Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 13.214.000 хүн өвчилж, 574.000 хүн энджээ. Нийт 7.600.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 4.900.000 хүн эмнэлэгт эмчлэгдэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 180.000 гаруй хүн коронавирусээр өвчилж, 3.000 гаруй хүн нас барсан байна. Мөн 24 цагийн дотор АНУ-д 60.000, Бразилид 20.000, Энэтхэгт 28.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.537 хүн шинээр өвчилж, 104 хүн нас барсан байна. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 109 хүн орж, 24 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо нийт 2794 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны хүүхэд 163, жирэмсэн эмэгтэй 104, архаг хууч өвчтэй 307 хүн байна. Тэдэнд 43 их эмч, 72 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

Дэлхийн улс орнуудад коронавирусийн өвчлөл асар хурдтай нэмэгдэж буйтай холбоотойгоор ДЭМБ-ын өчигдрийн хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус "Коронавирусийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн улс орнуудыг 4 ангилж байна. 

Нэгдүгээрт, өндөр сонор сэрэмжтэй байж чадсан орнууд- Эдгээр нь өвчлөлийн эхний тохиолдлууд бүртгэгдэнгүүт хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Үүнийхээ үр дүнд хүмүүсээ сэргийлж чадсан. Үүнд Номхон далайн бүсийн орнууд орж байна.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн гол арга хэмжээг баримталж, хү амын хүчтэй манлайллыг хослуулан ард нийттэй хамтран цар тахлыг хяналтдаа авч буй орнууд. Үүнд Европын зарим орон орж байна. 

Гуравдугаарт, Дэгдэлтийн эхний оргил үеийг амжилттай давсан боловч хязгаарлалтаа хэт эрт сулруулснаар өвчлөлийн шинэ давалгаа гарч, өвчлөл эрс нэмэгдэж буй улс орнууд. Үүнд гол төлөв Европын орнууд орж байна. Тус орнуудад эмнэлгүүд ачаалаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. 

Дөрөдүгээрт, өвчлөлийн дэгдэлт эрчтэй тархаж буй орнууд. Үүнд АНУ, Өмнөд Африкийн хэд хэдэн орон хамрагдаж байна. Дэлхийд хоногт бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50 гаруй хувь нь эдгээр улсад бүртгэгдээд байна. Энэ нь иргэд нь амны хаалт зүүгээгүй, хоорондын зай бариагүй, ханиалгах зөв дадал эзэмшээгүй, өвчтэй байхдаа гэртээ байх зэрэг арга хэмжээг дагаж мөрдөөгүйгээс болж, хяналт алдагдаж байна.

Хэрвээ бид энгийн, төлбөр шаардахгүй энэ арга хэмжээг хэрэгжүүлж чадахгүй бол байдал улам дордож, хуучин амьдралынхаа хэв маягт ойрын үед орж чадахгүйд хүрнэ" гэдгийг анхааруулжээ.