэтгэлгээний үр дүнд итгэл үнэмшил бий болдог бөгөөд хүн хүнийх ондоо, хоорондоо ялгаатай байдаг. Энэ ялгаатай нь ижил төстэй нөхцөл байдалд орсон хүмүүсийн үзүүлэх хариу үйлдэл буюу бидний хэлдгээр гаргадаг араншин нь янз бүрээр илрэн гарахад хүргэдэг. Ийм ялгавартай хариу үйлдлүүд нь заримдаа хоорондоо мөргөлддөг бөгөөд түүнийг бид зөрчилдөөн гэдэг.
Зөрчилдөөнийг алга болгохын тулд оюун санаанд байгаа итгэл үнэмшлээ адилхан болгох хэрэгтэй
Эсвэл итгэл үнэмшлийг бүрдүүлдэг өгөгдөл, мэдээлэл, туршлага, төсөөллөө илэн далангүй бие биетэйгээ хуваалцаж ойлголтоо нэг болгох шаардлагатай. Ингэж чадаагүйгээс л тухайн санаагаа илэрхийлэх, харилцан ойлголцох гээд харилцаанд оролцож байгаа талууд адилхан үгс хэрэглэдэг, улмаар хүн бүр өөр өөр ойлголттой, итгэл үнэмшлийн ялгаатайгаас болоод л зөрчилдөөн үүсдэг. Уг нь хүн чинь зөрчилдөж биш, бүтээж амьдрах тавилантай амьтан юм шүү дээ.
-Өнөөгийн улс төрд яг ийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ...?
-Үүнийг улс төрчдийн зодоон, намуудын талцал дээрээс зөрчилдөөнийг бэлхэнээ харж болно. Харахаар барахгүй ажиглаж бас суралцаж болохоор байна шүү дээ. Намууд дээр гарч буй зөрчилдөөнийг үүсгэгч үндсэн шалтгаан нь манай улсын хуулиар улс төрийн намуудад үүрэг хүлээлгээгүйд байгаа юм. Манай Үндсэн хуулийн хамгийн сул тал нь энэ байж магадгүй. Судлаачид үгээ хэлнэ биз. Нэгэнт хуулиар үүрэг хүлээлгээгүй учраас аливаа улс төрийн намын үйл ажиллагааны шалгуур нь тодорхойгүй, эсвэл тухайн намын даргын үзэмж нь тэрхүү шалгуурын үүргийг гүйцэтгэдэг болчихсон.
Өөр нэг хувилбар нь намууд дотроо фракци гэдэг юмтай болж, өөр өөрсдийнхөөрөө эрх ашгаараа нэгддэг. Энгийнээр хэлбэл намууд нь нийгмийн болон гишүүдийнхээ эрх ашгийг тусган нэгдмэл болгосон зорилгогүй байна гэсэн үг. Үүний улмаас тухайн даргын эсвэл фракцийн эрх ашгаас ялгавартай хэн нэг гишүүн, фракци гараад ирэхээр төрөө цэвэрлэнэ, намаа цэвэрлэнэ гээд л ярьцгааж эхэлдэг. Уг нь энэ цэвэрлэнэ гэдгийн цаана зөрчилдөөнийг алга болгох тухай санаа агуулагдаж байж таарна. Гэхдээ зөрчилдөөнийг хог цэвэрлэдэг арга барилаар буюу хэн нэгнийг хөөн зайлуулсанаар зөрчилдөөн алга болохгүй.
Цэвэрлэнэ гэдэг арга нь зүйрлэж хэлбэл хүний бие өвдөж халуурч байхад оношийг нь тогтоохгүйгээр халууны эм л өгөхтэй ижилхэн. Уг нь халуурна гэдэг чинь бие организмын дархлаа нь хэвийн ажиллаж байгааг илэрхийлж байгаа дохиолол юм. Харин энэ дархлаагаа албадлагаар, хүчээр дараад байвал дархлаа алдагдаж өвчин ужгирна.
Энэ бүхнээс хийж болох баттай дүгнэлт бол улс төрийн намууд өөрсдөдөө системийн шинжилгээ хийлгэх цаг нь болчихжээ.Тийм шинжилгээ, оношлогоо хийхгүйгээр сөргөлдөөн зөрчилдөөн нь алга болохгүй. Туршлагатай, туршлагагүй, хөгшин, залуу намуудын аль аль нь зөрчилдөөндөө дарахад хамаг тамираа бараад улмаар эрүүл саруул ухаанаар биш мөнгө, эрх мэдлээр л асуудлаа шийдэхэд хүрээд байна шүү дээ.
Улс төрийн нам нь иргэдээсээ илүү үүрэг, рольтойгоор нийгмийн амьдралд оролцож байна. Нийтийг хамарсан олон чухал асуудлууд намын хүрээнд шийдэгдэж байна. Гэтэл энэ нам хэмээх тогтолцоо доголдоод байвал нийгэм тэднийг дагаад л савлаад, уначих аюултай. Тийм учраас улс төрийн намууд дотоод зөрчилдөөн үүсгээд байгаа шалтгаанаа олж тогтоож, нэн даруй дархлаагаа сайжруулах ёстой. Иргэд ч үүнийг улс төрийн намуудаас шахаж шаардах хэрэгтэй.
-Үүнийг засч залруулж чадахгүй бол бид ямар байдалтай нүүр тулах вэ?
-Хүн төрөлхтний туулж ирсэн явж ирсэн гашуун туршлага ч байна. Өнөө цагт энэ дэлхий дээр хоорондоо холбоо, шалтгаангүй үгүй. Бид дэлхий гэдэг ганц гэрт амьдарч байна. Америк, Хятад, Орос болон бусад бүс нутгуудад болж буй өөрчлөлтүүд манай нийгэмд маш том доргио авчирдаг болжээ. Тийм доргилтийг тэсэж давж гарахын тулд өөрсдөө нэг цул систем, нэг баг болмоор байна. Тэгэхгүй хоорондоо зөрчилдөөд нанчилдаад байгаа цагт нийгэм маань байнгын доголдолтой, өвдөлттэй байх болно. Улс төрийн намууд дотоод зөрчилдөөнөө дарах гэж өөрсдийнхөө хамаг нөөц хүчээ бараад зогсохгүй, улмаар татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн эрх ашийг золиослож байгаа дүр төрх харагдаад байна.
Эцэст нь яах юм. Систем нуран унах уу… Нийгэмд замбараагүй байдал үүсэх үү? Ийм л дүр төрх харагдаад байна.
-Зөрчилдөөнийг үүсгэж байгаа шалтгааныг таньж мэдэх арга зам байна уу?
-Аливаа зөрчилдөөнийг үүсгэж байгаа шалтгааныг хэн нэгний мөнгө, эрх мэдлээр тайлбарлах гэж байнга оролддог нь бидний сэтгэлгээнд байгаа ноцтой нийтлэг доголдол мөн.
Мөнгө, эрх мэдлээр зөрчилдөөнийг тайлбарласнаараа бид асуудлаа таньж мэдэх гарцаа хаачихаж байгаа юм. Уг нь дахин нэг алхаад сэтгэлийнхээ гүн рүүгээ өнгийвөл зөрчилдөөнийг үүсгэж байгаа шалтгааныг баттай олж чадна.
Аливаа зөрчилдөөн нь нэг дээвэр дор ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн итгэл үнэмшлийн ялгаа, суурь хэрэгцээгээ байнга хангаж байх янз бүрийн хүсэл эрмэлзлээс үүдэн гарч ирдэг. Зөрчилдөөнийг үүсгэдэг шалтгаануудыг дараахи дөрвөн бүлэгт хувааж болно:
Ашиг сонирхлын ялгаа:
Нэг байгууллага, нэг гэр бүл, нэг нийгмийн нийтлэг харилцаанд оролцож байгаа хүмүүсийн ашиг сонирхол нь өөр өөр байгаагаас зөрчилдөөн үүсдэг. Жишээ нь аль нэг улс төрийн намын гишүүний ашиг сонирхол нь нөгөө гишүүнийхээ ашиг сонирхолоос ялгаатай байна. Нэг гишүүний ашиг сонирхол нь намын гишүүн болж аваад төрийн албан хаагч болоход оршиж байгаа бол өөр нэг гишүүн нь намын гишүүн болж бизнесийнхээ боломжийг тэлэх сонирхолтой байж болно. Гурав дахь гишүүн нь намын гишүүн болж төрийн хүнд сурталаас өөрийнхөө бизнесийг хамгаалах сонирхолтой байж болно. Ийм өөр өөр ашиг сонирхолтой гишүүд эрт орой хэзээ нэгэн цагт заавал зөрчилдөөнд ордог. Би энд хэн нэгнийх нь ашиг сонирхлыг зөв эсвэл буруу гэж дүгнэх гэсэнгүй.
Харин ашиг сонирхлоо нэгдмэл болгосноор нэгдмэл зорилго гэдэг ойлголт үүсдэг бөгөөд энэхүү нэгдмэл зорилго нь аливаа үйлдлийн зөв бурууг, сайн мууг шүүх шалгуурын үүргийг гүйцэтгэдэг тухай системийн онолд өгүүлдэг. Хэрвээ аль нэг улс төрийн намд янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс элсэн ороод байгаа бол нэг бол тэр нам нь өөрийн гэсэн зорилгогүй эсвэл зорилго нь хэт ерөнхий байна гэдэг дүгнэлтийг хийж болно.
Ойлголтын ялгаа:
Ашиг сонирхлоо нэгдмэл болгосноор зөрчилдөөн үүсэхгүй болно гэж үзэж бас болохгүй. Хорвоогийн зовлон жаргалыг хамтдаа туулна гээд амьдралаа холбосон залуу гэр бүлийн гишүүд муудалцах тохиолдолууд бишгүй л гардаг. Их олон тохиолдолд ийм зөрчилдөөн нь гэр бүл болж амьдрахад тухайн гэр бүлийн гишүүдийн хэрэглэдэг суурь ойлголтуудын зөрүүтэй хэв шинжүүдээс үүдэлтэй. Жишээ нь хайрын тухай ойлголтыг дурдая. Хайрыг эхнэр, нөхөр хоёр өөр өөрсдийнхөөрөө ойлгож, тодорхойлж нэгнээ хайрладаг. Гэтэл тэдгээрийн хайрын тухай ойлголт нь тухайн хүний өссөн орчин, боловсрол, хүмүүжил гээд олон зүйлээс шалтгаалан төлөвшдөг тул хоорндоо өөр байхаас ч аргагүй. Үүнээс болоод л “Чи намайг хайрласангүй, би чамайг хайрладаг” гэж маргалдана, үл ойлголцоно. Уг нь тэр хоёр хоорондоо дайсан биш, аз жаргалтай хамтран амьдарна гээд амьдралаа холбосон байж таарна.
Бодит байдал дээр хайр, халамж, ажил төрөл, үүрэг, хариуцлага гээд гэр бүлийн амьдралд хэрэглэгддэг янз бүрийн ойлголтуудыг гэр бүлийн хүрээнд байнга хэрэглэдэг боловч бид оюун санаандаа эдгээр ойлголтуудыг үлэмж ялгаатайгаар төсөөлөн буулгадаг ажээ.
Бид нэг ижил үг хэрэглэж байгаа учраас ойлголтууд маань адилхан байдаг гэж гэнэнээр бодож эндүүрдэг. Энэ эндүүрэл нь зөрчилдөөн үүсгэгч бүх шалтгааны ихэнхийг эзэлдэг. Тийм учраас ойлголтын зөрүүгээ арилгахын тулд хоорондоо маш тодорхой ярилцах ёстой.
Үүнийг шийдэх энгийн арга бол эхнэр нөхөр гэр бүлийн талаарх суурь ойлголтуудаа нэгтгэж ярилцах юм. Гэр бүл болж амьдрахад хэрэгтэй ойлголтуудаас, жишээ нь хайр гэж юу вэ гэдгийг өөр өөрийнхөөрөө бичээд хоорнд нь харьцуулах аргыг хэрэглээд үзээрэй. Энэ аргыг хэрэглэвэл юун дээр маргалддаг гэдгээ амархан ойлгоно. Ингэхгүйгээр хайртай гээд нэг гэрт орчихдог ч ойлголтын зөрүүнээс болоод салах дээрээ тулдаг.
Хэдүүлээ ч бай, нэгэнт л нэгдмэл зорилготой нэг баг болон ажиллаж байгаа үед ойлголтуудаа нэг болгохоос аргагүй. Ингэж нэг болгосон ойлголтоо ч хаа хаанаа ягштал мөрдвөл таны амьдралд гардаг таагүй зөрчилдөөний тоо лавтай буурна. Бас нэг юм нэмж хэлэхэд ойлголтуудыг нэг болгох үйл явц хэзээ ч дуусахгүй гэдгийг мэдэж байх нь чухал. Учир нь ойлголтуудын хэв шинжүүд нь гадаад, дотоод нөхцөл байдлын өөрчлөлтүүдийг дагаад байнга өөрчлөгдөж байдаг юм.
Мэдээллийн ялгаа:
Ингэж тухайн багийн гишүүд ашиг сонирхлын болон ойлголтын зөрүүгээ арилгасан ч зөрчилдөөн гарсаар л байх болно. Шалтгаан нь мэдээллийн ялгавартай байдал. Хүн болгон өөр өөр сувгаар, өөр өөр цаг хугацаанд хүлээн авсан янз бүрийн мэдээлэлтэй байдаг. Нэгдмэл зорилготой нэг багийн гишүүд мэдээллийн солилцооны шуурхай хэрэгсэл, аргатай байхгүй бол эзэмшиж байгаа мэдээллийн ялгаатай байдлаас үүдэн гарах үл итгэлцэл, зөрчилдөөнтэй байнга нүүр тулах болно. Гэр бүл дээр жишээ авахад эхнэр нөхөр хоёрт хэн нэгэн хүн ямар нэгэн зорилгоор мэдээлэл өгч болно. Ингэснээр нэгнийхээ талаар 2 ондоо мэдээлэлтэй болно. Уг нь найз нөхдөөсөө өмнө хосууд нэгэндээ мэдээллээ өгчихсөн ойлголт, мэдээллээ нэг болгочихсон байх ёстой. Ингэж чадвал тэдний дундуур ямар ч хүн яс хаяж, муудалцуулж чадахгүй.
Өрсөлдөгчөө сулруулах, үл итгэлцлийг бий болгох, улмаар хооронд нь зөрчилдүүлэх зорилгоор улс төрд хэрэглэдэг түгээмэл бохир арга бол эзэн биегүй, үнэн худлыг нь шуурхай шалгаж болохгүй мэдээллийг түгээх арга юм.
Бор шувуу нисгэнэ гэж ярьдаг болж үүнийг. Сүүлийн хэдэн жил Монгол улсад өрнөсөн үйл явдлууд үүнийг гэрчилж байна. Харин иргэд маань тийм мэдээлэлд ихээхэн болгоомжтой ханддаг болсон нь тэд урьдын гэнэн ард түмэн байхаа больж хувь хүнийхээ хувьд буурь сууж төлөвшиж байна гэж дүгнэж болох мэт.
Хэмжүүрийн ялгаа:
Зорилго нэгтэй, ойлголтын болон мэдээллийн ялгаагаа арилгаснаар зөрчилдөөн үүсэх шалтгааныг үгүй болгочихлоо гэж дүгнэвэл бас л эртдэнэ. Их мэдээлэлтэй байснаар хүний итгэл үнэмшил төрдөггүй. Уг мэдээлэл нь баримтаар нотлогдож, тоон хэлбэрт шилжиж болдог байж хүний тархи мэдээллийг итгэл үнэмшил болгож хүлээж авдаг. Жишээ нь хэдэн км явсан, хэдэн кг ногоо авсан, хэдэн хүнийг ажлын байраар хангасан гэж ярьдаг. Баримтаар нотлогдож болдог, тоон хэлбэрт шилжүүлж болдог мэдээлэлтэй болсноор тухайн мэдээлэлээр дамжин ирж байгаа юмс, үзэгдлийг хэмжиж болно гэсэн үг. Бид энэ чухал шалгуурыг хэрэглэдэггүй, бүх зүйлээ ерөнхийлдөг зангаараа бие биентэйгээ цэцэрхэж, маргасаар, бие биенээ буруутгахаас өөр зүйл хийж чадахгүй л байна. Аль нэг байгууллага ажилтнуудаа сайн, муу гэдэг ангилалд хувааж байгаа бол хэмжүүр байхгүй, эсвэл хэрэглэдэггүй гэсэн л үг.
Аав, ээжүүд хүүхдүүдийнхээ үйлдлүүдийг тоон хэмжүүрээр биш, зөв буруу гэдэг хэмжүүрээр хэмжиж байгаа бол өөрийнхөө үзэмжийг хүүхдүүдэдээ тулгаж байгаа хэрэг. Аливаа сайн, муу эсвэл зөв буруу нь заавал тоон хэмжүүрээр хэмжигдддэг байж л утга учиртай болдог. Хэмжүүргүй байх нь ихээхэн сөрөг үр дагавартай нь илэрхий. Гэвч буруу хэмжүүр хэрэглэх нь түүнээс дутахгүй уршигтай. Бид нийгмийнхээ хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг мөнгөн хэмжүүрээр хэмжсээр байгаа нь үүний нэг тод жишээ юм. Хүний эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, боловсрол, байгаль орчин гэх мэт нийгмийн нэн чухал хэв шинжүүдийг мөнгөөр хэрхэвч хэмжиж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Энэ хэмжүүрийг бий болгосон барууны орнууд хүртэл энэ хэмжүүрээсээ болж нийгмийн олон хурц асуудал, зөрчилдөөнтэй тулгараад байгаа юм.
Барууны бизнес эрхлэгчид хүртэл компанийнхаа үнэ цэнийг зөвхөн орлого, ашиг гэдэг хэмжүүрээр хэмжих нь компанид болон нийгэмдээ олон асуудлуудыг үүсгэж байна гэдгийг ойлгоод олон туйлт хэмжүүрүүдийг хэрэглэх хандлагатай болсныг энд зориуд дурьдая.
Хууль, эрх зүйн орчин, тогтолцооны доголдол:
Нэгдмэл зорилготой, ижил ойлголттой, ижил мэдээлэлтэй, ижил хэмжүүртэй байснаар гардаг зөрчилдөөний тоо буурахаас бүрмөсөн алга болохгүй. Эдгээр зорилго, ойлголтууд, мэдээлэл, хэмжүүрүүд хоорондоо нягт уялдсан бас эдгээр нь гадаад орчинтойгоо нягт уялдсан байх шаардлагатай. Нийгмийн хүрээнд хууль эрх зүйн орчин бол гадаад орчныг бүрдүүлж буй томоохон хүчин зүйл мөн. Нөгөө талаасаа аливаа хууль, эрх зүйн акт нь мөн л бидний сэтгэлгээний бүтээгдэхүүн гэдгийг бид байнга санаж байх нь зүйтэй.
Бид аливаа зорилготой үйл ажиллагааг заавал эхлээд төлөвлөж, дараа нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Энэ нь бүхэлдээ их олон оролцогчтой, нарийн төвөгтэй процесс. Чухам энэ хэсэг дээр л бид ямар нэг зүйлийг дутуу орхих, тооцох, хоорондын уялдааг хангахгүй байх зэрэг алдаануудыг олонтаа гаргадаг. Ийм алдаанууд нь бидний замбраагүй, эмх цэгцгүй сэтгэлгээний үр дагавар мөн бөгөөд үүнийг нийтэд нь системийн шийдлийн доголдол гэж томъёолж болно. Ийм доголдлууд нь ирээдүйдээ их олон зөрчилдөөнүүдийг бий болгоод байдаг.
-Танай баг Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээ хийж байгаа гэсэн. Судалгааны үр дүн хэзээ гарах бол?
-Тиймээ. Бид Үндсэн хуульд системийн шинжилгээ хийж үзсэн. Хуулийн үзэл баримтлалд хийсэн гэж хэлэх нь илүү оновчтой байх. Судалгааны ажил дуусах шатандаа орсон.Зарим үр дүнгээс нь товчхон сонирхуулъя. Ер нь Үндсэн хууль гэдэг манай нийгмийн суурь хэв шинжийг тодорхойлсон хууль гэж хэлж болно. Бас нийгмийн үзэл баримтлал гэж нэрлэж ч болох байх. Хэвийн системийн загварын хэв шинжүүдтэй Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэв шинжүүдийг харьцуулах замаар судалгааг хийсэн. Одоогоор бид дараах хэдэн дүгнэлтүүдийг хийж болохоор байгаа.
Ямартай ч бид чинь сайн ч бай, муу ч бай нэгдмэл зорилготой юм байна. Энэ зорилгоо Үндсэн хуулиараа тодорхойлж баталгаажуулчихсан юм байна. Үндсэн хуулийн толгой хэсэгт "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна" гээд заачихсан байдаг даа.
Манай нийгэм чинь зорилготойгоос гадна тэрхүү зорилго нь нэг мөр ойлгогдох, хэмжигдэх боломжтой юм билээ. Тэр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм гэж юуг хэлэх вэ гэсэн тайлал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл тэр чигээрээ байгаа юм. 16 дугаар зүйл нь дотроо 18 заалтууд болж задарч, тэдгээр заалт болгоноор иргэний эрхүүдийг нарийвчлан тодорхойлж өгсөн байна лээ. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг ардчилсан нийгэм гэдэг нь иргэд эрхээ бүрэн эдэлж чаддаг нийгэм мөн гэдэг логик дүгнэлтэд хүрсэн. Харин 17 дугаар зүйлээр иргэн бүр бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ гэдгийг заагаад өгчихсөн.
Түүнээс гадна нийгэмд Төрийн гүйцэтгэх үүргийг “Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гээд Үндсэн хуулийн 19.1 дүгээр зүйлээр тодорхойлсон байгаа юм. Ингэхээр тодорхой зорилготой, зорилгодоо хүрэхийн төлөө хүн болгон эрхтэй, бүхэлд нь авч үзвэл, манай нийгэм чинь иргэнийхээ эрхийг баталгаатай эдлүүлэх зорилготой, тэрхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд иргэн болон Төр нь үүрэг хүлээдэг тогтолцооны хэв шинжийг бүрэн агуулж байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа.
Харин нэн их эрсдэл үүсгэж байгаа бөгөөд өнөөдрийн улс төрийн амьдралд болж буй үйл явдлаар нотлогдсон нэг дутмаг шийдэл бол Үндсэн хуульд улс төрийн намуудын үүргийг тогтоож өгөөгүйд байгаа юм.
Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол нэн тэргүүнд улс төрийн намуудыг үүрэгтэй болгох өөрчлөлтийг хийгээсэй. Ингээд Үндсэн хуулийнхаа өнөөгийн үзэл баримтлалд яс захирагдаад явбал манай нийгэм дотоодын суурь зөрчилдөөн багатайгаар хөгжиж чадах боломжтой юм байна лээ. Удахгүй бид энэ судалгааны дүнг олон нийтээр хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Үзэл баримтлал нь системийн хэв шинжийг хангаад байгаа юм бол өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа зөрчилдөөнүүд хаанаас, юунаас болж гараад байна вэ?
-Сайн Үндсэн хуультай байх нь нийгэм дэх дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хангалттай биш. Дээрхи судалгааны үр дүнд олж тогтоосон бидний сэтгэлгээнд оршиж байгаа нэг гажиг бол Үндсэн хууль болон бусад салбар хуулиудын логик уялдааг алдагдуулсан явдал юм.
Өнөөгийн практикаар бид салбар хуулиуд нь Үндсэн хуульд нийцэж байхад хангалттай гэж үздэг. Гэтэл системийн онолын логикоор бол салбар хууль нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг буюу үзэл баримтлалын тодорхой хэв шинжийг бүрдүүлж хэрэгжүүлэх нарийвчилсан журам байх естой юм билээ. Ийм гажигтай сэтгэлгээний улмаас Үндсэн хуулиар тодорхойлсон нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд олон саад , бэрхшээлүүд үүсч улмаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байгаа юм байна.
Үүний нэг тод жишээ бол засаглалын салаа мөчрүүдийн хооронд үүсээд буй зөрчилдөөнүүд юм. Засаглалын эдгээр салаа мөчрүүдийн нэгдмэл зорилго нь Үндсэн хуулийн 19.1 дүгээр заалт болох ёстой байтал Засгийн газрын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Их хурлын тухайн салбар хуулиудад өөрөөр тодорхойлжээ.
Нийгмийн тогтолцоогоо илүү төгөлдөр, зорилгоо хэрэгжүүлж чаддаг болгох нэг үр дүнтэй арга бол нийгэмд үүсээд буй зөрчил, зөрчилдөөн болгоныг юу үүсгээд байна вэ гэдгийг маш цэгцтэйгээр нямбай оношилж, шинжлэх арга юм. Ингэж зөрчилдөөнийг үүсгээд байгаа суурь шалтгааныг алдаа мадаггүй тогтоож, улмаар түүнийг арилгаад явбал зөрчилдөөн бүрийг хөгжил дэвшил рүү ахих баттай гишгүүр болгож болно. Энэ өнцөгөөс нь харвал зөрчилдөөн гэдэг нийгмийн хөгжлийн зайлшгүй нэг давуу тал юм. Үүнд л бид суралцах хэрэгтэй.
Нэгэнт суурь шалтгааныг алдаа мадаггүй мэдэж байгаа бол түүнийг засаж залруулах аргыг алдаагүй олж чадна. Олон хүн оролцож байж том зорилго бүтдэг. Тэгэхээр тэр олон хүнийг нэг зорилго руу цэгцтэй сэтгэлгээгээр хандуулах шийдэл хэрэгтэй. Тийм аргыг бид СИСТЕМИЙН ШИЙДЭЛ гэж нэрлэсэн.
-Зөрчилдөөн үүсгэхэд бидний уламжлалт нүүдэлчдийн сэтгэлгээ яаж нөлөөлдөг вэ?
-Их нөлөөлдөг гэж боддог. Жишээ нь хөдөө 10 км хол зайтай амьдардаг Баяр, Дондог хоёр зөрчилдөөд байх нь ховор. Яагаад гэвэл бэлчээрээ булаалдахгүй л бол өдөр тутмын амьдралдаа тэд нэгнээсээ хамаарах нь бага, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явчихдаг. Гэтэл хотод амьдарч байгаа Баяр, Дондог хоёр дээрхээс тэс өөр амьдралын хэв маягтай. Нэг орцонд эсвэл нэг албан газар ажиллаж амьдардаг байж ч мэднэ. Үүнээс үүдээд хэн хэндээ дэм ч, бас дараа ч болох нь элбэг. Тэгэхээр хөдөөнөөс хот руу нүүж шилжиж байгаа иргэд хотын амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй болдог байх. Тэр дасан зохицох процесс нь ихээхэн төвөгтэй зөрчилдөөнүүд дунд л явагддаг болов уу.
-Түүхээ эргэж харвал бид дотоодын зөрчилдөөн, сөргөлдөөний сөрөг үр дагаврыг хангалттай амссан ард түмэн санагддаг. Ингэж сөрөг үр дагавартай учрах нь жам ёсны үзэгдэл үү?
-Д.Бадарч багшийн бичсэн “Системийн сэтгэлгээ” гэдэг номд “Системийн хямрал бол тухайн системийн хөгжлийн зайлшгүй дамжих үе” гэж бичсэн байдаг. Тухайн систем дотоодын зөрчилдөөнөө дарахын тулд хамаг нөөцөө дайчилдаг. Заримдаа албадлагаар дотоод зөрчилдөөнөө дарах гэж оролддог тухай дээр өгүүлсэн. Ийм нөхцөл байдлыг хямрал гээд байгаа юм. Ийм хямралд орсон систем хэсэг хугацааны дараа л аргагүйн эрхэнд дэг журамд орж эхэлдэг юм байна л даа. Гол нь системийг бүрдүүлж байгаа хүн бүрд дэг журам хэрэгтэй байдагт хамаг учир оршиж байна. Харин хямралынхаа пянг даахгүй, систем нь нуран унасан түүх манай түүхэнд бий. Ийм үедээ гадны нөлөөнд амархан автагдаж, дотроо хуваагдаж, бусдад дагаар орсон түүхийг хэн хэнгүй л мэднэ.
Хямралыг даван туулах процесс нь хэдий хэцүү төвөгтэй боловч их урт үргэлжилсэн байх албагүй. Ялангуяа шинжлэх ухаан хөгжсөн энэ эрин зуунд. Системийн сэтгэлгээ, системийн загвар ашиглаж чадвал тэр олон жил туулах үйл явцыг илүү хурдтайгаар цэгцрүүлж болмоор юм шиг санагддаг.
-Монголд хатуу гар хэрэгтэй гэж ярьдаг болж. Энэ зөрчилдөөнийг шийдэх арга мөн үү?
-“Монголд хатуу гар хэрэгтэй байна” гэж ярьдаг хүмүүс бий. Эзэн хаан эсвэл коммунизмын үеийнх шиг удирдагч хэрэгтэй гэж үү? Бусдын бодох сэтгэхийг хүртэл цагдан хүчээр албадах замаар нийгмийнхээ дотоод зөрчилдөөнийг шийдэж болно гэж үү?
Өөрсдийнхөө болон бусад улсуудын түүхээс харвал тийм нийгэмд хүмүүс нь гөлийчихдөг. Асуудал байвч ил гарч ирдэггүй, дотроо улам бүр эдээ бээр болон бугладаг. Харин ч ил зөрчилдөөнтэй, түүнийгээ гаргаж ярьдаг байна гэдэг Монголын нийгэм эрүүл, дархлаатай гэдгийн илрэл юм. Бид заримдаа дэг журам болон хатуу гар хоерыг хольж хутгаад байдаг талтай. Дэг журам бол бид бүгдээрээ үүрэг хүлээж нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэх арга мөн. Харин хатуу гар гэдэг бол хэн нэгний эрх ашгийг нийтэд тулган хүлээлгэх арга зам юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.