Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр энэ сарын 30-нд Улаанбаатар хот болон халдвар бүртгэгдсэн 6 аймагт нийт 12.116 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 7 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр аймагт тус тус нэг тохиолдол бүртгэгджээ. Эдгээр нь бүгд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. 

Улмаар улсын хэмжээнд дотооддоо бүртгэгдсэн халдвар 358, нийт бүртгэгдсэн тохиолдол 801 боллоо.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавируст халдварын өвчлөл нэмэгдэж, тархалтын эрч огт саарахгүй байна. Сүүлийн 24 цагт шинээр 790 мянга гаруй хүн халдвар авсан. Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдөр хамгийн олон хүн өвчилсөн өдөр боллоо.

Европоос гадна сүүлийн өдрүүдэд Азийн орнуудад тус вирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн олон эрдэмтэн, судлаач Азийн оронд коронавирусийн халдварын гурав дахь давалгаа эхэлж байж магадгүй гэсэн судалгааны дүнгүүдээ хэвлүүлж, ярьж байна" хэмээлээ.