Тогтвортой хөгжил, түншлэлийн "Амгалан дэлхий" ТББ  peak.mn сайт хамтран архины хэрэглээ ба эмгэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх "Асуудалд гарц бий" сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Наркологийн эмнэлгийн дарга, клиникийн профессор Д.Ганбат, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Д.Чулуунболор, Наркологийн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, чиглүүлэгч, донтолт судлаач эмч Т.Түвшинжаргал нар оролцсон юм.


“Ажлын шаардлагаар л архи хэрэглэж байна”, “Баасан гарагт хааяа гарч ганц хоёр шил пиво уухад яахав дээ”, “Яах ч аргагүй ангийн уулзалт, ажлын ой тул уучихлаа”, “Архийг нь голоод байна уу, айлыг нь голоод байна уу”, “Ганц хундага уулаа гээд яав л гэж”, “Спиртны дутагдалд оров оо”.. Энэ бол архины хэрэглээг хэтрүүлэгчдийн өөрийгөө өмгөөлдөг, өрөөл бусдад хэлдэг үгүйсгэл үгс.

Нөгөө талд гэр бүлийн хүмүүс нь ч архинд дуртай нэгнийгээ нуудаг хандлага нь архины хамааралтай болох шалтгааны нэг болж байгааг Клиникийн профессор, сэтгэцийн ахлах зэргийн их эмч, Наркологийн эмнэлэгийн захирал Д.Ганбат ярьж байна.

Бичлэг үзэх:

Гэхдээ ах дүү хамаатан садан нь чихдэж авчраад л архинаас гарчихдаг ч юм биш. Нэгэнт архинд орсноо хүлээн зөвшөөрөөд гэр бүлтэйгээ ярилцаад эмчилгээнд хамрагдвал энэ өвчин эдгэх магадлалтай гэнэ. Гэр бүлийн хамт эмчилгээнд хамрагдана гэсэн үг. Хамгийн үр дүнтэй арга нь архины хэрэглээ нь хэтэрсэн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч мэргэжлийн байгууллагад хандах гэнэ.

Өвчин гээд байгаагийн учир нь үүнийг ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёоор бүртгэсэн байдаг.

Иймээс аль болох эрт хандах тусмаа эмчилгээний үр дүн сайн гардаг нь батлагдсан. Харамсалтай нь залуусын ихэнх нь архинд толгойгоо мэдүүлж, ажил амьдрал, эрүүл мэндээ алдаж, асуудалд орсон хойноо л Наркологийн эмнэлэгт ханддаг байна.

Олон улсад архи, согтууруулах ундаанд донтохыг сэтгэцийн өвчинд хамааруулж үздэг. Архийг байнга хэрэглэсээр байвал эрүүл мэндэд төдийгүй оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлдэг аж. Үүнийг архины шалтгаант тэнэгрэл хэмээн оношилдог. 


Гашуун ундааг хэтрүүлэн хэрэглэж, донтож байгаагаа мэдэх тун амархан. Та доор шинж тэмдгүүдийг анзаараарай

Ямар нэгэн тэмдэглэлт өдөр болгоныг бага их хэмжээгээр заавал тэмдэглэж согтууруулах ундаа хэрэглэдэг, 

Хундагатай архи барингуутаа хурдан хөнтөрчихдөг, бусдын хэлж байгаа үгсийг хүлээж чаддаггүй,

Архи, согтууруулах ундаа уух шалтагтай уулзалтын давтамж нэмэгдсээр байгаа бол,

Баасан гараг бүр согтууруулах ундаа хэрэглэдэг бол архины хамааралд ойртсоны шинж.


Гудамжинд гараагүй л болохоос, архинаас хамааралтай болчихсон хүмүүс зөндөө

Архины хамааралтай болчихсон гэдгээ өөрөө мэддэггүй хүн зөндөө гэдгийг тус эмнэлгийнхэн ярьж байна. Эргэн тойрныхон уугаад байна гэж хэлэхээр өөрийгөө архичин биш, гудамжинд гарчихсан Батаа, Дорж шиг биш гэж өмөөрдөг нь эндүүрэл. Үнэн хэрэгтээ гудамжинд гараагүй л болохоос, архинаас сэтгэц болон биеийн хувьд хамааралтай болж, хүндэрсэн хойноо тусламж авахаар ирдэг нь олон. Тиймээс архины төрлийн ундаанаас татгалздаггүй бол аль болох л эрт, хугацаа алдахгүйгээр бидэнд хандах нь чухал гэв.

Айл гэр болгонд эсвэл ах дүүсийн нэг нь заавал архины хамааралтай байгаа нь нууц биш. Ажиглавал энэ хүмүүсийн ихэнх нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй, сэтгэл хөдлөлөө нуудаг хүмүүс байдаг. Монголчууд бидний эрэгтэй хүүхдэд багаас нь уйлж болохгүй гэж хэлдэг, эр хүний олон таван үггүй нь сайхан гэж  сургадаг хандлага эрчүүдийг ийм хаалттай болгох шалтгаан болдог. Хүүхэд хичээлээсээ тараад ирэхэд нь юу сурч мэдэх гэхийн хажуугаар ангид нь юу болсныг асууж, яриаг нь анхааралтай чагнаж, ярилцдаг байх хэрэгтэй гэлээ.



Та өнөөдөр юу мэдэрсэн бэ?

Нэгэнт багаасаа асуудлаа дэлгэж, нээлттэй ярилцаж сураагүй эрчүүд стресс, уур бухимдлаасаа салахын тулд  гашуун ундаатай нөхөрлөдөг байна.

Сэтгэл засалч эмч, клиникийн профессор Ч.Ганцэцэг энэ талаар “Өөрийнхөө мэдрэмжийг ойлгож мэдэх нь чухал. Өөрийгөө анзаар, уйтгар гунигтай, эсвэл уурлаад байна уу, ямар нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгээ ажиглаж мэдэх хэрэгтэй. Анзаараад байхад асуудлаа бүрэн ярилцдаг гэр бүлд өссөн хүмүүст харилцаанаас үүдэлтэй асуудал тэр бүр үүсдэггүй. Харин сэтгэл хөдлөлөө илэрхийлж сураагүй хүмүүс архинд амархан донтож, яваандаа хэтрүүлэн хэрэглэгч болдог. Өнөөдөр элгэний хавдар туссан хүмүүсийн 32 хувь нь архины гаралтай байгааг мэргэжилтнүүд нь хэлчихлээ. Энэ бол зөвхөн эрүүл мэндэд учруулж байгаа аюул. Үүний цаана сэтгэл зүйн асар их асуудал үүсдэг. Архи гэдэг зүйл монгол эр хүний эрт насбаралтын шалтгаан болж байна.” гэдгийг онцлон хэллээ.

Иймээс talking therapy гэж арга дэлхий дахинд тренд болоод байгаа аж.

Анх ярилцахаас зугтаж байсан бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцсаны дараа ярилцах дуртай болж, асуудлаа уудалж эхэлдэг гэнэ.


Баасан гарагийг гэр бүлийн өдөр болгож тэмдэглэе

Баасан гараг бол ажлын сүүлийн өдөр. Тэр өдрийг дарвиж цэнгэж өнгөрөөвөл маргаашийг ядрангуй хэвтэж өнгөрүүлж таарна. Ядарсан хүн юуных нь хүүхэдтэйгээ тоглох, гэр бүлийн хүнтэй ярилцах вэ дээ. Энэ бол зүгээр л нэг өдөр цэнгэж өнгөрүүлэх тухай яриа биш хүний амьдралын чанарын тухай асуудал. 

Уг нь баасан гарагт хамгийн хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж, ирэх долоо хоногийнхоо эрч хүчийг авах чухал.

Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж, сард нэг удаа аль нэг баасан гарагийг архигүй, “ГЭР БҮЛИЙН ӨДӨР” болгож, энэ өдөр спорт заал, фитнесс, урлаг соёлын газрууд, радио, телевиз, нийгмийн сүлжээнүүд  тодорхой хэмжээгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлвэл иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, гэр бүлийн аз жаргал, амар тайван байдал хангагдана.Энэ арга хэмжээнд нэгдэх бүх хүнд бид нээлттэй гэж Наркологийн эмнэлэгийн дарга Д.Ганбат хэлж байна.



Наркологийн эмнэлэгт хэрхэн хандах вэ?

Тус эмнэлэг одоогоор 50 ортой ч, ачааллаасаа хэтэрсэн үйлчлүүлэгчтэй. Хэрвээ хэвтэж эмчлүүлэх бол 18001883 дугаарт холбогдон зөвлөгөө авч, хэвтэх очер дугаараа бичүүлдэг. Зуны улиралд хамгийн хүн багатай нь учраас өдийд хандахыг зөвлөж байна. 1800-1893 дугаараар дамжуулан мэдээлэл зөвлөгөөг өгнө. Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Гурван төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

  1. 24 цагаар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлэх боломжийг бүрдүүлдэг.

  2. Шаарлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн уулзалтуудыг хийж тухайн хүнтэй ярилцлага хийдэг.

  3. Архаг байдлаар архи болон тамхи хэрэглэдэг бол үнэ төлбөргүй хэвтэн эмчлүүлдэг.


Эмчилгээний 21 хоног нь ваакуумжсэн орчинд явагддаг. Энэ хугацаанд архины хамааралтай болсон хүнийг эмчлэхэд сэтгэл зүйч, дотрын эмч, донтох эмгэг судлаач, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс ажилладаг байна. Бие төдийгүй сэтгэцийн хувьд эрүүлжүүлэхийн тулд зан үйл, хандлага өөрчлөх сургалтуудаас гадна бясалгал, иогийн сургалт ч ордог аж.